Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран өнөөдөр (2020.01.09) “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт удирдан явууллаа.
Тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн хуралдаан 3 удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан нийт 28 удаа хуралдсан. Үүнд “хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах” ажлын хэсэг 7 удаа, “цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах” ажлын хэсэг 21 удаа тус тус хуралдсан. Энэ хугацаанд ажлын дэд хэсгийн гишүүд Үндэсний хөгжлийн газар болон Барилга хот байгуулалтын яаман дээр тус бүр 2 өдөр “вакуумжиж” ажилласан. Ажлын хэсгийн гишүүд улс орны хэмжээнд хэрэгжиж буй оновчтой шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах ажлын хүрээнд “Майдар” төсөл, “Таван толгой түлш”, Налайх дүүрэгт байрлах шахмал түлшний үйлдвэрүүд, гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх зорилго бүхий “Сервис центр” төсөл, дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлсэн “Mегавүүд” зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан.
Ажлын хэсэг дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахдаа “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” болон салбар тус бүрийн төрөөс баримтлах бодлогыг үндэслэн холбогдох яамдаас тус бүр 3 удаа санал авч нэгтгэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах замаар төсөлд тусгагдсан үйл ажиллагаа тус бүрийн санхүүжилтийн эх үүсвэрийн схемийг Сангийн яам нэгтгэн боловсруулсан” гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.
Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар, дагуул хотууд, Хот байгуулалт, Бүсчилсэн хөгжил ба хөдөө орон нутаг, дэд бүтцийн хөгжил, Аж үйлдвэржилт гэсэн үндсэн таван чиглэлд 20 зорилт дэвшүүлжээ.
Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад энэхүү зорилтот хөтөлбөрийн үндсэн зорилго оршиж байгааг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулгадаа дурдав.
Уг хөтөлбөрийг 2021-2030 онд хэрэгжүүлэхэд нийт 66,968.9 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 10,550.6 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 24,510.6 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 8,793.8 тэрбум төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 21,828.5 тэрбум төгрөг, Хөгжлийн банкаар 912.9 тэрбум төгрөг, Засгийн газрын тусгай сангаар 271.6 тэрбум төгрөг тус тус зарцуулагдахаар байгааг тэрбээр танилцуулав.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийг тусгасан байдал”, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт орон нутгийн хөгжлийг тусгасан байдал” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн шинэ бүтээн байгуулалтад тусгагдсан Улаанбаатар хот метро, Сервис центр, Дагуул хаяа хот, Үндэсний тээвэр ложистикийн сүлжээ, Сумын хөгжлийн хөтөлбөр, Тэнгэрийн тойрог зэрэг томоохон төслүүдийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм.
Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байдаг. Энэхүү хөтөлбөр батлагдсанаас хойших 19 жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд багагүй ажлуудыг хийсэн хэдий ч улс орны хөгжлийг хангах хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг зорилт, арга хэмжээнүүд өнөөдрийг хүртэл бүрэн хангагдаагүй байна.
Иргэдийг бухимдуулж байгаа замын түгжрэл, агаарын бохирдол, 21 аймаг, боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэхээр уг хөтөлбөрт тусгасан ч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг цаашид анхаарах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн юм. Мөн шинээр боловсруулсан хөтөлбөрийг тунхаглал төдий үлдээхгүй, ажил хэрэг болгох хэрэгтэйг сануулж байлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хоорондын уялдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг ч хөндөж байв.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ