“Цогт тайж 70 жил” эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр болсон. Тэгвэл энэ хурлын үеэр Ардын жүжигчин, УГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэнтэй “Цогт тайж” киноны талаар ярилцлаа.
-“Цогт тайж” киног эх орны дайны жилүүдэд хийсэн гэдэг. Хоёулаа “Цогт тайж” киног хийх болсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-“Цогт тайж” киноны зохиолыг 1943 онд бичсэн гэдэг. Харин 1944-1945 онд кино зураг авалтаа хийгээд, дэлгэцэнд гаргаж байсан юм. Яагаад заавал Цогт тайжийн тухай хийх болсон бэ гэдэг их сонин байдаг л даа. Ер нь 1943-1945 он дэлхийн хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж байсан үе шүү дээ. Европын орнуудад фашизмын аюул нүүрлэчихсэн байсан үе.
Өөрөөр хэлбэл, бүх дэлхий даяар эх орон гэдэг аминаас ч илүү үнэтэй юм шүү гэдэг үзэл суртлыг олон түмэнд сурталчилах, төлөвшүүлэх л чухал байсан. Нэг жишээ хэлэхэд, Зөвлөлт холбоот улс гэхэд л том, том эх орончдынхоо тухай олон уран сайхны кинонууд хийж байсан байгаа юм. Тийм учраас Монголчуудын эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, эх оронч үзлийг сурталчилах зорилгоор “Цогт тайж” киног хийсэн юм.
-Маршал Чойбалсан “Цогт тайж” киног хийхэд их дэмжлэг үзүүлж байсан гэдэг. Энэ тухай ярихгүй юу?
-Маршал Чойбалсанг “Цогт тайж” киног хийхийг санаачилсан хүн гэхэд хилсдэхгүй байх. Нэг удаа Маршал Чойбалсан Хатанбаатар Магсаржавын тухай жүжгийг үзэхээр очиж л дээ. Тэр жүжгийн эхлэлд Цогт тайжийг нутгаасаа зугтаасан урвагч мэтээр харуулсанд Маршал их уурласан гэдэг. Цогт тайжийн тухай ингэж ярьж болохгүй. Наад хэсгээ хас гэж их хилэгнэсэн байгаа юм.Үүнээс үзэхэд, Маршал Чойбалсан Цогт тайжийн талаар тэр үеийнхээс огт өөр бодолтой хүн байсан юм шиг. Мөн Маршал Чойбалсан ЗХУ-руу их очиж Сталинтай уулздаг байж. Тэгээд нэг уулзалтын үеэрээ Сталинд “Монгол Улсын Засгийн газар монголчуудынхаа эх оронч үзлийг сэргээх, эх оронч хүний тухай кино хийхээр шийдлээ. Манай улсад киноны мэргэжлийн зохиолч ялангуяа найруулагч байхгүй. Тийм учраас та бидэнд. сайн найруулагч өгч туслаач” гэж хүссэн байдаг. Энэ хүсэлтээс харахад, Маршал “Цогт тайж” киног хийхийг хүссэн гэж ойлгож болохоор байгаа юм.
-Киноны найруулагч Ю.В.Тарич гуай Монголд хэзээ ирж байсан юм бэ?
-Ю.В.Тарич гуай 1943 онд буюу 58 настай байхдаа Монгол Улсад ирсэн байдаг. Тэрээр “Монгол кино” үйлдвэрийн уран сайхны удирдаач гэдэг албан тушаалд томилогдож ирсэн юм. Тарич бол ЗХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, нэрт найруулагч хүн байсан.
-Тэр үед Цогт тайжийн талаарх хүмүүсийн ойлголт их буруу байсан байна шүү дээ. “Цогт тайж” киноны зохиолыг бичихдээ ямар эх сурвалжийг ашигласан байдаг вэ?
-Анх Цогт тайжийг Монголын эх оронч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч хүн байсан гэдгийг эрдэм шинжилгээний талаас гарган, дэлхий нийтэд мэдээллэсэн хүн бол ЗХУ-ын нэрт эрдэмтэн Владемирцов юм. Тэрээр хоёр гол зүйлээс түшиглэж Цогт тайжийн тухай бичсэн байдаг. Нэгдүгээрт, “Дуутын хар чулууны бичээс”, хоёрт гэвэл Цогтын цагаан байшингийн дэргэдэх Төвд, Монгол хэлээр бичсэн хөшөөний бичээсийг түшиглэсэн байдаг юм. 17 дугаар зууны үе Монголын феодлын бутарлын үе байсныг бид бүгд мэднэ. Цогт тайж бол 1630 онд Чингисийн алтан ургийн сүүлчийн хаан болох Лигдэн хаантай нийлж манжийн эсрэг тулдаан хийж байгаад “Хөх нуурт” очиж нас барсан түүхтэй байдаг. Өөр тодорхой баримт бол байхгүй. Цогт тайжийн тухай “Болор эрх” сударт эх орноосоо урвагч, манжийн эсрэг тэмцэгч гэж л бичсэн байдаг. Энэ бүгд хоорондоо их зөрчилдөөнтэй байдаг л даа.
-“Цогт тайж” киноны агуулгын хувьд ярьж өгөхгүй юу. Онцлог нь юу вэ?
-“Цогт тайж” киног эх орны тухай кино гэж харахаас гадна “Цогт тайж” киноны агуулга юу юм бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй байгаа юм. Агуулга бол цаанаа их гүнзгий шүү дээ. Буддын шашин дотроо улаан, шар гэсэн хоёр том урсгалтай байдаг. Монголчууд бол улааны шашинг баримталж байсан хүмүүс. Харин шарын шашин бол Төвдийн шашин юм.
Манжууд Монголчуудыг шарын шашнаар дамжуулан эзэлсэн шүү дээ. Ер нь Төвд улс, шарын шашин хоёр монголд түүхэн болоод оюун санааны хөгжлийг авчраагүй гэж би боддог. Үүнийг одоо хэлбэл улсууд эсэргүүцэх байх л даа. Энэ киноны нэг гол үзэл санаа бол энэ юм. Кинон дээр гардаг шүү дээ. Манжийн Амбагай сэцэн хаан цэргийн хүчээр монголыг эзэлнэ гэхэд Төвдийн илч Дамбийням /гавьяат жүжигчин Гомбосүрэн тоглодог/ өөрөөсөө дэлгэмэл бурхан маш чадмагаар гаргаж хааны өмнө эвтэйхэн дэлгэдэг. Түүнийг үзвэл Манчир бурхан байдаг. Тэгээд “Энэ бол манай зэвсэг болно. Манчир бурханы хувилгаан хааны энэ гэгээн дүрээр монголыг дагуулах соёрхлыг өршөө” гэж хэлдэг. Үүний дараа Амбагай хаан Монгол хүн бүгдийг цөм үсээ авсан гэлэн болговол яахав гэдэг шүү дээ. Энэ мэтчилэн шашны үзэл суртлын агуулга маш нарийн орсон байдаг. Үүнийг хойч үеийнхэн бодох ёстой зүйлийн нэг гэж хэлмээр байна. “Цогт тайж” киноны агуулгыг ухвал ийм л юм байгаа юм.
-Цогт тайж киноны хувьд ярихгүй юу. Хэр сайн кино вэ?
-Цогт тайж кино бол өнөөдөр ч гэсэн Монголын кино урлагийн ноён оргилуудын нэг байсаар л байна. Яагаад гэвэл найруулга талаас, жүжигчдийн тоглолт, зураглаач зэрэг үнэхээр сайн төгс болсон учраас хуучрахгүй байсаар байна. Өнөөдөр кино урлагийн алтан үеийнхэн гэж нэрлээд байгаа жүжигчид “Цогт тайж” кинонд өөрийнхөө залуу насыг мөнхөлж үлдээсэн байдаг. Үнэхээр тэр дүр жоохон гүйцэтгэл дутуу шүү гэх юм байдаггүй. Жоохон гараад өнгөрч байгаа дүрийг хүртэл жүжигчид их сайн амилуулсан байдаг. Цогт тайж кино яагаад сайн болсон бэ гэдгийг ахмад жүжигчдээс асууж байсан л даа. Тэр хүмүүс хэлэхдээ “Ю.В.Тарич багшийн сургууль хийлгэх хугацаа нь кино зураг авахаасаа илүү урт хугацаатай байсан” гэж хэлж билээ. Тэгэхээр тэр хүн ерөөсөө жүжигчидтэй маш нарийн ажилладаг хүн байсан. Тийм учраас хэрвээ Ю.В.Тарич байхгүй байсан бол “Цогт Тайж” кино гарахгүй л байсан. Мөн Б.Ренчин гуай байгаагүй бол Ю.В.Тарич гуай хоорондоо зөрчилтэй судалгааны материалыг ингэж сайхан гаргаж чадахгүй байсан юм.
-Цогт тайж киноны зохиолын хувьд Монгол хэлний уран яруу хэрэглүүрийг хэр ашигласан байдаг вэ?
-Тэр бол үнэхээр гайхамшигтай. Ярих юм байхгүй. Тэр Монгол хэлний уран хэрэглүүр бол Ю.В.Тарич гуайгаас гарах зүйл биш шүү дээ. Манай Б.Ренчин гуайгаас л гарах зүйл. Кино зохиол болгохийн хувьд Ю.В.Тарич гуайн нөлөө их байсан. Харин монгол ахуй, ёс заншил, монгол хэлний уран яруу хэрэглүүр бол яахын аргагүй Ринчен гуайтай холбоотой. Долгорсүрэн гуай надад нэг удаа ярьж байсан юм. “Б.Ринчен багш зургийн талбай дээр ирчихээд Монголын түүхийг их ярьж өгдөг байсан.
Тэр үед бид их гайхдаг байж билээ. Бид “Монголчууд нийгмийн хөгжил их хоцорчихсон, түүх гэж байхгүй шахуу, их соёлгүй, бүдүүлэг” гэж л ойлгож байсан. Бид ямар сайхан үүх түүхтэй улс байсан юм бэ гэдгийг Ринчен багшаас л мэдэж байсан” хэлж байж билээ. “Цогт тайж” кинонд гоё гоё үг байдаг. Тэр бүгд Ринчен гуайн үг л дээ. Кинон дээр гардаг шүү дээ. Арслан Лхасыг хараад Тэнгэрийн орон Лхас гэж хэлэхэд Гюүн баатар бидэнд бол дайсны орон шүү дээ гэж хэлдэг энэ мэтчилэн айхтар нарийн шигтгээ үг олон байдаг.
-Сүүлийн үед алтан үеийнхний тоглосон киноны хальснууд цагийн аясаар элэгдэж голдоо тасрах, устах болсон. Таны хувьд тэр кинонуудыг дахин сэргээж хийх бодол байдаг уу?
-Тэр их хэцүү л дээ. “Цогт тайж” киног Франц улсаас шинэчилэн хийж өгсөнд би их баярладаг. Киноны рефараци маш чимэхлүүр ихтэй хэцүү ажил байдаг. Хоёрдугаарт, асар үнэтэй хийдэг л дээ. Филонк нь дээр үлдсэн киног бол сэргээж болдог. Сүүлийн үед хар цагаан киног өнгөт болгодог болж. Гэхдээ бараг өнгөт болгоод хэрэггүй л юм шиг санагддаг. Ямар киног өнгөт болгох, ямар киног хараар хийхийг бодох хэрэгтэй л дээ. Манайх бол рефараци хийж чадахгүй. Тэр байтугай байгаагаа сайн хадгалж чадахгүй байна шүү дээ. Орчин үеийн техник технологи байддаггүй л дээ.
Н.БАТЗАЯА
Эх сурвалж: www.mminfo.mn