Компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, хөрөнгө орлогоо хуурамчаар мэдүүлсэн хэргээр баривчлагдан хоригдож байгаад батлан даалтад байх хугацаандаа Япон улсаас оргон зайлсан “Nissan” компанийн захирал асан Карлос Гон өчигдөр /2020.01.08/ хэвлэлийн хурал зохион байгуулжээ.
Тэрбээр одоо Ливан улсад амьдарч байгаа ба хэвлэлийн хурлын үеэр Япон улсын хууль шүүхийн тогтолцоо ямар хатуу ширүүн, шударга бус байдаг тухай ярьсан байна.
“Би шударга ёсноос зугтаагүй ээ. Шударга бус ёсноос зугтсан юм. Би Япон улсын төлөө 17 жил зүтгэсэн ч энэ улс намайг барьцаалсан мэт сэтгэгдэл төрсөн учир надад зугтахаас өөр сонголт үлдээгүй. Японы хууль шүүхийн хэт хуучинсаг, хатуу систем надад нэг бол үхэх, эвсэл оргох гэсэн хоёр сонголт л үлдээсэн. Миний зарим япон найз нар “Renault”-оос “Nissan”-ийг салгах ганц арга нь намайг зайлуулах гэж ойлгосон бололтой” хэмээн Карлос Гон ярьжээ.
Ливан, Бразил, Франц гэсэн гурван улсын иргэншилтэй түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд тэрбээр шүүх хурлыг Японоос гадна зохион байгуулбал оролцоход бэлэн буйгаа мэдэгдсэн байна. Түүний эхнэрийг мөн худал мэдүүлэг өгсөн гэж буруутган баривчлах тушаалыг Токио хотын прокуророос гаргасан юм.
Гоны хувьд энэ бүх хэрэгт өөрийгөө ямар ч буруугүй, “Nissan”-ны бусад захирлууд, Японы прокурорууд болон “Nissan”, “Renault”-ын нэгдлийг бэхжүүлэх төлөвлөгөөнд нь үл итгэсэн Засгийн газрын гишүүдийн явуулгаар хилс хэрэгт холбогдсон гэж мэдэгдсээр ирсэн билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ