Хуучирсан мэдээ: 2020.01.10-нд нийтлэгдсэн

МАН ялагдлаа

УИХ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө атганд оржээ. Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийг ард иргэдэд тэгш, шударгаар хуваарилна гэж заасан байдаг ч УИХ 410 мянган ахмадаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварлан гадуурхав.

Зээлтэй нь ядуу, зээлгүй нь баян гэж хэн гэдэг мэргэн төлөгч нь айлдсан юм, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс “Тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмад настанд 2021 оны тавдугаар сарын 1-нд 1 саяын ваучер олгох” шийдэл гаргасан нь нийгмийг хоёр хэсэгт хуваагаад байсан халуурлыг улам ч дэвэргэж ард түмэн Сүхбаатарын талбайд гараад жагсахад бэлэн, сэтгэл зүйг бэлтгээд өглөө.

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх зарчим алдагдахын аюултай тал энэ.

Уг нь УИХ-д Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан алдаатай шийдвэрийг засах боломж бүрэн байсан. Гэвч хүссэнгүй. Ахмадуудын асуудлыг шийдэх бус зөвхөн Төрийн банк, Хаан банкийг хувьчилж авах улс төрийн тоглоомондоо дийлджээ гэж хардаж болохуйц шийдэл гаргалаа.

Яагаад гэвэл УИХ-аар Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан нар "Ахмадуудаа алагчилж болохгүй, 780 тэрбум төгрөгийг 410 мянган ахмад настандаа тэгш хуваарилах бүрэн боломж байна. Нэг ахмад настанд 2.5 сая төгрөг ногдох байдлаар хуваарилалт хийвэл илүү шударга болно. Монгол Улсын Үндсэн хуульд иргэнээ ялгаварлах ёсгүй. Одоогийн энэ заалтаар ахмадууд ялгаварлагдах боллоо” гэдгийг сануулж, горимын санал гаргасан ч хүлээн авсангүй, 229 мянган ахмадын зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх саналыг дэмжив.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар нийт 410 мянган ахмад настны 229 мянга нь тэтгэврийн зээлтэй бөгөөд ердөө 21 мянга нь зургаан сая төгрөгөөс дээш зээл авчээ. Өөрөөр хэлбэл, тэднийг өндөр тэтгэвэртэй ахмад настан гэж ойлгож болно. Харин үлдэж байгаа 220 мянга гаруй нь 6 сая төгрөгөөс доош буюу ихэвчлэн 3 сая төгрөгийн зээл авсан байна. Иймээс УИХ-аас гаргасан дээрх шийдвэр нь ердөө 21 мянган ахмадын таашаалд нийцнэ. Харин бусад ахмад настан нь нэмээд зээл авах хэмжээний тэтгэвэртэй байсан бол 6 хүртэлх сая төгрөгийн зээлээ тэглүүлж авах боломж байж, мөн 194 мянга нь 2021 оны тавдугаар сарын 1-нийг үзэж чадвал 1 саяын ваучер авахаар ялгаварлагдсандаа гомдолтой байна.

Ингэж нийгмээ талцуулж, ахмадуудаа ялгаварлаж байхаар тэтгэврийнх нь хэдэн бор төгрөгийг нэмдэг юм уу, эсвэл тэтгэврийнх нь зөрүүг арилгах шийдэл гаргасан бол төрийн олон жилийн хуримтлагдсан асуудал болох алдааг УИХ-д засах бүрэн боломж байлаа.

Монголд өнөөдөр хийсэн ажил, хөдөлмөр эрхэлсэн он жил нь адил хэрнээ 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан, 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан, 2019 онд тэтгэвэрт гарснаасаа хамаарч гурван өөр тэтгэвэр авдаг харилцаа үүсээд байна.

Их сургуулийн багшаар жишээ татахад нэг нь 600 мянган төгрөг, нөгөө нь 900 мянга, хамгийн сүүлд тэтгэврээ тогтоолгосон багш 1.2 сая төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн ийм том зөрүүнээс болж, өнөөдөр Монголын хэдэн зуун мянган ахмад настан ядуу амьдарч буй. Олонхи нь хамгийн бага тэтгэвэр авч буй.

Энэ алдааг нь засахын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй атлаа, мөнгө нь байгаа бол ядаж тэгш хуваарилалт хийгээд  өгөөч ээ гэхэд хүлээн авсангүй. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг зөрүүдэлсээр ахмадуудаа хэдэн янзаар авч үзэв.

Асуудлыг нь шийдье гэсэн бол ингэж ялгавартай хандахгүй байлаа. Адгийн наад зах нь тэгш хуваарилалтын зарчим барих байсан.

Гэтэл эрх баригчдаас хэн нь ч энэ талаар ам ангайсангүй. Тэдэнд “Хаан”, Төрийн банкийг хувьчилж авах мөнгө л хэрэгтэй юм байна. Фон нь буюу өнгөлөн далдлалт нь ахмадууд аж.

Тэрбумаар нь хусъя гэвэл хууль баталдаг юм аа гэж аргагүй үнэн үг боллоо. Эрх баригчид баавартай, бас бярдаж байна. Гэхдээ Монголын ард түмэн хэдхэн сарын дараа хариуг нь хатуугаас хатуу барина. Харж л байгаарай. Гудамжинд нь гаргаад өгнө өө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж