Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн амлалт нийгмээ хоёр хуваачихлаа. Залуу хөгшин, зээлтэй зээлгүйгээр нь талцуулж, гомдсон нэг нь талбай дээр жагсахдаа тулж байна. Зээлтэй ахмадуудаа мөн л их, бага зээлтэй гэж хуваасан эв нэгдлийн тэргүүний үгийг эрх баригчид хэрэг хийгээд баригдсан дуулгавартай хүүхэд шиг биелүүлж сууна. Өөрөөр хэлбэл, Монголын парламент Ерөнхийлөгчийн барьцаанд орчихсон гэлтэй, сонгуулийн санал, шоронгоос өөр юу ч бодохоо байсан МАН-ынхан эдийн засгаа түймэрдэж сууна. УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН
- Иргэдээ ядуурлаас аварч
- Эдийн засгаа хямралаас гаргаж
- Эх орноо өрнөөс салгаж
- Төрийн дампуурлыг засч
- Тэгш журамт, баян хүчирхэг МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА гэж амалж гарч ирсэн.
Гэтэл МАН-ын өнөөдрийн амлалт, халамжийн бодлого нь эх орноо оронд оруулж, эдийн засгаа хямрааж мэдэхээр байгаа билээ.
Тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй тэтгэврийнхэнд ваучер тараах МАН-ын сонгуулийн бэлэгт ахмадууд нь хүртэл талгүй байгаа юм. 421 мянган ахмадад 773 тэрбум төгрөгийг жигд тараах ёстой гэсэн саналыг ахмадууд гаргаад байгаа. Тэд Монголын төрөөс, МАН-аас тэгш, шударга зарчим нэхэж байгаа нь буруутгах аргагүй үндэслэл. Тэтгэврийн зээлийн 95 хувь нь ХААН, Төрийн банкнаас олгосон. Тиймээс тэтгэврийн зээлийн тэглэх Ерөнхийлөгчийн санаачлагын ард ХААН, Төрийн хуйвалдаж авах луйвар нуугдаж байгаа гэж ахмадууд хардаж буй.
Баруун солгойгүй мөнгө цацаж, байгалийн баялгийн тэгш бус, ахмадуудаа алагчлан тарааж байгаа МАН-ын амлалт өөрсдийнх нь унах нүх болж магадгүйг намын гишүүд нь ч сануулсаар. 2008 онд баруун, солгойгүй мөнгө тарааж гарч ирсэн С.Баяр өнөөдөр 11 жилийн өмнөх алдаандаа буруу хүлээж сууна. Тэрбээр нүүр номын хуудсаараа дамжуулан "Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН нэг сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 онд энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги ?" хэмээн жиргэжээ.
Сонгуулийн туршлага, сонгуулийн үр дагавараас харахад мөнгө тараасан нь буруутдаг нь гэм биш зан. Тэгэхээр мөнгө тараасан У.Хүрэлсүх буруудаж, мөнгө тараалгасан Х.Баттулга хожих, Ерөнхийлөгчийн давхар, давхар мэхэнд МАН уналаа. Нэг сая төгрөгийн ваучер тараалаа гэхэд 200 орчим мянган ахмад баярлахгүй. Нэг сая хүртэлх зээлээ тэглүүлсэн хөгшид зургаан сая хүртэлх зээлээ тэглүүлсэнтэйгээ барьцана. Аль ч талаас нь харсан 64-үүлээ байж МАН-ынхан Ерөнхийлөгчийн мэхэнд унаж байгааг хохь нь гэхээс яалтай. Хавханд нь өөрсдөө гүйгээд орсон ЖДҮ-чид, жаран тэрбумынхнаар могой бариулаад шоронд явуулахаа хонгилын түлхүүр атгаж суугаа эрх мэдэлтэн мэдэж байгаа нь лав.
Б.БАТ
Холбоотой мэдээ