О.Баасанхүү: Шударга зарчим хаана байна вэ

Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

LiveО.Баасанхүү: Шударга зарчим хаана байна вэ

16 : 35
2020-1-10

УИХ-ын чуулганы хуралдаанаар,Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд холбогдох байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор,

  • Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

  • Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,

  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

  • Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

  • Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,

  • Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

  • Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

  • Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар,

  • Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар болсон байна. 

Эдгээр нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га  болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзэлнэ гэж төсөлд дурджээ.

Үүгээр Баасан гаригийн чуулганы хуралдааныг хаалаа.

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгана гэж байлаа.

Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх аж. 

14 : 58
2020-1-10

О.Баасанхүү: Шударга зарчим хаана байна вэ?

Л.Болд Батзандан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар  байнгын хороодын хамтарсан санал дүгнэлтийг чуулганы индэр дээрээс танилцуулах үеэр  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар индэрт гарч намынхаа шаардлагыг танилцуулав.

Тодруулбал, ШИНЭ намаас яг одоо төв талбайд зохион байгуулж буй ахмадын жагсаалаас байгалийн баялгийн үр ашгийг ахмадуудад тэгш хуваах шаардлага гаргажээ. Уг шаардлагаа чуулганы дэгийн тухай хуулийг зөрчин тэд чуулганы индэр дээрээс танилцууллаа.

Харин үүний дараа санал хураалт явуулж, тус төслийг баталлаа. 

Энэ үеэр зарим гишүүн асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Зургаан сараар тэтгэврийн зээл авч болно гэж байна. Энэ хүмүүс зээл аваад тэглүүлэх боломж байна уу. Нэг сая төгрөг бэлнээр өгнө гэж байна. Хэзээ өгөх вэ. Нэг сая төгрөгөө ямар үндэслэлээр гаргасан юм бэ. Гадаа жагсч байгаа ахмад 2.5 саяыг авъя гээд жагсч байна. Энэ хууль тэгш байх зарчмыг хангасан уу. 100 мянган төгрөг тэглүүлчхээд сая төгрөг авч чадахгүй байна гэдэг гомдолтой байна шүү дээ. Зээлээ төлсөөр байгаад оны эцэст төлж  төлж 200, 300 мянга үлдсэн хүмүүс яах вэ. Шударга зарчим хаана байна вэ. Бүх хүн 6 сая төгрөгийн тэтгэврийн зээл тэглүүлэхгүй. Зарим нь 500, 2 саяыг тэглүүлэх нь.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 Тэтгэврийн зээл тэглэх хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай  хуулийн төслийг ажлын хэсгээс санаачлан оруулж ирж байгаа. Үнэт цаасны хүүгийн зардлыг бууруулах зорилгоор үнэт цаасыг банк эзэмших хугацаанд нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгөөс хөнгөлөлттэй, хүүтэй хадгаламж байршуулж болно гэсэн заалт орж ирж байна. Энэ нь бонд босгох, худалдаалах асуудал нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой болгоод оруулаад ирлээ. НДС-ийн нөхцөл байдал, хуулийн шинэчлэлтэй холбоотой нэлээд хүндрэлүүд үүсэх болов уу гэж үзэж  байна. НДС-гийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг бид хүлээж аваад орлогыг 174 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасан. Энэ хэрэгжихэд мөн хүндрэл үүсэх нь. Хоёрдугаарт  НД-ын төсвийн тухай хуульд 300 тэрбум төгрөгөөр Монголбанкны үнэт цаас худалдаж авах хууль гарсан. Энэ хууль мөн хэрэгжих нөхцөл боломжгүй болно. Арилжааны банкуудад нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 13-аас доошгүй хувиар байршуулж 74  тэрбум  төгрөгийн орлого олох даалгавар УИХ-аас өгсөн. Энэ мөн биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэх нь. Тиймээс УИХ-аас гарсан өмнөх хууль тогтоомжууд хэрэгжихгүй нөхцөл байдал үүсч байгаа учраас хэлэх нь зөв гэж бодож байна. Ахмадын тэтгэврийг төлөх бондыг хүү багатайгаар байршуулна гэвэл 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл манайд дээд тал нь 300 тэрбум төгрөгийн хөрөнгө байршуулах боломжтой. 300 тэрбум төгрөг байршууллаа ч гэсэн өмнө нь УИХ-аас гаргасан орлого олох, хүүгийн 74 тэрбум  төгрөг олох зэрэг шийдвэрүүд хэрэгжихгүй болох нөхцөл байдал үүснэ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс тэглэх хууль анх орж ирэхдээ тэтгэврийн зээлтэй байгаа 230 мянган иргэнийг хамруулах хуулийн төсөл байсан. Харин хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүд болон зөвлөлүүдээс гаргасан саналын дагуу нийт ахмадаа орхигдуулж болохгүй гэж үзээд 194 мянган ахмадаа орхихгүй асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. 194 мянган ахмад боломжтойдоо зээл аваагүй үлдсэн юм биш. Үр хүүхдэдээ өр үлдээхгүй гэж өөрөө өөрсдийнхөө амьдралыг болгож бүтээж яваа зарчимтай ёс суртахуунтай хөдөлмөрч ахмадын маань буян. Монголын 30 жилийн түүхэнд улс орныхоо хөгжийг бий болгосон, бүтээсэн, өнөөдрийн нийгмийг бий болгосон  хөдөлмөрч ахмадынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, дүгнэсэн ийм шийдвэрийг 30 жил ганц удаа ч хийгээгүй өнөөдөр шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн гаргаж байна. Үүнд улс төрийн ямар ч талцал, хуваагдал байх шаардлагагүй. Асуудлыг ярьж зөвшилцөж шийдвэрлэсэн. Бүх нам, бие даагчдын саналыг ч мөн тусгасан. Олонхиороо, ардчиллын зарчмаар шийдсэн хууль шүү. Бүх ахмадаа хамруулж байгаа. Нас барсан иргэдийн өрийг бүрэн дуусгах болсон. 194 мянган ахмадад чихрийн цаас тараах гэж байна гэж ярьж болохгүй. Төрийн залгамж халаа цаашдаа ч үргэлжилнэ. Ахмадаа хүндэтгэх улстөрчид орж ирнэ гэдэгт итгэж байна.

Дараа нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

14 : 09
2020-1-10

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг сэргээн шалгах хуулийн нөхцөл бүрдлээ

Чуулган (1)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хуулийн төслийн талаарх  Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулснаар тус хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталснаар  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм байна. Үүнтэй холбогдуулж 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын … /хууль батлагдсан өдөр/ өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан 

Ажлын хэсэг нэгдүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийжээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн томьёолсон байна. 

Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Гэмт хэрэгт холбогдсон хүнийг  хурдан эсвэл удаан шалгаж шийдэхийн аль нь чухал юм бэ. Хугацааг сунгах ямар хэрэгтэй юм бэ. Жастын Батхүүгийн хэрэг гээд бүтэн 10 жил шалгалаа. Өнөөдрийг хүртэл яагаад шийдэж чадахгүй байгаа юм бэ. Хоёр байшингийн хооронд яваад л байна гэдэг. 2016 онд гарч ирэнгүүтээ баахан хулгай гарлаа. Хөгжлийн банк, Монголбанк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд зөндөө юм ярьсан. Гэтэл дахиад л болохоо байлаа, хугацаа нь дууслаа гэдэг. Хэргийг шалгах дөрвөн жил хангалттай юм биш үү. Жирийн иргэн гэмт хэрэг хийсэн бол тэр даруй шоронд орох эсвэл гэмт хэрэг хийгээгүй бол дөрвөн жил бусдаар жишлүүлмээргүй байна.

Яг үүн шиг С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг нарын гэмт хэрэг хийсэн эсэхийг нь шүүхээс тогтоогоогүй атлаа авлигын загалмайлсан хүмүүс гээд янз бүрийн нэр, хоч өгөөд хэвлэлүүдээр яриад байх юм. Тэднийг ард түмэн тархи, цусандаа хулгайч гээд ойлгочихсон. Гэтэл хуулийн байгууллага нь шийдэж чаддаггүй, хэлэхээр хугацаа нь дууслаа гэдэг. Зарчмын бус асуудлууд байна. Гэмт хэрэг хийсэн эсэхийг нь шалгах хугацаа 10 эсвэл 8 жил байх  хангалттай юм биш үү. Хүн алсан алуурчныг гурван сарын дотор ирүүлээд л шоронд хийчихдэг. Авлигын хэргүүдийг шалгахад бүх зүйл нь  тодорхой байхад яагаад хуулийн байгууллага ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Юу та нарт саад болоод байна вэ.

УЕП-ын орлогч М.Чинбат:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор мөрдөн байцаалтын хугацааг хэрхэн, яаж тоолох уу гэдэг зохицуулалтад өөрчлөлт орж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор Эрүүгийн хуульд журамлаж өгсөн.  Үүнтэй адил мөрдөн байцаалтын хугацаанд тухайн хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан бол мөрдөн байцаалтын хугацааг хэрхэн яаж тоолох уу гэдэгт хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа.Журмын тухай хуульд манай байгууллага санал бичгээр өгөөгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн ийм хууль баталсан гээд үүнтэй холбоотой дуулиан их гарсан. Үүнд бодит тайлбар авмаар байна. Энэ хугацаанд улсад хохиролтой хэдий хэмжээний авлигын хэрэг хэрэгсэхгүй болов. Энэ талаар  хийсэн судалгаа байна уу. Хөөн хэлэлцэх хугацааг урдаас ярьж төлөвлөж оруулсан гэж би хувьдаа ойлгодог. Ийм ойлголттой хүмүүс ч олон бий.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар:

Эрүүгийн хуульд 2017 оны долдугаар сарын 1нд орсон өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосон зохицуулалт ороогүй. Бүх хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байгаа. Тухайлбал хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг огт тоолдоггүй эрүүгийн зарчим манайд үйлчилдэг байсныг дээрх хуулиар зарим хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалд өөрчлөлт орсон. Миний ахалж ажилласан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 тай холбоотой зохицуулалтыг зарчмын зөрүүтэй санал болгож оруулж ирж өөрчлөөгүй. Хэрэв та шаардлагатай гэж үзвэл Тамгын газраас лавлагаа авч болно. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гурван зүйлээс бүрдэнэ. Нэгдүгээрт, шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах, мөн прокурорын шатанд 2017 оны долдугаар сарын 01-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээж шалгах, гуравдугаарт өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэцлэх хугацааг зогсоох таслал тавиад Эрүүгийн хуулийн 1.9д заасан зарчим Эрүүгийн хуулийн 1.10 т орсон өөрчлөлттэй уялдахгүй.

12 : 11
2020-1-10

УИХ: Малын хулгайчдад оногдуулах ялыг чангатгана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Болорчулуун нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

Уг төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Малын хулгайч нарт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, 240-250 цагаар нийтэд тустай ажил эрхлэх гэдгийг өөрчлөх. Захиргааны хариуцлага ногдуулахын оронд Эрүүгийн хариуцлага оноох ёстой гэж үзэж байна. Малын хулгайтай тэмцэхэд Ялын бодлогыг чангатгахаас гадна малчдын нөхөрлөл бий болгох, мэдээллийн баазыг өргөтгөх зэргээр ажиллах шаардлага байна гэлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

Малын хулгайчдад оноох ял гурван янз. Авто машин ашиглаагүй, улсын хилээр нэвтрүүлээгүй, гойд ашиг шимтэй мал хулгайлаагүй бол зургаан сараас 5 жилээр хоригдоно. Хоёр бод хулгайлвал олон тооны мал хулгайлсанд тооцно. Найман бог хулгайлвал 2-8 жилийн хорих ял сонсоно. Машин механизм ашиглаж хулгай хийсэн бол хүндэрнэ. Гойд ашиг шимтэй нэг мал хулгайлвал 2-8 жилээр хоригдоно. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бүлэглэсэн бол 5-12 жилээр хоригдоно. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

2019 онд 1900 малын хулгайн гэмт хэрэг гарсан. Үүнээс 379 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. 2800 орчим хүн малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон. 2800 хүнээс 592 хүн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. Бусад 373 хүн нь тэнсэн харгалзах ял, торгуулах, нийтэд тустай хөдөлмөр эрхэлж байна.

Мөн 219 хүн шоронд хоригдож байна. Малын хулгайг бүлэглэж олуулаа хийдэг. Нэгэндээ ацагладаг. Хууль хяналтын байгууллагад баригдахаар нэгэндээ тохдог. Бүлэглэж хулгай хийхээр ял хүндэрдэг учраас ийм зохицуулалт хийж ял завшиж, 2500 -гаад хулгайч бидний дунд үлддэг. Дахиад дараагийн хулгайгаа хийдэг.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

Нэгэндээ ял үүрүүлдэг, бусад нь ял завшдаг тухай гомдол ирсэн. УИХ хууль батлах, батлан гаргасан хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх, хуулийн байгууллага нь хэрэглэх үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсных байх гэдэг зарчим туссан. Энэ хүрээнд хуулийн байгууллага ажиллах ёстой. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Хуульд заасан бүх арга хэмжээг авах ёстой.

Өнгөрсөн жилүүдэд бид хууль хяналтын байгууллагын удирдлагыг солих, шүүхэд шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлье гэдэг бодолтой явж байна.

Гэмт хэргийн бодит үнэнийг тогтоох тал дээр хуулийн байгууллагаа шахаж ажиллах. Биендээ ял үүрүүлж, ял завшиж байгаа гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Монгол улсын хэмжээнд малын хулгайн айдас болсон. Малчдын хэдэн жил маллаж өсгөж байгаа малыг ганц шөнийн дотор малын хулгайч нар буудаад аваад явж байна. Ингэж малчдын хөдөлмөрийг байхгүй болгож байна. Орон нутагт амьдарч байгаа малчин айлын амьдралын эх үүсвэр мал байдаг. Малын хулгайн бузар булай үйлдэл олон жил явж байгаа. Үүнийг шийдэж, ялыг чангатгах цаг нь болсон. Иймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Та бүхэн малын хулгайтай тэмцэх тасгийн нөхцөл байдалтай танилц. Сүүлийн үед малын хулгайчид төрийн цагдаатай нийлж хулгай хийдэг болчихлоо гэсэн хардлага бий болж байна. Малын хулгайчид баригдсан хирнээ сарын гараа суллагдаад явж байдаг. Мөн малын хулгайн нарийн сүлжээ бий болчихсон байна. Нийтдээ 1800 малын хулгай гарсан гэж байна. Үүний цаана илрээгүй хэдэн мянга байгаа бол. Хулгайн хэргийг хэсгийн төлөөлөгчид очоод бүртгүүлээд тэр нь замхраад байхгүй болж байна. Ийм байдалтай байгаа учраас малын хулгайг таслан зогсоох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Ажлын хэсэг ерөнхий прокурорын н. Чинбат: Мал хулгайлах эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэг дээр тодорхой заасан байгаа. Бусдын малыг бүлэглэн хулгайлсан бол ялыг хүндрүүлэх тогтоож зүйлчилж өгсөн.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

Хөдөө аж, ахуйн салбар Монгол Улсыг олон жил тэжээж байгаа манай улсын суурь гол салбарын нэг. Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэргийн асуудал муу үзүүлэлтүүдийг харуулж байна. 2018 оныг 2019 онтой харьцуулбал мал хулгайлах гэмт хэргийн тоо 71.6 хувиар өссөн таагүй мэдээ байна. Тийм учраас Х.Болорчулуун нарын гишүүд бид энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр малын хулгайн ялын санкцийг нь нэмэгдүүлж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Миний бие энэ хуулийн төслийг хамтран өргөн барьсан гишүүдийн нэг.  Малын хулгай байх ёстой юм шиг ойлголт бий болчихсон тул онцгойлон анхаарах шаардлага байна. 8 бод, 21 бог хулгайлбал Эрүүгийн хэрэг үүсдэг, үүнээс наана тооны мал хулгай хийвэл  асуугдаж байгаад алга болчихдог ийм хавтгайрсан байдал бий боллоо. Мал аж ахуй бол манай улсын уламжлалт аж ахуй.  Малын хулгайг байхгүй болгох  тийм хууль зүйн орчныг бий болгох ёстой. Малчдын гол амьжиргаа нь мал аж ахуй. Асуудалд энэ талаас нь хандмаар байгаа юм. Малыг бүлэглэн хулгайлж байгаа нь асуудлын гол юм. Бүлэг хулгай хэрээс хэтэрч байгаа. Хүний өмчид халдаж байгаа учраас ялын бодлогыг  чангалах асуудалд онцгой анхаарах  шаардлага нэгэнт тулгарсан. Бүлэг хулгайд ялын ямар  бодлого орж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч. Мал хулгайлж болохгүй гэдэг тэр  ойлголтыг хэвшүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Санал нэг байна. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн ялын бодлогыг чангатгах төдийхнөөр тэмцэл явагдахгүй. Урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ шаардлагатай. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  малын бүлэг хулгайн ялыг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр оруулсан. Хоёр болон түүнээс дээш хүн бусдын малыг хулгайлсан тохиолдолд нэг бог эсвэл, таван бог хулгайлснаас үл хамааран 2-8 жил хүртэлх хорих ял оногдуулна. Мөн машин механизм ашиглах гэдэг томьёоллыг шинээр оруулсан. Бод малыг мориор дүүрч явах ойлголт байхгүй. Мөн тууж яваад борлуулна гэсэн ойлголт ч байхгүй. Техник хэрэгсэл хэрэглэсэн гэдэг агуулгаар мөн л 2-8 жилийн хорих ялтай. Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг таван нөхцөлтэйгөөр тодотгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж