Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобусаар зорчиж явсан хүн унаж гэмтжээ. Учир нь автобус гэнэт тоормоз татсанаас болоод зорчигч бэртэн, ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн ч бэртлээ даалгүй нас барсан гэх мэдээлэл байна. Ар гэрийнхэн нь түүнийг энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байтал хүнд гэмтсэний улмаас ГССҮТ-д хүргэгдсэн болохыг мэдсэн аж. Автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд Толгойт-Ботаник чиглэлд явдаг /06-32/ УНИ улсын дугаартай “Hyundai aero” маркийн автобусыг Ц гэдэг хүн жолоодож явсан гэнэ. Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормозлож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Т.СОЛО