Монгол Улсад ардчилал тогтоод 30 жил болж байна. Ардчиллын хамгийн үнэт зүйлсийн нэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Үндсэн хуулиар мөн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан. Харамсалтай нь, энэ эрх чөлөөг хумих явдал сүүлийн үед олон гарах болсон. Сэтгүүлч бичсэн нийтлэлээрээ, иргэн сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шүүх, цагдаагийн байгууллагад дуудагдах нь энүүхэнд. Сонгодог жишээ нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болоод байна. Тэрбээр өөрийг нь болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой таагүй нийтлэл нийтлэгдэх, тэдэнтэй холбоотой асуудлаар үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн даруйд шууд л хуулийн байгууллагад өгч Зөрчлийн хуулиар торгуулдгаараа алдартай нэгэн болж хувирсан.
Өнгөрсөн онд гэхэд ЕТГ-ын дарга З.Энхболд хэд хэдэн хүнийг хуулийн байгууллагад өгч, өнөө хэр зарим нь шийдэгдээгүй шүүх хурал нь хойшлогдсоор буй. Тухайлбал,
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал энэ сарын 07-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон. Гэвч хариуцагч талаас ЕТГ-ын дарга З.Энхболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж, түүийг ирэх хүртэл хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргаснаар шүүх хурлыг энэ сарын 14-ны өдөр хүртэл хойшлуулсан. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн 2019 оны зургадугаар сард Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн билээ.
Өөрөөр хэлбэл, хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Эл шийдвэрийг тэрбээр үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг аравдугаар сард хэлэлцсэн. Ингэхдээ хариуцагчийн талаас буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар шүүгчээс татгалзсан тул хурлыг хойшлуулж шийдвэрлэсэн байсан юм.
ХОЁР ДАХЬ ЖИШЭЭ:
Нийгмийн сүлжээ болох твитерт “Элийрэгч” нэрээр жиргэдэг иргэн Ц.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Ёоорк, Еөк, Жонхуу гэж жиргэснээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан гомдлын дагуу Зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр өнгөрөгч оны долдугаар сард торгуулсан. Иргэн Ц.Уянгын зүгээс өөрт нь ногдуулсан эл арга хэмжээний тухай твитер хуудсаар дамжуулан өөрийнх нь оролцоогүйгээр, огт мэдээгүй байхад нь ийм хэрэг нээн үүсгэж, торгуулийн арга хэмжээ авсан тухай мэдээлсэн юм.
Гомдлыг тус албаны эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, 2019 оны долдугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1902000412 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан билээ.
ГУРАВ ДАХЬ ЖИШЭЭ:
1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоог санаачлагч, эдийн засагч Л.Наранбаатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мөн цагдаад өгсөн.
Тодруулбал, Л.Наранбаатар нь өөрийн твиттер хаягаар дамжуулан З.Энхболдоос “Танай төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох “New century plaza” оффисын хоёрдугаар давхарт суудаг. Тэр оффист "Страто"гэдэг компани байршдаг юм байна. Страто нь нүүрс баяжуулах үйлдвэртэй бөгөөд дөнгөж саяхан ашиглалтад орсон, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хажууд байрладаг. Тус компани Эрдэнэс тавантолгой компаниас одоо нүүрс авч байгаа. Нэгдүгээрт, "Страто" компани ямар үнээр Эрдэнэс тавантолгойгоос нүүрс аваад байдаг юм гэдгийг би асуусан.
Хоёрдугаарт, бидэнд ирэх ёстой ногдол ашгийг асуулгүйгээр Зүүнбаян дахь төмөр замыг барьж байгаа. Гэтэл Зүүнбаянгийн төмөр зам нь өөрөө "Страто"компани руу чиглэж яваа зам. Иймээс би Зүүнбаянгийн төмөр замыг төрсөн дүүгийн чинь оффист байгаа "Страто"гэдэг баяжуулах үйлдвэр рүү зориулж барьж байгаа юу гэдгийг асуусан”
ЕТГ-ын дарга З.Энхболд түүний асуултад хариулалгүй “Нэр хүндэд халдсан” гэх гомдлоор цагдаад өгч хоёр удаа шалгуулжээ. Уг гомдлын дагуу цагдаагийн байгууллага Л.Наранбаатарыг болон “Страто” компанийн эздийг шалгаад энэ асуудлаар зөрчилгүй гэж шийдвэрлэсэн байна. Харин түүнийг "доромж үг" нийтлэлдээ ашигласан гэж ЕТГ-ын дарга З.Энхболдын гомдлоор 2 сая төгрөгөөр торгожээ.
Холбоотой мэдээ