Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ОХУ-ын зөвшөөрлийг Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран олгож эхлээд байна. Өмнө нь энэхүү цэнхэр тасалбарыг Авто тээврийн үндэсний төв, Авто тээвэрчдийн холбооноос олгодог байсан бол 15 мянган төгрөгийн үнэтэй зөвшөөрлийн үнэ 700 мянган төгрөг болтлоо хөөрөгдөөд байжээ. Тиймээс салбарын яам дээрх зохицуулалтыг хийж, энэ сараас эхлэн өөрсдөө тасалбараа худалдахаар болсон байна. ОХУ-ын ЭСЯ-наас онцолсноор тус улсын бүртгэлийн мэдээллийн дагуу Монгол, ОХУ-ын иргэд 30 хоногийн турш харилцан визгүй зорчдог болсноос хойших нэг жилийн хугацаанд Монголын 170 мянга гаруй иргэн ОХУ руу зорчиж, энэ чиглэлийн урсгал нэмэгдээд байгаа ажээ. Салбарын нийт статистик үзүүлэлтийг харвал энэ оны эхний гурван улирлын дүнгээр авто тээврийн салбарын зорчигч тээвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар, тээсэн ачааны хэмжээ 27.2 хувиар буурсан ч салбарын ашиг 17.5 хувийн өсөлттэй гарсан байна. Энэ оны эхний 9 сард 205.8 мянган хүнийг 13.6 сая тонн ачааны хамтаар тээвэрлэж, авто тээврийн орлого 359.9 тэрбум төгрөг болжээ. Харин агаарын тээврийн салбар энэ оны эхнээс 194.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж нэг хувиар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд 486.7 мянган хүнийг агаараар тээвэрлэсний 69.7 хувийг олон улсад тээвэрлэжээ. Гэхдээ агаарын тээврийн компаниудын хувьд их хэмжээний өртэй болсныг ИНЕГ-аас мэдээлсэн. Тухайлбал “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга Б.Бадрал “Авиа компаниудаас нийт 13.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаа" талаар тус газарт танилцуулсан байна. Тиймээс Зам, тээврийн яамны зүгээс үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах талаар анхааруулжээ.
Д.ЖАГАР