Төвийн эрчим хүчний системийн станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлд эзлэх хувь 13.68 болжээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 0.72 нэгжээр хэмнэлт хийсэн байна. Тодруулбал, төвийн бүсийн эрчим хүчний системийн хувьд Дулааны III цахилгаан станц хамгийн өндөр хэмжээгээр дотоод хэрэглээгээ хэмнэж чадсан бол үүний араас Дулааны II, IV болон Дархан-Уул, Орхон аймгийн цахилгаан станцууд тус бүр 0.3-1.1 нэгжээр бууруулж чаджээ. Мөн баруун бүсийн болон Дорнод, Алтай-Улиастайн эрчим хүчний системүүдийн түгээлт, дамжуулалтын алдагдал ч буурсан болохыг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Монгол Улсын уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаагаас цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 7-10 хувь тогтмол өсдөг бөгөөд 2030 он гэхэд гурав дахин өсөх хандлагатай байгаа юм байна.
Г.ТУУЛ