Айлын цонх хагалж, тэрбум төгрөгийн эд зүйл хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Айлын цонх хагалж, тэрбум төгрөгийн эд зүйл хулгайлжээ

Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр (2020.01.09) 2019 онд гарсан хэрэг зөрчлийн талаар танилцууллаа.


ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын хэлтсийн Статистик мэдээллийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатар Өнгөрсөн онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оноос 13 хувиар буурсан үзүүлэлт. Нийслэлийн хэмжээнд 20261 гэмт хэрэг бүртгэгдсэн мөн 21 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Нийт гэмт хэргийн 58.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг хэмт хэрэг байгаа бол 26.2 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Улсын хэмжээнд 2019 онд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдсэн хэдий ч гарсан гэмт хэргийг хоногт хуваан авч үзвэл нэг хоногт 88 буюу цагт дөрвөн гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас хоногт гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтсэн тоо гарчээ.

НЭГ МӨРДӨГЧ САРД 81 ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Захиргаа хяналт шалгалт, үнэлгээний  хэлтсийн дарга, хурандаа Ц.Энхбаяр “Мөрдөн байцаах албанаас 2019 онд нийт 30295 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж, үүнээс 24997 хэргийг буюу 82.5 хувийг шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд нийт 500 орчим мөрдөгч ажилладаг. Нэг мөрдөгч, сард 81 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 2011 онд батлагдсан мөрдөгчдийн тоогоор ажиллаж байгаа гэдгийг энд онцолмоор байна. 

Сүүлийн жилүүдэд байгаль орчин, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг цагдаагийн байгууллагынхны анхаарлыг татаж байна. Саяхан Засгийн газрын тогтоолоор экологийн цагдаа байгуулах шийдвэр гарч, 170 орчим мөрдөгч ажиллах шийдвэр гарсан. Мөн эдийн засгийн гэмт хэрэг болон хулгайн гэмт хэргийн гаралт ихэсч байна. Тиймээс Мөрдөн байцаах албанаас 2020 онд залилах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд анхаарал хандуулж ажиллана" гэв. 

Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ХАЙХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА, ОДООГООР 550 ГАРУЙ ИРГЭНЭЭС МЭДҮҮЛЭГ АВСАН

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг 2019 онд шалгаж шийдвэрлэгдсэн хэргийн талаарх мэдээллийг өглөө.

Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32,000 иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг мөн авч шалгаж байна. Энэ хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн. Үүнээс дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна.

ХЭРЭГ ДЭЭР ДАВТАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ХҮСЭЛТ ГАРГАСНЫГ ХАНГАЖ, ДҮГНЭЛТ ГАРЧИХСАН

Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байгаа гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авч, одоо энэ хэрэг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэрэг дээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, дүгнэлт гарчихсан. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

  • Монгол, БНХАУ-ын иргэд бүлэглэн 800 гаруй хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулан, хууль бусаар олсон эд хөрөнгийг илрүүлж, АТГ болон ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нар Нигер улсын иргэнтэй хамтарч, 2018 оны зургадугаар сараас эхлэн гадаадын таван улсын зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, гадаадын улсын төлбөр хүлээн авах компаниудтай ижил нэртэй 16 аж ахуйн нэгжийг Монгол Улсад үүсгэн байгуулсан. Улмаар 3.6 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний валютыг Монгол Улс руу шилжүүлэн авч, мөнгө угаасан хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нигер улсын иргэн Эжикем Чимези Жонд арван жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт зургаан жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн.

  • Монгол Улсын нэр бүхий иргэд бүлэглэн, байлдааны зориулалттай 7420 ширхэг, ангийн зориулалттай 46289 ширхэг буюу нийт 53709 ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, бусдад зарж борлуулсан, борлуулахаар бэлтгэсэн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн.

АЙЛЫН ЦОНХ ХАГАЛЖ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГӨ ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСЭН

Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, амины орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух иргэн С-ийн сууцны цонхыг хагалж, тэрбум гаруй төгрөгийн хохиролтой эд хөрөнгө алдагдсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат З, Г нар нь 2019 оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж, эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй, 11 ширхэг зэвэрч хөгцөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган, худалдан борлуулах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэй этгээд З-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж, эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан.

Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болох нь тогтоогдсон.

Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

  • Бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт 2014 оноос интерполын шугамаар эрэн сурвалжилж эхэлсэн БНХАУ-ын иргэн Ү-г олж тогтоон, Хятадын талд хүлээлгэж өгсөн.
  • Дорноговь аймгийн Зүүнбаян дах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдсан хэрэг гарсан өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Энэ хэрэгт тус ангийн гурван алба хаагчийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2019 оны арванхоёрдугаар сард Говьсүмбэр аймгийн шүүхээр дээрх гурван алба хаагчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж