Иран, АНУ-ын хооронд үүссэн хурцадмал байдал бага зэрэг намжлаа. Иран улс өчигдөр /2020.01.08/ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цохилтод өртөн амиа алдсан тусгай хүчний генералынхаа өшөөг авах зорилгоор Америкийн хоёр цэргийн баазыг бөмбөгдсөн юм.
Уг довтолгооны дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг дэлхий нийтээрээ чих тавин хүлээж байсан билээ. Тэрбээр удтал хүлээлгэсний эцэст мэдэгдэл хийж, Ираны пуужингийн цохилтын улмаас аль ч улсын иргэний амь нас хохироогүй гээд, энэ нь АНУ-ын армийн хамгаалах систем сайн ажилласных хэмээсэн байна. Мөн ноцтой хохирол учраагүй тул Иранд хариу цохилт өгөхгүй гэж мэдэгдэн, Иран улсыг цөмийн хөтөлбөрөө зогсоохыг уриалжээ.
Гэхдээ АНУ зэр зэвсгээр тулалдахгүй ч эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэв. Түүнчлэн Ираныг цөмийн зэвсгээс салгах үйл хэрэгт Хятад, Герман, Франц, Их Британи зэрэг улсуудыг хамтран ажиллахыг Ерөнхийлөгч Дональд Трамп уриалсан байна.
Зарим эх сурвалжууд Иран улс нь сөргөлдөөнийг хурцатгахгүйн тулд зориуд хохирол учруулахаас зайлсхийж, зөвхөн генерал Сулейманиг хөнөөсөн аллагад анхааруулга өгөх зорилготой пуужингийн цохилт өгсөн аж. НҮБ-д суух Ираны элч төлөөлөгч Маджид Тахт-Раванчигаас Трампын мэдэгдэлд Иран хэрхэн хандаж байгаа талаар тодруулахад тэрбээр нэгэнт өшөөгөө авчихсан тул АНУ-ын талаас дахин түрэмгийлэл гарахгүй бол Иран дахин довтлохгүй гэсэн утгатай зүйл ярьсан байна.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ