АНУ Ираны дайсагнал газрын тосны үнийг хөөрөгдөж, 2020 оны нэгдүгээр сарын 8-нд баррель нь 70 ам.долларт хүрсэн билээ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийсний дараахан газрын тосны үнэ бага зэрэг доошилж, өнөөдөр баррель нь 65 ам.доллар руу буулаа. Харин цаашид газрын тосны үнийн өсөлтөд геополитикийн нөхцөл байдлаас гадна суурь шалтгаанууд нөлөөлнө гэдгийг шинжээчид тэмдэглэж байна. Учир нь дэлхий дахинд газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ саарч байгаа аж. Мөн үнийн өсөлт нь ОПЕК + хэлцлийг сунгах, АНУ дахь занарын компаниудын үйлдвэрлэл буурах, Хятад, Энэтхэгт хэрэглээ нэмэгдэх зэрэг нөлөөлж болзошгүй байна.
Хэрвээ Иран АНУ-ын үйлдэлд хариу арга хэмжээ болгон Саудын арабын газрын тосны объектод халдах эсвэл газрын тосны дэлхийн нийлүүлэлтийн 20 хувийн тээвэрлэдэг Ормузын хоолойг хаахыг оролдвол газрын тосны үнэ цаашид ч өснө гэж Financial Times мэдээлж байна.
Goldman Sachs-ийн шинжээчдийн үзэж буйгаар, газрын тосны үнийн эрсдэл хэт өндөр байгаа бөгөөд өнөөгийн үнийн түвшнийг хадгалахын тулд нийлүүлэлтийн хувьд тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Гэхдээ Иран ямар ч хариу барьсан, тэд газрын тосны объект руу халдах нь тодорхой гэж мэдээлэв.
Дэлхий дахинд өрнөж буй энэ үйл явдал Оросын зах зээл дээр тийм ч айхтар нөлөөлөөгүй байна. Тухайлбал, Ираны генерал Сулеймани алагдах үед дэлхийн зах зээл дээр болж буй шокийн эрсдэлээс үл хамаарч Оросын хувьцааны зах зээл өсөв. Үүнд Оросын газрын тос, байгалийн хийн компаниудын хувьцаа эрэлттэй байсан нь голлон нөлөөлжээ. Гэхдээ нөхцөл байдал намжихтай зэрэгцэн, Оросын хөрөнгийн зах зээлийн индекс унасан байна.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хэлбэлзэхэд тэр дундаа Орос газрын тосны импортын татварууддаа зохицуулалт хийн өсгөхөд Монголд энэ нь шууд нөлөөлдөг гэж хэлж болно. Учир нь Монгол Улсын газрын тосны хэрэглээний 90 гаруй хувь ОХУ-аас шууд хамааралтай байгаа юм.
Эрсдэл болохоос сэргийлж, Засгийн газар лхагва гаригт /2020.01.08/ шатахууны эрсдэлийн сан байгуулах шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь зөвхөн АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахад чиглэх юм. Өөрөөр хэлбэл, уул уурхай, хөдөө аж ахуй, тээврийн салбарт хамгийн их ашиглагддаг дизель түлшний үнийг тогтвортой барихад дээрх эрсдэлийн сангийн зохицуулалт орж ирэхгүй байхаар зохицуулсан нь эргээд Монголд хүндрэл бий болгож болзошгүй байна.
Тодруулбал, дизелийн түлшний импорт уурхайнуудын үйл ажиллагаатай уялдан тогтворгүй, хэлбэлзэлтэй байгаа боловч урт хугацаанд өсөх хандлагатай байна.
Монгол Улсад дунджаар нэг автотээврийн хэрэгсэл нэмэгдэхэд шатахууны хэрэглээ 1.8 тонн буюу өдөрт зургаан литр шатахууны хэрэглээ нэмэгдэхээр тооцоо гарчээ. Манай улсын хувьд автобензиний хэрэглээний дийлэнхийг жижиг тэрэг, нийт тээврийн хэрэгсэл эзэлдгээс хувийн хэрэглээ зонхилдог. Харин дизелийн түлшний хэрэглээний дийлэнхийг ачаа тээвэр, уул уурхайн машин механизм зэрэг хүчин чадал ихтэй техник хэрэгслүүд эзэлж байна. Дизелийн түлшний хэрэглээнд нөлөөлж буй голлох хүчин зүйлст бөөний борлуулалт буюу уул уурхай, төмөр замын салбар, жижиглэнгийн борлуулалт буюу автозамын тээвэр, хувийн хэрэглээ багтдаг. Бөөний борлуулалт нь дизель түлшийн борлуулалтын 50 гаруй хувийг эзэлж байна. Засгийн газар жижиглэнгээр хамгийн их авч хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг тогтвортой барихад зориулж дээрх зохицуулалт хийлээ ч тээврийн зардал өссөн нөхцөлд бусад бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг эсрэг талтай тул зөвхөн ДТ-ний үнийн нэмэгдлээр Аи-92-ын алдагдлыг нөхөх зохицуулалт хийх урьдчилсан бэлтгэл хангав уу л гэж харагдаж байгаа юм.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ
Импортолсон газрын тосны бүтээгдэхүүн
Холбоотой мэдээ