2020 оны 01 сарын 08-ны өдөр, БНХАУ, Ханжао хот.
Инвескор групп болон Алибаба групп Монгол улсад Бизнес төв байгуулан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү Бизнес төвийн нээлтийг 2020 оны 3 сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цахим худалдаа эрхлэгч нарт боловсрол олгох, санхүүжилт, бизнесийн зөвлөгөө өгөх, БНХАУ-ын зах зээлтэй холбох зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Тус төв нь эхний ээлжинд Alibaba Business School-ийн Global e-Commerce Talent хөтөлбөрийн сургалтыг явуулж, Цахим худалдааны чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлдэхээр төлөвлөж байгаа юм байна.
Алибаба групп нь бизнесийн үндсэн чиглэл болох Alibaba, Taobaо, ТMall, 1688 гэсэн цахим худалдааны платформоос гадна Alibaba business school, Alipay, Ant financial зэрэг боловсрол, санхүү, финтек, хиймэл оюун ухааны салбарт хүч түрэн орж байна. Алибаба групп нь дунд хугацааны Глобал стратегийн хүрээнд 10 сая жижиг дунд бизнесийг дэмжиж босгох, 2 тэрбум хэрэглэгчтэй болох, Alibaba Business School-ээр дамжин 2023 он хүртэл 1 сая цахим худалдааны мэргэжилтэн бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа юм байна.
Монголын Инвескор групп нь санхүү, финтек болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, бизнес консалтингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цаашдаа үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн Монголын зах зээл дээр бус Олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ