Украины олон улсын агаарын тээврийн 176 зорчигчтой Боинг 737 онгоц Тегеранаас хөөрөөд удалгүй осолдсон хэрэг нэгдүгээр сарын 8-нд гарсан билээ.
Тэгвэл уг Боинг 737 онгоцыг иранчууд Орост үйлдвэрлэсэн агаарын дайралтыг эсэргүүцэх хоёр СА-15 пуужингаар онож, сөнөөсөн хэмээн АНУ-ын тагнуулын алба үзэж байна. Учир нь тэд Ираны радар Боинг 737 онгоцыг онилж байсан талаар болон бусад мэдээллийг осол болсны өглөө хүлээн авч, нэг өдрийн турш боловсруулан дээрх дүгнэлтэд хүрчээ. Мөн онгоцны ослын бодит байж болзошгүй бичлэг CNN агентлагт иржээ.
Боинг 737 онгоц осолдсон даруй уг ослыг олон улс анхааралдаа авахад Ираны хэвлэлүүд ослын шалтгаан нь техникийн саатал хэмээн мэдээлж байсан ч Украины агаарын тээврийн компанийн дэд ерөнхийлөгч Игор Сосновски эсэргүүцэн "Тегераны нисэх буудлыг би мэднэ. Бид тэр буудлаас Боинг 737 онгоц олон жилийн турш хөөргөж байна. Манай нисгэгчид ч аюул тулгарвал мэдээлэхээ мэднэ. Бидэнд байгаа мэдээллээр бол онгоц 2400 метрийн өндөрт гарсан байсан. Мөн манай нисэх багийнхны туршлагаас харахад яаж ч байсан техникийн саатал байсан гэдэгт итгэмгүй байна" хэмээн ярьжээ.
Онгоцны хар хайрцгийг олсон ч Ираны иргэний агаарын тээврийн Аль Абедзадех хэргийг шинжлэх аль ч шатанд АНУ-ыг оролцуулахгүй хэмээн "Бид онгоцны хар хайрцгийг Боингын үйлдвэрт ч, АНУ-д ч өгөхгүй" хэмээн мэдээлжээ. Ийнхүү АНУ болон Боинг үйлдвэрийн оролцоогүйгээр ослыг шинжлэх ажлыг Иран ахлан, Украин оролцохоор болов.
Осолд Ираны 82, Канадын 63, Украины 12, (9 нь нисэх багийнхан), 10 Шведийн 10, Афганистаны 4, Их Британийн 4, Германы 3 иргэн нас барж, нэг ч хүн амьд гарсангүй. Онгоцны ахмад нь Володимир Гапоненко гэх эрхэм байсан бөгөөд Боинг 737 онгоцыг 11 мянга 600 цаг аюул осолгүй нисгэсэн туршлагатай, туслах нисгэгчээр ажиллаж байсан Олекси Наумкин нь 12 мянган цагийн туршлагатай нисгэгч байжээ. Маргааш өглөө нь буюу нэгдүгээр сарын 9-нд украинчууд нийтээр эмгэнэж, Ерөнхийлөгч Володимир Зеленський Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай ярилцан, ослыг шинжлэх ажилд оролцуулахаар 45 мэргэжилтнээ илгээжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар онгоц агаарт байхдаа шатаж эхэлсэн бөгөөд сүйрэхээсээ өмнө нисэх буудал руу эргэж байсан гэнэ.
Украины мэргэжилтнүүд Иранд очин хэргийг шинжлэх ажилд ханцуй шамлан орж, нэгдүгээр сарын 9-нд Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах консулын дарга Олекси Данилов онгоцны сүйрлийн тухай хэд хэдэн таамаглал байгаа тухай мэдэгджээ. Түүний хэлснээр онгоцны ослын шалтгаан нарийн тогтоогдоогүй байгаа ч гурван таамаг илүү боломжтой байгаа аж.
Нэгдүгээрт, онгоц Ираны агаарын дайралтаас хамгаалах пуужинд оногдсон, хоёрдугаарт, онгоц дрон гэх мэт нисдэг төхөөрөмжтэй мөргөлдсөн, гуравдугаарт, энэ бүхэн алан хядах ажиллагаа байсан.
Удалгүй онгоцны ослыг шинжлэх ажиллагаанд Канад болон Шведийн эрх баригчид оролцож эхлэв. Хар хайрцагт юу тохиолдсон тухай шинэ мэдээлэл гарахгүй хэвээр л байгаа ажээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр Иран хар хайрцгийг өөрсдөө унших гэж оролдохын оронд илүү туршлагатай Англи, АНУ, Франц, Австрали зэрэг улсад явуулсан нь дээр аж. Иранд хар хайрцаг унших чадалтай технологи байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй бөгөөд хэрэв үгүй бол туршлагагүй иранчууд хар хайрцаг дахь мэдээллийг унших аргагүйгээр устгах ч аюултай гэнэ.
Украин энэ бүхнийг зүгээр хараад суусангүй. Ерөнхийлөгч Володимир Зеленський Афганистаны Ерөнхийлөгч Муххамед Ашраф Ганитай утсаар ярьж, эмгэнэл илэрхийлэн, хэргийн тухай мэдээлэл бүрийг цаг алдалгүй хүргэхээ амлаж, Английн Ерөнхий сайд Борис Жонсонтой ярин, ослоор амь үрэгдсэн иргэдэд нь эмгэнэл илэрхийлэн, онгоцны ослыг шинжлэх ажилд оролцохыг хүсчээ. Борис ч санал нийлэн мэргэжилтнүүдийн баг явуулахаар болжээ.
Энэ хооронд АНУ онгоцны осолд иранчуудыг улам бүр сэжиглэсээр байв. АНУ болон Ирак хэд хэдэн эх сурвалжийнхаа мэдээлснээр болон тагнуулын радар болон электрон мэдээллийнхээ дүгнэлтээр иранчууд өөрсөд рүү нь АНУ дайрч байна хэмээн андуурсандаа Украины онгоцыг буудаж унагасан гэдэгт илүү бат итгэлтэй болжээ.
Ерөнхийлөгч Трамп онгоцны осол техникийн саатлаас болоогүй гэдгийг онцлоод "Ираны талын хэн нэгэн алдаа гаргасан гэж би сэжиглэж байгаа. Гэхдээ энэ бүхэн батлагдаагүй болохоор би тэднийг шууд буруутгамааргүй байна. Алдаа гаргасан бол тэд л алдаа гаргасан. Бидэнд хамаагүй зүйл. Зарим хүмүүс үүнийг техникийн саатал гэж байгаа ч би хувьдаа итгэхгүй байна. Тийм л юм бол тэд хар хайрцгаа Боинг ч юмуу эсвэл ядаж Францад ч юм уу өгч болох л байсан. Тэд ямар нэг гутамшигтай үнэнээ нуух гэж л оролдож байна" хэмээжээ.
Харин Ираны зүгээс Трампын байр суурийг няцааж Аль Абедзадех "Хэрвээ онгоц пуужинд оногдсон бол шууд л доошоо унана. Онгоц хөөрч өндөрөө аваад таван минут болж байсан. Нисгэгч онгоцоо буцааж эргүүлэхийг оролдсон ч чадаагүй. Хэрвээ онгоц пуужинд оногдсон юм бол нисгэгч нь яаж онгоцоо эргүүлэхийг оролдох юм бэ?" хэмээн CNN агентлагт мэдээлжээ.
Мөн тэрбээр удалгүй "Иранд онгоцны хар хайрцаг унших чадал байгаа. Үүнийг бүгд л мэднэ. Гэхдээ Боинг 737 онгоцны хар хайрцаг хэтэрхий их гэмтсэн байгаа учир бидэнд гадныхны тусламж хэрэгтэй болж байна. Украины мэргэжилтнүүд маргаашнаас хар хайрцагны мэдээллийг задлах ажил эхлүүлнэ. Хэрвээ тэд хангалттай мэдээлэл олж чадахгүй бол бидэнд Франц, эсвэл Канадын мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй болно. Хар хайрцагнаас олдсон мэдээлэл юу ч байлаа гэсэн бид дэлхийтэй хуваалцна" хэмээн мэдэгджээ. Мөн Украин ч олон улсын түншүүдээсээ тусламж гуйсаар байна.
Харин Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тагнуулын мэдээлэл дээрээ үндэслэн Боинг 737 онгоцыг Ираны пуужин сөнөөсөн хэмээн үзэж буйгаа зарлажээ.
Мөн өнөөдөр /2020.01.10/ АНУ-ын тагнуулын алба Боинг 737 онгоцыг иранчууд Орост үйлдвэрлэсэн агаарын дайралтыг эсэргүүцэх хоёр СА-15 пуужингаар онож сөнөөсөн хэмээн үзэж буйгаа зарлажээ. Учир нь тэд Ираны радар Боинг 737 онгоцыг онилж байсан талаар болон бусад мэдээллийг осол болсны өглөө хүлээн авч, нэг өдрийн турш боловсруулан дээрх дүгнэлтэд хүрчээ.
Холбоотой мэдээ