Цэрэгт явахгүй бол түүнтэй дүйцэх 4.6 сая төгрөгийг төлнө

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Цэрэгт явахгүй бол түүнтэй дүйцэх 4.6 сая төгрөгийг төлнө

2015 оны цэрэг татлагын хоёрдугаар ээлж ирэх баасан гаригт эхлэнэ. Энэ сарын 16-18 ны өдрүүдэд явагдах цэрэг татлагад 1989-1997 оны хооронд төрсөн 18-26 насны цэргийн насны залуус хамрагдах үүрэгтэй. Цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдсан тухай өнөөдөр нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабаас албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд цэрэгт явахаар бүртгүүлсэн залуусын 50-58 хувь нь буюу тал нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй гэсэн буруу зуршил бий болсон тухай албаныхан ярьж байна. Үндсэндээ яг эрүүл мэндээрээ биш, цэрэгт явах хүсэл сонирхолгүйдээ цэрэг татлагаас эрүүл мэндийн нөхцөл байдал ярин бултдаг сөрөг тогтолцоо бий болсон гэж цэргийн салбарынхан шүүмжилж байгаа юм. Иймээс цэргийн албанд тэнцэх эрүүл мэндийн заалтуудыг өөрчлөх ёстой ч гэсэн саналыг илэрхийллээ. Нөгөө талдаа цэрэгт явах залуусын тоо нэмэгдсэн таатай мэдээлэл байна. Энэ нь төрийн албанд ажилд орохын тулд цэрэгт явсан байх ёстой. Мөн гэрээт цэргээр ажилласан иргэн хэрэв магадлан итгэмжлэгдсэн сургуульд дээд боловсрол эзэмшихээр болвол төрийн сангаас төлбөрийг нь төлнө гэсэн шийдвэрүүдтэй холбоотой гэнэ.

Хэрэв цэргийн насандаа цэрэгт явахаас татгалзвал цэргийн алба хаасантай дүйцэхүйц төлбөрийг тухайн иргэн төлөх ёстой. Дүйцэх төлбөрийн хэмжээг жил бүр засгийн газраас баталдаг. Гэхдээ дээрх төлбөрийн мөнгөн дүн жил ирэх бүр нэмэгддэг болжээ. Жишээлбэл өнгөрсөн онд дүйцэх албаны төлбөр 4.3 сая төгрөг байсан бол энэ жил дээрх тоо 4.6 сая болон 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин 2014 оны тухайд дээрх төлбөрийг 1174 иргэн төлж, улсын төсөвт 480 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ оны эхний ээлжийн цэрэг татлагын хувьд нийт 1321 иргэн 601 сая төгрөгийг цэрэгт явсантай дүйцүүлж  төлсөн байна. Энэхүү дүйцүүлэх албаны мөнгийг эргээд тухайн орон нутгийн төсөв болон батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд хоёр тэнцүү хуваан зарцуулдаг байгаа юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж