"Нинжа дайчид аа урагшаа, үзүүлээд өгөөрэй" | News.MN

"Нинжа дайчид аа урагшаа, үзүүлээд өгөөрэй"

"Нинжа дайчид аа урагшаа, үзүүлээд өгөөрэй"

Шүгэл дуугарахад “Урагшаа. Яваад байгаарай, тэсээрэй…” гэх хүүхдүүдийн цовоо дуу хадна. Удалгүй “Өө, уначихлаа. Аалзны тор ч ёстой хэцүү юм аа. Охид  л даалгавруудыг сайн гүйцэтгээд байх юм” гэх урам хугарсан хүүгийн яриа ч сонсогдох. Энэ бол 10-11 настай хүүхдүүдийн дунд болсон Монголын “Нинжа дайчид”-ын удаах тэмцээн юм.

Хэдэн сая үзэгчидтэй дэлхийн алдарт “Нинжа дайчид” шоу Монголд анх удаа болохыг хараад дэлгэцийн урд догдолж, оролцогчидтой адил авхаалж сорьсон даалгавруудыг гүйцэтгэж, өрсөлдөхийг хүссэн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан бяцхан тэмцээн юм.

Нийслэлийн сурагчдын амралтыг сунгасан энэ үед хүүхдүүдийнхээ амралтыг зугаатай, бас өгөөжтэй өнгөрүүлэх эрэлд эцэг, эхчүүд хэдийн гарсан бизээ. Харин Хан-Уул дүүрэгт байрлах “Funfit” хүүхдийн спорт клубт болсон “Нинжа дайчид”-ын удаах тэмцээнд 10, 11 насны 24 хүүхэд өрсөлдөж, жинхэнэ утгаараа хөгжилдөж байна.

ДАРААГИЙН УДАА ОХИДООС ИЛҮҮ АМЖИЛТ ҮЗҮҮЛНЭ

Нэгдүгээр шатны даалгавраа гүйцэтгэж чадалгүй тэмцээнээс хасагдаад бага зэрэг урам нь хугарсан шинжтэй суугаа Н.Анхбаярын сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Би 10 настай, тавдугаар ангийн сурагч. Анх удаа ийм тэмцээнд оролцож үзлээ. Даалгаврууд нь хүнд юм байна. Аалзны тортой даалгавар дээр уначихлаа. Бэлтгэл сайн хийж чадсангүй ээ. Ойролцоогоор 20 орчим минут л бэлтгэл хийсэн. Гэхдээ ийм тэмцээнд оролцох сонирхолтой, бас гоё юм байна. Дараа ийм тэмцээн болбол бэлтгэлээ сайн хийж байгаад оролцоно. Бас том болоод Монголын “Нинжа дайчид” шоунд ч оролцоно. Энэ удаагийн тэмцээнд охид даалгавруудаа амжилттай гүйцэтгэж байгаа харагдлаа. Дараагийн удаа бэлтгэлээ сайн хийж байгаад охидоос илүү амжилт үзүүлнэ” гэлээ.

Тэмцээнийг гурван насны ангилалд буюу 9-10, 10-11, 12-13 насны ангилалд хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд биднийг өчигдөр /2020.1.9/ очиход 10-11 насныхны дундах тэмцээн болж байлаа. Тэмцээний ялагч нь наймдугаар сард болох өсвөр насныхны дундах супер тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Тэмцээний хоёрдугаар шатны даалгаврыг таван оролцогч амжилттай гүйцэтгэсэн бөгөөд хоёр шатыг хамгийн бага хугацаанд давсан оролцогчийг ялагчаар шалгаруулсан юм. Эхний шатанд 11 даалгавар, хоёрдугаар шатанд зургаан даалгаврыг гүйцэтгэсэн юм.

МОНГОЛЫН “НИНЖА ДАЙЧИД” ШОУНД ОРОЛЦОЖ, ЯЛАГЧ НЬ БОЛНО

Г.Гэгээнбилигт эхний шатыг 57 секунд, мөн хоёр дахь шатыг 57 секундэд гүйцэтгэж нэгдүгээр байрт шалгарсан юм. Тэмцээний даалгавар ямар байсныг ялагчаас тодруулахад “Хананд авирах спортоор хичээллэдэг болохоор надад даалгаврууд тийм ч хүнд санагдсангүй. Маш сонирхолтой бас хөгжилтэй байлаа. Үнэнийг хэлэхэд уначих вий гэж бага зэрэг айж байсан. Том болоод Монголын “Нинжа дайчид” шоунд оролцож, ялагч нь болох болно” гэсэн юм.

Түүнийг аав Б.Гансүх нь дэмжихээр ирсэн байлаа. Тэрбээр ууланд аялдаг, экстрем спортод дуртай нэгэн аж. Энэ сонирхол нь хүүхдүүдэд нь ч нөлөөлжээ.

Ингээд хүүхдүүд нь хананд авирах спортоор хичээллэх болсон байна. Тэрбээр “Монголд хүүхдийг тоглох явцад нь давхар хөгжүүлдэг, цагийг зөв, өгөөжтэй өнгөрүүлэхэд зориулсан ийм газар ховор байдаг. Ийм олон газар шаардлагатай” гэж байсан юм.

ГАДНЫН ОРНЫ ӨСВӨРИЙН “НИНЖА ДАЙЧИД”-ЫН ДААЛГАВРУУДТАЙ ОЙРОЛЦОО

Funfit” хүүхдийн спорт клубын менежер С.Бямбасүрэнгээс тэмцээнтэй холбоотой зарим зүйлийг тодруулсан юм.  

 -Америкийн өсвөрийн “Нинжа дайчид” –д байдаг ямар, ямар даалгаврууд энэ тэмцээнд багтсан бэ?

-Өсвөр насныхны дундах “Нинжа дайчид” тэмцээн дэлхийн олон оронд болдог. Манай төв энгийн болон хүнд гэсэн хоёр түвшний даалгавар гүйцэтгэх төхөөрөмжтэй. Гаднын орнуудын шоу ихэвчлэн хүнд түвшний даалгаврууд дээр өрсөлддөг. Манай төвд ашиглаж байгаа хүндрүүлсэн түвшний даалгаврууд тэдний даалгавруудтай ойролцоо.

-Наймдугаар сард болох супер тэмцээнд даалгаврууд илүү хүндрэх үү?

-Улирал бүр ийм төрлийн тэмцээн зохион байгуулаад, тэмцээнд амжилттай оролцсон сурагч наймдугаар сард болох супер тэмцээнд оролцох эрхтэй болно. Супер тэмцээн гэдэг утгаараа даалгаврууд мэдээж хүндэрнэ. Мөн энэ тэмцээнийг телевизтэй хамтран зохион байгуулахаар ярилцаж байгаа. Шагналын сан ч өндөр байна. Маргааш 12-13 насныхны дундах тэмцээн болно. Уг тэмцээнд эхний шатанд 12, хоёр дахь шатанд мөн 12 даалгавар гүйцэтгэж өрсөлдөх болно.

-Охид илүү амжилттай даалгаврыг гүйцэтгэж байгаа нь ажиглагдсан. Үүнд ямар учир байна вэ?

-Эрэгтэй хүүхэд шалмаг, хүчтэй байдаг. Эмэгтэй хүүхдүүд нямбай, уян хатнаас гадна хөвгүүдээс жин багатай байгаа нь даалгавар гүйцэтгэхэд нэмэр болж байгаа.

Манай төв чийрэгжүүлэх зорилготой газар. Эрүүлжиж, чийрэгжүүлнэ гээд төмөр бариулаад, хүчлээд дасгал хийлгэх нь хүүхдийг залхаадаг. Хүүхдийг чийрэгжүүлэх үр дүнтэй аргын нэг нь тусгай даалгавар гүйцэтгүүлж тоглуулах.  Энэ хүрээнд хүүхдүүдийн дунд “Нинжа дайчид” тэмцээн зохион байгуулж байгаа юм. Оролцогч хүүхдүүд дундаас ирээдүйн спортын алдартнууд, “American ninja warriors junior” тэмцээний аваргууд төрнө гэдэгт итгэлтэй байгаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-10 66.181.185.238

ulsiin abarga classic gesen biz de neelttei olon hun ory bolno shde

Avatar

Зочин 2020-01-10 66.181.185.238

live system-eer japan ulsad powerlifting tentseenig shuud uzii tegehuu. margaad yahab dee

Avatar

Зочин 2020-01-10 66.181.185.238

powrlifting ulsiin abarga japan ulsaas live asaachih gejina. shuud uzii ok

Avatar

Зочин 2020-01-10 150.129.142.163

powerlifting classic temtsend orohiig uriy baina. shagnal san ondor.

Avatar

Зочин 2020-01-10 202.21.97.98

huurhun yum be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж