Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэгддэг загвар өмсөгч Э.Энхболд салбартаа 2007 оноос цахиур хагалан гарч ирсэн бөгөөд “Говь” брэндийн нүүр царайгаар 10 жил ажилласан нэгэн. Загвар өмсөгч залуу энэ удаа эрчүүдэд зориулсан өөрийн брэндийг гаргахаар тун завгүй явна. Ингээд түүнтэй загварын салбар болоод хийж буй ажлынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Өдрийн мэнд хүргэе. Өөрийн брэндээ гаргахаар ажиллаж байгаа юм байна. Мөн шинэ оны өмнө та өөрийн бие даасан анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэсэн гээд олз омог, ажил төрөл ихтэй байгаа бололтой?
-Загварын салбартаа өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж ирлээ. Модель болсон цагаасаа өөрийн брэндийг бүтээх хүсэл мөрөөдөл тээж явсаар 14 жил болжээ. Мөрөөдлөө биелүүлэхээр “Tara Endo” гэсэн эрэгтэй брэндийг гаргаж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “O Couture” брэндийн “Есөн эрдэнэ” шоуны үеэр өөрийн брэндийнхээ анхны коллекцийг танилцуулсан. Одоогоор шинэ брэндийнхээ төлөвлөлт, судалгаагаа хийгээд явж байна. Энэ онд багтаж хэрэглэгчдэдээ хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Урлагийн карьераа эхлүүлж, анхны бие даасан уран бүтээлээ сонсогчдод хүргэлээ.
-Монголд өөрийн нэрээр брэнд гаргах нь олширлоо. Эрэгтэйчүүдийн гоёл гэхээр ганцхан костюм санаанд буудаг. Энэ ойлголтыг эвдсэн загвар байх уу. Таны брэнд бусдаас юугаараа ялгарч чадах вэ?
-Брэндээ 100 хувь танилцуулаагүй байгаа. Гэхдээ арванхоёрдугаар сард зохион байгуулсан “Есөн эрдэнэ” загварын шоуны үеэр “Tara Endo” брэндийн зарим загвараа танилцуулсан. Миний хувьд өрнө, дорнын хувцасны хэв маягийг хослуулж, монгол уламжлалт гүн утга агуулгатай билэгдлүүдийг шингээж өгснөөрөө ялгарах болно. Манай брэндийг эрчүүд маань өдөр тутам болон ажил алба, гоёлд ч өмсч болно.
Брэндээ өөртөө итгэлтэй амжилт өөд тэмүүлж байгаа зөв амбицтай, Монголын ирээдүй болсон чадварлаг нийгмийн дундаж түвшний залуустаа зориулан гаргахаар төлөвлөж байна. Монголд “Tara Endo” брэнд амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл манай брэнд цогц Монголын анхны эрчүүдэд зориулсан брэнд байх болно.
-Монголын тэргүүлэгч үйлдвэр “Говь” брэндийн нүүр царайгаар тасралтгүй арван жил ажиллаж байгаа цорын ганц загвар өмсөгч бол та. Компанитайгаа үргэлжлүүлэн ажиллах уу, эсвэл өөрийн брэндийнхээ нүүр царайгаар ажиллах уу?
-Монголынхоо “Говь” брэндийн нүүр царайгаар яг 10 жил ажилласан байна. "Говь"-той хийсэн гэрээ энэ жил дуусч байгаа. Анх 2007 оны намар учраа мэдэхгүй залуу загварын салбарт хөл тавьж, Монголынхоо номер нэг брэндийн нүүр царай болох мөрөөдөлтэй байлаа. Тухайн үед Монголын кашмерийн компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. “Говь” компанийн дүр төрхөөр ажиллах моделийн сонгон шалгаруулалт болох гэж байгааг сонсоод нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд очсон. Эргээд бодоход саяхан мэт санагдаж байна. Тэр үед маш олон загвар өмсөгч сонгон шалгаруулалтад ордог байсан. Намрын анхны цастай нэг тийм сэрүүхэн өдөр “Говь” брэндийн сонгон шалгаруулалтын зураг авалт болсон. Тэгээд эрэгтэй моделиудаасаа шалгарч, гэрээ байгуулж байлаа. 10 жилийн гэрээтэй ажиллах хугацаандаа дунд нь 2012, 2013 онд түр завсарласан. Түүнээс хойш 2019 он хүртэл 10 жил сайхан хамт олонтойгоо хамтран ажилласан байна. Би Монголынхоо “Говь” брэндээр үргэлж бахархдаг.
Одоо өөрийн брэндээ хөгжүүлэх хүсэл мөрөөдөл минь биелж байна. Учиргүй миний брэнд гэсэн шиг өөрөө сурталчлаад байхгүй ч тодорхой хэмжээгээр пиардана. Гэхдээ хэт нялахгүй. Бас муухай шүү дээ /инээв/. Брэндийнхээ удирдлага зохион байгуулалт, төлөвлөгөөнд төвлөрч, төслүүдээ хэрэгжүүлэх санаатай байгаа. Мөн загварын салбартаа гарч ирж буй мундаг залуустайгаа хамтарч ажиллах болно.
-Загвар өмсөгч Э.Энхболдын хувьд өндөр үнэтэй модельд тооцогддог. Нууц биш бол таны үнэлгээ хэд вэ?
-Салбар салбарынхан тус тусдаа өөрийн гэсэн үнэлгээтэйгээр ажилладаг. Азтай нь 2007 онд анх моделийн карьераа эхлүүлэхдээ өнөөдрийг хүртэл тогтмол ажлын гэрээтэй ажиллаж, сар бүр цалингаа авч ирсэн. Өнөөдөр эргээд харахад амжилтаар бахархмаар санагдаж байна. 10 жилийн хугацаанд компани хэзээ дуудна, дуудсан цагт асаалттай танк байх ёстой. Бусад үед өөрийнхөө дуртай ажлыг хийж, санал тавьсан компаниудын нүүр царай болж ажиллах боломжтой гэрээтэй байсан. Миний амьдрал тэгээс эхлэхэд “Говь” компанийн цалин их нэмэр болсон. Тийм ч учраас моделиуд дундаа үнэтэй моделийн нэг болж чадсан байх. Гэхдээ үнэ ханшаа тодорхой хэлэх дэмий байх, хүний орлого бол хувь хүний нууц шүү дээ.
-Та голдуу хаанаас, ямар салбараас нүүр царай болооч гэсэн санал ирдэг вэ?
-Надад ихэвчлэн загварын компаниудаас дүр төрхөөр ажиллах санал их ирдэг. Би жил болгон хийсэн ажил, хамтран ажилласан байгууллагынхаа тайланг хөтөлдөг. Тайлангаа харахад жилдээ 2-3 брэндийн нүүр царайгаар ажиллаж, томоохон төсөл, уралдаан тэмцээнд оролцсон гээд их л завгүй ажиллаж өнгөрүүлсэн жилүүд харагддаг.
-Загварын ертөнцөд эрэгтэй модель харьцангуй цөөн байдаг. Өрсөлдөөн хэл ам ихтэй энэ салбарт амжилт олохын тулд эрэгтэй загвар өмсөгчид эмэгтэйчүүдээс илүү маш их хөдөлмөрлөх шаардлагатай болдог байх. Магадгүй Монголд эрэгтэй моделиуд эрэлт багатай байдагтай холбоотой юу?
-Тийм шүү. Ер нь Монголд гэлтгүй дэлхийн загварын ертөнцөд эмэгтэйчүүд зонхилдог. Монголд анх загварын салбар хөгжиж байхад эмэгтэй модель голчлон ажиллаж байсан. Ний нуугүй хэлэхэд одоо тийм байгаа. Жишээлбэл, эмэгтэй модельд сурталчилгааны 10 ажил олдож байхад эрэгтэй модельд нэг санал ирдэг. Аль нэг брэндийн шинэ коллекц гарлаа гэхэд 50 загварын 10 нь л эрэгтэй загвар байх жишээтэй. Тиймээс эрэгтэй модель эрэлт багатай гэдэг үнэн.
Залуус загварын салбарт хөл тавьдаг ч удалгүй өөр ажил мэргэжил сонгоод явчихдаг. Моделиороо яг тууштай ажиллаж буй эрчүүд тун цөөн. Манай үеийнхнээс гарын таван хуруунд багтахаар модель байна. Загвар өмсөгч Б.Галбадрах, О.Билгүүн хоёр маань байна. Бас загварынханд фитнес модель гэж танигдсан С.Эрдэнэцогт байна. Гэхдээ нэг үеэ бодвол загварын салбар хөгжиж, эрэгтэйчүүдэд зориулсан дотоод гадаадын брэндүүдийг Монголд худалдаалж байна. Энэ нь манай салбарын залуусыг ажил орлоготой байлгаж байна гэсэн үг. Үнэлэмжийн хувьд эмэгтэй модельтойгоо адилхан цалин хөлс авч ажилладаг. Заримдаа эрэгтэй моделиуд цөөн гэдэг утгаараа өндөр үнээр ажиллах тохиолдол ч бий.
-Танд дан эрэгтэй загвар өмсөгчдийг бэлтгэх агентлаг байгуулах мөрөөдөл бий юу?
-“Монгол модель” агентлагаас төрөн гарсан моделиудын нэг би. Топ модель Д.Болормаа миний багш. Багш маань хөлийг маань дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн хүн. Тэртэй тэргүй “Монгол модель” агентлаг Монголын хамгийн шилдэг моделиудыг бэлтгэдэг. Олон жилийн турш загвар өмсөгч бэлтгэж ирсэн туршлагатай агентлаг байхад багштайгаа арсалдах шаардлага огт байхгүй. Надад агентлаг байгуулахаас илүү брэндээ гаргах л мөрөөдөл байсан. “Tara Endo” төслийнхөө хүрээнд брэндээ гаргаж, дараа нь бие даасан уран бүтээлээ хийх мөрөөдөлтэй явна даа. Хамгийн том мөрөөдөл гэвэл эрчүүддээ зориулан хувь хүний хөгжлийг дэмжих академи байгуулахаар төлөвлөж байна.
-Мэдээж, та бол топ загвар өмсөгч. Харин танай загварын салбарт цахиур хагалж буй шинэ залуу эрэгтэй моделиудыг нэрлээч?
-Надтай мөр зэрэгцэж яваа найз Б.Галбадрах, О.Билгүүнийгээ шилдгүүд гэж хэлнэ. Бас фитнесс модель С.Эрдэнэцогт, жүжигчин О.Амгаланбаатар байна. Сүүлийн үеийн залуу моделиудаас нүдэнд торсон хэд хэдэн залуу байгаа. Шинэ оны өмнө үзэгчдэд танилцуулсан “Есөн эрдэнэ” загварын шоунд өөрийн брэндээ сурталчлуулах зөв дүр төрхтэй залуусыг сонгон шалгаруулж авсан.
-Жил болгон "Гоёл" наадмаар топ модель шалгаруулдаг. Дандаа эмэгтэй загвар өмсөгчид топ болдог шүү дээ. Яагаад эрэгтэй загвар өмсөгч "Топ модель" болдоггүй юм бэ?
-Эрэгтэй топ модель байгаа. Жишээлбэл, Монголын хамгийн анхны эрэгтэй топ моделийн шагналыг би 2009 онд авч байсан. Хүмүүс ихэвчлэн Монголын загварын ертөнцийг “Гоёл” наадмаар төсөөлдөг. Гэтэл сүүлийн жилүүдэд загварын салбар “Гоёл” наадмаар хязгаарлагдахгүйгээр маш хурдацтай хөгжиж байна. Гэтэл “Гоёл” наадамд л оролцож, тайзнаа алхаагүй бол мундаг загвар өмсөгч биш гэдэг өрөөсгөл ойлголт яваад байдаг.
Анхны загварын том наадам бол "Гоёл" мөн. “Гоёл” наадмаар би бахархаж явдаг. Олон жил уламжлал болгон зохион байгуулж, маш олон залуусыг нийгэмд таниулж салбарынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй сайхан наадам. Гэхдээ "Гоёл"-ын тайзан дээр алхаагүй, оролцоогүй олон модель, дизайнер дэлхийн тайзнаа эх орноо танилцуулаад явж байна. Миний хувьд 2008 онд анхны болоод сүүлийн удаагаа “Гоёл” наадамд оролцож байсан. Би дахиж оролцоогүй ээ.
-Яагаад?
-Ер нь аливаа зүйл модны мөчир шиг салаалж хөгждөг. “Гоёл” наадам Монголын дизайнеруудын холбооны нэр дор зохион байгуулагддаг. Энэ заримдаа өрөөсгөл хандлага бий болгодог юм шиг санагдсан. Энэ наадамд холбооны гишүүн загвар өмсөгчид оролцдог. Тэр загвар өмсөгчид дундаа шалгаруулалт явуулж, зохион байгуулдаг юм шиг харагдсан. Өөр агентлагийн модель орвол түрүүлэх боломж багатай, тиймээс хамрах хүрээ, хандлага нь өөр санагдаад больсон.
2009 онд “Vision-2010” загварын томоохон наадам болж, топ моделиор шалгарч байсан юм. Энэ наадмыг дөрөв, таван жил зохион байгуулж байгаад больчихсон. Тэр үеэр эмэгтэй топ моделиор Б.Буджаргал тодорч байсан. Бусад топ моделиудыг сайн санахгүй байна.
-Хүмүүс “Гоёл” наадмын чансаа жилээс жилд муудаж байна гэж шүүмжилдэг. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү. Ер нь загварын шоу зохион байгуулаад ашиг олж чаддаг уу?
-“Гоёл”-ыг цар хүрээтэй, олон нийтэд зориулан зохион байгуулдаг ач холбогдолтой наадам гэж боддог. Аливаа арга хэмжээг зохион байгуулахад маш өндөр зардал, төсөв мөнгө, зохион байгуулалтын баг шаарддаг. Би өөрөө Монголын загвар, урлагийн холбоог байгуулсан. Манай холбоонд гурав, дөрвөн брэнд байдаг. Манай холбооны хувьд загварын салбарынхнаа нэгтгээд шоу хийе гэхээр санаа байвч сачий нь хүрэхгүй. Үүний ард бодлогоор зангидаж, нэгдсэн төсөв мөнгө байх шаардлагатай.
Ер нь загварын шоу үздэг соёл Монголд байхгүй. Судлаад үзэхэд дэлхий дээр ч гэсэн байдаггүй юм билээ. Нийгмийн элит бүлэг, салбарынхан өөрсдөө загварын шоу сонирхдог. Олон нийт юу сонирхдог вэ гэхээр худалдан авалтаа хийдэг юм байна.
Тэрнээс биш хүмүүс кино шиг, амьд хөгжмийн тоглолт шиг хэдэн мянгаараа цугларч загварын шоуг үзэхгүй л дээ. Тиймээс загварын шоу бол орлого олохоос илүү цэвэр зардал шаарддаг. Эрсдэлээ өөрсдөө даагаад шоу хийж байгаа нь бид бүгдийн загварын салбартаа оруулж буй хөрөнгө оруулалт юм.
-Загварын салбараас урлагийн салбар руу олон хүн хальтирч ордог. Та ч бас хальтирсан хүмүүсийн нэг. Сүүлд “Галзуу зугаалга” уран сайхны кинонд тоглоход магтаал, шүүмжлэл хэр сонсов. Дахин кинонд тоглох уу?
-Манай монголчууд зарим зүйл дээр хуучинсаг үзлээр ханддаг юм шиг санагддаг. Загвар өмсөгч бол зөвхөн загвараа өмсөх ёстой, дуучин бол дуугаа дуулах ёстой гэсэн баригдмал үзлээр ханддаг. Гадаад орны алдартай уран бүтээлчид карьераа моделиор эхэлсэн байдаг. Үүнтэй адил моделиор ажиллаж байгаад бусад салбар руу орох боломжтой.
Би “Галзуу зугаалга” уран сайхны киноны гол дүрд тоглосон. Магтаал, шүүмжлэл ч ирсэн. Гэхдээ би шүүмжлэлийг ёстой хүлээж аваагүй шүү. Хүн өнөөдөр нэг зүйл хийж байгаад амжилтад хүрэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Хамгийн гол нь кино багийнхан болон экспертүүд намайг үнэлж, урам өгсөнд их баярласан. Манай кино урлагийн мундаг кино зураглаач, продюсер, Соёлын элч Д.Ангараг интернэтээр холбогдоод “Энхболдоо өшөө жаахан ажиллаад өгвөл мэргэжлийн жүжигчнээс дутах зүйл алга байна” гэж надад урам өгсөн. Бас олон хүн анхны дүрийг минь хараад “Чи ямар өөдгүй залуу вэ” гэж хэлсэн. Үнэндээ би тийм хүн биш. Тэр хүмүүсийг тэгж хэлтэл нь жүжиглэж чадсан байна. Би “Галзуу зугаалга” уран сайхны кинонд тоглохдоо олон зүйлийг ойлгосон. Гэхдээ дараа болж өгвөл гол дүр тэр дундаа эерэг дүрд тогломоор байна. /инээв/
-Загварын салбартаа томоохон ажлууд төлөвлөснөөс гадна нийгмийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Сүүлд шинэ жилийн баяраар гэр хороололд амьдарч буй зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг тараасан байсан?
-Би “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийг их бодож, бясалгаж явдаг. Хүн өөрийнхөө амьдралыг яая даа гэж байж хүнд туслаад явах хэцүү шүү дээ. Гэхдээ зөв хандлагатай, бүх зүйлийг зөв сайхнаар бодож төсөөлөөд амьдрах сайхан. Өнөөдөр таны амьдрал болж бүтээж байгаа бол нийгэм рүүгээ анхаарч, бүх чадлаараа дуу хоолойгоо хүргэн, тусалж чадах хэмжээгээрээ дэмжээрэй гэж уриалмаар байна. Ингэснээр улсын маань хөгжил дараагийн шатанд гарна.
Миний хувьд анх есөн жилийн өмнөөс том охиноо ээжийнх нь хэвлийд байхад нь өвлийн өвгөний ажлаа эхэлж байсан. Тухайн үедээ хамаатнууд болон найз нөхдийнхөө хүүхдүүдээр бэлэг тарааж эхэлсэн. Тэгээд сүүлийн хоёр, гурван жил бэлэг тараах ажлын эрч маань жаахан суларсан. Яагаад гэхээр хүүхдүүд нь том болоод намайг өвлийн өвгөн гэдгийг маань мэдчихсэн. Тэгэхээр хүн жаахан урамгүй болчихдог юм билээ. Тэгээд арай өөр хүүхдүүдэд бэлгээ өгөхөөр шийдэж, балчир насны хүүхдүүдэд бэлгээ өгч эхэлсэн. Энэ жилийн хувьд 1000 хүүхдэд бэлэг тараах зорилтыг өөртөө тавьсан боловч тэгж чадаагүй. Үнэндээ 300 гаруй хүүхдэд л бэлэг өгсөн. Гэхдээ манай “Ротаракт Монголиа” клубын залуус 1000 хүүхдэд бэлэг тараах “Бяцхан баатрууд” төсөл хэрэгжүүлж, түүнд хувиасаа санхүү, сэтгэлийн хандив өгсөн байгаа. Өөрөө хувьдаа 300 гаруй бэлгийг гэр бүлээрээ бэлдэж, өвлийн өвгөний мэндчилгээ бичихээс эхлээд их ажил болж бэлддэг. Хамгийн гол нь бэлэгний тоондоо бус өгч буй сэтгэл их чухал.
Би 100 гаруй бэлгийг ТҮК-ийн ажилчид, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон ээжүүдэд бэлэглэсэн. Тэд өдөржин шөнөжин, дөрвөн улиралд ажлаа хийж л байдаг хүмүүс шүү дээ. Ээж нартаа бэлэг өгөхдөө гурваас дээш хүүхэдтэй ээжүүдэд бэлгээ өгсөн. Үлдсэн бэлгээ гэр хорооллын захын айлуудаар тараахаар судалгаа хийж байгаад клубын залуус болон “Ид шидийн орон” төслийн залуустайгаа давхцахгүйгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо буюу Монель гэдэг газар руу явсан. Тэгээд зорилтот бүлгийн айлуудаар хорооны ажилтантай хамт очсон.
Анхны айлд очиход миний төсөөлөөгүй дүр төрх намайг угтаж авсан. Би яг үнэнийг хэлэхэд тийм хүмүүс бидэнтэй хамт амьдардаг гэж огт боддоггүй. Орон гэргүй архины хамааралтай болсон хүмүүсээр төсөөлдөг байсан ч тэднээс дутахааргүй амьдралтай хүмүүс олон байдаг юм байна. Харамсалтай нь, тэнд маш олон хүүхэд хэцүү нөхцөлд амьдарч байсан. Хүүхдүүд нь бүр хүнс тэжээлийн дутагдалд орчихсон байгааг хараад сэтгэл өвдсөн.
-Анх удаа гэр хороололд очсон юм уу?
-Үгүй л дээ. Би гэр хороололд өчнөөн жил амьдарч байсан. Гэр хороолол ямар байдгийг мэднэ. Гэхдээ тийм амьдралыг огт харж байгаагүй. Тэгээд эхнийхээ айлд бэлгээ өгөөд дараагийн айлд ороод дэмий юм байна гэж бодсон. Ядаж том болсон хүүхдүүд нь сандраад тухгүй байдлыг мэдэрч байгаа нь мэдрэгдсэн. Тэр хүүхдүүдийг хараад миний сэтгэл эмзэглээд өвлийн өвгөний үгээ ч хэлж чадаагүй. Зүгээр л бэлгийг нь өгөөд л явсан. Хорооны ажилчид иймэрхүү айлаар явахад айдаг. Агсан согтуу тавьж, нохойгоороо айлгадаг, хүүхдэд нь бэлэг өгөхөөр дэлгүүрт архиар солих гээд явж байсан тохиолдол гарсан талаар ярьсан.
-Зорилтот бүлгийн хүүхдүүдэд дараа жил бэлэг өгөх үү?
-Өнөөдөр гуравхан сая хүн амтай Монгол Улсад нэг хэсэг нь “Амьдрал бүтэж байна. Улс хөгжиж байна. Миний хүүхдүүд үнэтэй сургуульд сурч, үнэтэй машин унаж байна” гэж ярьдаг. Ялангуяа миний хүрээлэлд тийм олон хүн байдаг. Тэр хүмүүсийг хараад миний инээд хүрч, дотроо бүр уйлмаар санагдсан. Уучлаарай та тэгж баярхаж, хүүхдүүдээ 30 мянган ам.долларын сургуульд сургаад яах юм бэ. Бид өнөөдөр энэ бүх зүйлийг өөрчлөх ёстой гэдгийг тэнд очоод л ойлгосон. Би тэр хүүхдүүд дээр шинэ жилээр ч очно. Өмнө нь ч очно. Би найзуудтайгаа хамтран нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Үнэхээр болдог бол хууль тогтоомжид нь хүүхдийн эрх ашиг гэдэг зүйлд өөрчлөлт шинэчлэлтийг оруулмаар байна. Тэнд хүүхдүүд хохирч байна. Тэд арчаагүй архинд орсон аав ээжээс болж, хүүхэд ирээдүйн амьдрал, эрүүл мэнд, боловсрол, амь насаараа хохирч байна шүү дээ. Тийм учраас найзуудтайгаа хамтраад дорвитой арга хэмжээ хийхээр төлөвлөж байна.
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ