"Сүүдрийн командлагч" Касем Сулеймани гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

"Сүүдрийн командлагч" Касем Сулеймани гэж хэн бэ?

"Сүүдрийн командлагч" Касем Сулеймани гэж хэн бэ?

Дэлхийн улс орнууд шинэ оны эхний долоо хоногийг дуулиантайхан өнгөрүүллээ. АНУ, Ираны дайсагналцсан байдал хурцдаж, дэлхийн гуравдугаар дайн бараг л эхлэнгээ алдаад намжив бололтой. Хоёр улсын байдал хурцадсан нь Ираны тусгай хүчний генерал Касем Сулейманиг АНУ тусгай ажиллагаа явуулан хөнөөснөөс үүдэлтэй.

Иран улсын нийслэл Тегеран хотноо болсон Сулейманиг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохоор хэдэн арван мянган хүн цугларан, олон хоногийн турш гашуудаж, генералийнхаа өшөөг АНУ-аас авахыг шаардан жагссан. Бүр АНУ-ын Ерөнхийлөгчийн толгойг 80 сая ам.доллараар үнэлээд амжсан билээ. Мөн иранчууд амь үрэгдсэн генералынхаа өшөөг авахаар АНУ-ын хоёр цэргийн бааз руу 20 гаруй пуужин хөөргөн бөмбөгдсөн юм.

Энэ бүх мөргөлдөөн, тэмцлийн гол эзэн Касем Сулеймани гэж чухам хэн байсан бэ, иранчуудын хувьд үнэхээр тийм чухал хүн байв уу?

Касем Сулеймани нь Ираны хувьсгалт корпусын гол хүчин болох "Кудс" бүлэглэлийн тэргүүн байв. Тэрээр 1998 онд энэхүү Ираны зэвсэгт хүчний гадаад бодлогыг хариуцдаг гол байгууллагын тэргүүнээр томилогджээ. Тиймдээ ч тэр эх орноо төлөөлөн дэлхийн томоохон удирдагчидтай нүүр тулан яриа хэлэлцээр хийж, цэрэг стратегийн олон чухал шийдвэр гаргахад нөлөөлж явсан байна.

Барууны орнуудад түүнийг “Сүүдрийн командлагч” хэмээн нэрлэдэг бөгөөд улсдаа төдийгүй гадаад улс орнуудад ч ихэд нэр хүндтэй, алдартай нэгэн байжээ.

Тэрээр 1957 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Ираны Керман мужийн Канет-и-Малек хотноо газар тариалан эрхэлдэг тарчигхан амьдралтай гэр бүлд мэндэлжээ. Ах, эгч, дүү тавуулаа өсч, ахлах сургуулиа төгсмөгцөө эцэг эхийнхээ өрийг төлөлцөхөөр барилга дээр ажиллаж эхэлсэн байна. Дараа нь Керман мужийн Ус сувгийн газарт ажилд орж, ажлаас бусад чөлөөт цагаараа спорт зааланд очиж, бэлтгэл хийдэг байжээ. Үүнийхээ хажуугаар Ираны шашны одоогийн дээд удирдагч Аль Хамейнигийн сургааль, номлолд суудаг байсан нь түүнийг хувьсгалт үйл ажиллагаанд эргэлт буцалтгүй оруулсан гэдэг. Энэ цаг үед түүний хувийн амьдрал гэхээс илүү Иран улс болон олон улсад ямар нөлөөтэй хүн байсан нь илүү сонирхол татна.

Сулеймани 1979 онд Исламын хувьсгалын дараахан Исламын хувьсгалт корпуст элсэн орж, хэдий мэдлэг туршлага бага ч Ираны баруун хойд хэсэгт байрлах Баруун Азербайжан мужид Курдын салан тусгаарлагч бүлэглэлийн бослогыг дарах ажилд гар бие оролцон, өөрийнхөө чадварыг нотолж, маш хурдан өсөн дэвжээ.

1980 оны есдүгээр сарын 22-ны өдөр Саддам Хуссейн Иран руу довтолж, Иран-Иракийн дайныг эхлүүлэх үед тэрбээр бүтэн салаа удирдан байлдааны талбарт өөрийн биеэр тулалдаж явсан байна. Үүргээ амжилттай биелүүлсэн Сулеймани 20 гаруйхан насандаа 41-р дивизионы командлагч болж, ихэвчлэн өмнөд нутгуудад ажиллаж байжээ.

Цэргийн стратегийн хувьд Сулейманигийн тэргүүлж байсан "Кудс" байгууллага нь Иран улсад ямар ч цөмийн хөтөлбөр, цэрэг дайны зэвсэглэл, баллистик пуужин зэргээс илүү амин чухал ач холбогдолтой юм.

Тэр хувь хүнийхээ хувьд маш төлөв даруу нэгэн байжээ. Албан ёсны томоохон арга хэмжээ л биш бол барагтай бол дүрэмт хувцас өмсөөд байдаггүй. Хэн ч, хаанаас нь ч харсан бүхэл бүтэн улсын цэргийн томоохон хүчний ерөнхий командлагч гэж харагдахааргүй хүн байсан аж. Нөгөөтэйгүүр түүний удирдан зохион байгуулах чадвар, цэрэг дайны чадварлаг стратеги зэргээс гадна төлөв даруу байдал нь гадаад ертөнцөд Исламын үзэл суртлыг эергээр харагдуулах “нүүр царай” болж байсан гэхэд хилсдэхгүй.

Касем Сулеймани бол Исламын хувьсгалын үзэл санааг Ойрхи Дорнодод түгээхэд гол үүргийг гүйцэтгэж байсан, эх орондоо үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгддөг нэр алдар нь түгсэн нэгэн байжээ. Түүний тухай яг л түүхэн баатруудынх шиг баримтат болон уран сайхны кинонууд олон байдаг аж. Тэр ч бүү хэл нэгэн үе түүнийг Ираны дараагийн Ерөнхийлөгч болоход хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байсан ч тэрээр өөрөө зөвшөөрөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж