НЭМЭЛТ: 15.30 ЦАГ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дууссан байна. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар оролцсон бөгөөд 2020 оны сонгуульд зориулсан намын рейтингийн судалгааг танилцуулжээ. Намын дарга У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд оролцохдоо нэр дэвшигчдээс нам хандивын мөнгө авахгүй гэдгийг хэлжээ. Мөн тэтгэврийн зээлийн тэглэх хуулийн төслийг ч мөн хэлэлцжээ. Тэтгэврийн зээлийг тэглэхдээ зургаан сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлийг тэглэх бөгөөд үлдсэн ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санал оруулжээ.
Бүлгийн хурлын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-Бүлгийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн бэ. Танай намын ерөнхий нарийн бичгийн дарга бүлэгт мэдээлэл өгсөн гэсэн?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ, зургаан саяас дээш зээлтэй иргэдийн зургаан сая төгрөгийг л тэглэх санал оруулжээ ирлээ. Мөн зээлгүй 192 мянган иргэдийг яах вэ гэхээр Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн ваучер олгох, тэтгэврийн зээл зогсоох шийдвэрийг цуцлах саналуудыг бүлэгт танилцуулсныг дэмжсэн. Ингээд энэ асуудлыг өнөөдөртөө багтааж байнгын хороо хуралдахаар боллоо.
-Зээлгүй иргэдэд ваучер олгоно гэдэг нь?
-Иргэдийн зүгээс иргэдээ явгаварлаж байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа учраас ваучер олгох асуудлыг оруулж ирж байна. Нийтдээ 192 мянган иргэн бүрт нэг сая төгрөгийн эрх бүхий үнэт цаас олгож байгаа юм. Салхитын мөнгөний орд эргэлтэд ороод орлого ороод ирэхээр бэлэн бусаар үнэт цаас олгоно гэсэн үг.
Д.АМАРБАЯСГАЛАН: АРД ТҮМНИЙ ДЭМЖИХ НЭР ДЭВШИГЧИЙГ ДЭВШҮҮЛНЭ
Бүлгийн хуралдаанд МАН-ын генсек Д.Амарбаясгалан оролцсон бөгөөд тэрбээр “Намын бүлгийн хуралд сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчээс хандив авахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Тухайн тойрогт нэр дэвших хүсэлтэй горилогчид МАН-аас явуулах суурь судалгаанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ. Нэр дэвшихийн горилогчид ямар нэг байдлаар хууль зөрчсөн хандив иргэд, аж ахуй нэгжүүдээс авч болохгүй гэдгийг намын дарга онцолсон. Нам ялсан тохиолдолд хандивын хэмжээгээр албан тушаалд томилдог байдлыг таслан зогсоож, хариуцлагатай ёс зүйтэй ажиллах хүмүүсийг төрд төлөөлөл болгож ажиллуулах ёстой гэдгийг онцоллоо. Өнөөдөр бүлгийн хуралдаанд тойрог бүрт нэр дэвших боломжтой хүмүүсийг судалгаагаар тогтоох тухай танилцууллаа. Намын дарга судалгаагаар өндөр рейтингтэй, ёс зүйн хариуцлагатай хүнийг нэр дэвшүүлнэ гэдгийг ч бүлгийн гишүүдэд хэлсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гарсан УИХ-ын гишүүдийн алдаа дутагдалтай үйлдлүүд, ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг намын Удирдах зөвлөлийн хурал дээр ярилцаж шийдвэрлэнэ. МАН нийгэмд тавигдаж байгаа томоохон шаардлагуудыг тавьж, илүү хариуцлагатай, манлайлагч байх чиглэл рүү анхаарч ажиллаж байгаа" гэв.
Өөрөөр хэлбэл, МАН энэ удаагийн сонгуульд оролцохдоо нэр дэвшигчдийн судалгааг орон даяар хийж, ирэх гуравдугаар сард судалгааны дүнгээ нэгтгэж, нэр дэвшигчээ сонгох юм байна.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлаж, яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус хуралдаанд МАН-ын генсек Д.Амарбаясгалан оролцож, мэдээлэл өгч байна. Түүний хувьд 2020 оны сонгуулийн рейтингийн судалгаа болон тойрог, мандатын хуваарилалтыг урьдчилсан байдлаар танилцуулж байгаа юм.
Хуулийн дагуу УИХ хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоог тогтоох ёстой юм. Албан бус мэдээллээр 26 тойрогт 2-5 мандаттай байхаар тохиролцсон гэх мэдээлэл ч бий.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ