Н.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэлт бол аргацаасан шийдвэр

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэлт бол аргацаасан шийдвэр

Н.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэлт бол аргацаасан шийдвэр

ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-д оруулж ирж, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжээд буй. Ингэхдээ тэтгэврийн зээлийг тэглэхдээ зургаан саяас доош хэмжээтэй зээлийг тэглэнэ гэж буй. Тэтгэврийн зээлийг тэглэх нь эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлж болох, эрсдэл нь юу байх талаар Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжихээр боллоо. Тэтгэврийн зээл тэглэж байгаа нь амьдралд нийцсэн шийдвэр мөн үү?

-Бусад оронд өр зээлийг тэглэх шийдвэр гаргалаа гэхэд зөвхөн санхүүгийн хямрал тохиолдож, тухайн хувь хүний өөрөөс үл хамаарах шалтгаанаар өрөө төлөх боломжгүй болсон нөхцөлд өрийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг авч үзэж байжээ. Гэтэл өнгөрсөн жилүүдэд манай иргэдийн авсан тэтгэврийн зээл нь хэвийн төлөлттэй явагдаж байгаа зээл юм.  Хэрвээ өндөр настнууд тэтгэврийн зээлийг төлөхөд хүндрэлтэй байна гэж үзсэн бол эхлээд тэтгэврийг барьцаалсан зээл олгож байгаа явдлыг зогсоож, үүний оронд халамжийн бодлогоо нэмэгдүүлэх ёстой. Зээлийн өрийг чөлөөлөх асуудлыг авч үзэхээр бол их хэмжээний зээл авсан нь илүү хожих бус, зээлийн үлдэгдэлтэй байгаа бүх өндөр настан ялгаваргүй адил хэмжээний хөнгөлөлт эдлэх тийм нөхцөлөөр шийдвэрлэж болох юм. Манай ойрын хөршийн нэг

Казахстан улс өнгөрсөн 2019 онд иргэдийн зээлийн үлдэгдэлд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ зөвхөн бага орлоготой иргэд, өрх толгойлсон эхчүүд, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн нийгмийн тодорхой бүлэгт л чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Одоо Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөлд тусгагдсанчлан нийт тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх байдлаар шийдвэрлэх гэж байгаа нь алдаатай, сөрөг үр дагавар ихтэй шийдвэр болно.

Тэтгэврийн зээлийг тэглэснээр эдийн засагт ямар эрсдэл, сөрөг үр дагавар учирч болох вэ?

-Хэрэв УИХ-аас тэтгэврийн зээлийн тэглэх тухай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлбэл дараах сөрөг үр дагавар гарах магадлалтай. Үүнд, хуулийн төслийн танилцуулгад дурдсанчлан “Эрдэнэс Монгол” ХХК бонд гаргахад хүрвэл тус компанийн санхүүгийн байдлыг доройтуулна.  Зүй нь тус компани олон жилийн туршид яригдаж байгаа Тавантолгой ордын төсөл дээр шинээр хувьцаа гаргах асуудалдаа анхаарал хандуулж, экспортыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх ёстой.  “Эрдэнэс Монгол” ХХК нийгмийн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэх ёстой компани биш. Засгийн газар ч бай, "Эрдэнэс Монгол" ХХК ч бай аль ч бонд гаргасан түүнийг бид ирэх жилүүдэд төсөвт орвол зохих орлогоосоо, эсвэл төсвийн орлогоосоо л төлнө гэсэн үг. Бонд гаргаж байгаа нь 2020 онд улсын төсвөөс гарах мөнгийг хойшлуулж л байгаа хэлбэр болохоос бус энэ төлбөр ямар ч нөхцөлд төсвөөс л төлөгдөх болно. Ийнхүү бондын төлбөрийг Засгийн газар, улсын төсвөөс төлөхтэй холбоотойгоор ирэх 2021-2024 онуудын улсын төсвийн орлого энэ хэмжээгээр дутуу тооцогдох, эсвэл бондын төлбөрийн хэмжээгээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд хүрнэ.

-Энэ оны тавдугаар сард дуусгавар болох ОУВС-гийн хөтөлбөрт энэ шийдвэр нөлөөлөх үү?

-Монгол Улс 2017 оны хавар ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг харилцан тохирч хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийг оновчтой болгож, зөвхөн хүрэх ёстой нийгмийн тэр бүлэгт л чиглүүлэх зэрэг үүргийг хүлээсэн. Тэтгэврийн өрийг тэглэж байгаа нь нийгмийн халамжийн үрэлгэн бодлогын нэг хэлбэр. Ийм бодлогыг хэрэгжүүлснээр ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зөрчихөд хүрэх тул ОУВС-гаас энэ онд олгох дараагийн шатны санхүүжилтээ өгөхгүй татгалзахад ч хүрч болзошгүй. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дуусгахын өмнө ОУВС-гийн ажлын хэсгийн шинжээчид Монголд ирж ажиллан, өнөөгийн төсөв, санхүү, мөнгөний бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийнэ.

Хэрэв бид ийм үрэлгэн бодлого хэрэгжүүлнэ гэвэл ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлөөс ирэх 6-7 дугаар сарын орчимд гарах дүгнэлтэд тун тааруу үнэлгээ авна гэсэн үг.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс Монголд өгч байгаа энэхүү үнэлгээ, дүгнэлтийг олон улсын хөрөнгө оруулагчид бүгд сонсоно, уншиж танилцана. Нэгэнт ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн үүргээсээ няцсан, төсвийн үрэлгэн бодлого хэрэгжүүлдэг, бодлогын хувьд тогтворгүй улс гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчид авах болно. Гэтэл Монголын хувьд ирэх 2021-24 онуудад гурван тэрбум ам долларын гадаад өр төлбөрийг төлөхөд санхүүгийн эх үүсвэр хангалттай бус байгаа. Ийм нөхцөлд бид гадаадын хөрөнгө оруулагчдад хандах, шинээр бонд гаргах шаардлага үүсч болзошгүй.

Монгол Улс олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад “Баяртай” гэж хэлэх хэмжээний санхүү, төлбөрийн чадвар суугаагүй, эдийн засаг эрсдэлд эмзэг хэвээр байна. Бодлогын хувьд тогтворгүй, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад хэлсэн амласнаасаа ухардаг, няцдаг улсад хөрөнгө оруулагчид итгэх итгэл суларна, зээлжих зэрэглэл суларч, бид илүү өндөр хүүтэй, өртөг зардал ихтэй бонд гаргахад хүрнэ. Өнөөдрийн гаргаж байгаа харалган бодлогын сөрөг нөлөөг УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах дараагийн УИХ, Засгийн газар хүлээх болж байна. Үүний зэрэгцээ гадаад, дотоодын олон бондын өр төлбөрийг төлөхийн тулд татварын хувь хэмжээгээ нэмэгдүүлэх, татварын дарамтыг нэмэгдүүлэх шаардлага ч үүсч болзошгүй. Оюутолгойн далд уурхайн төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд 2023 оны эцэс, 2024 онд л ашиглалтад орох төлөвтэй байгаа тул 2020-2023 онуудад Монгол Улс санхүү, төлбөрийн чадварын хувьд тун хүнд байх төлөвтэй байна.

-2020 онд биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ. Гадаад, дотоодын зах зээлийн хэлбэлзлийг ажиглаад үзвэл?

-Монголын эдийн засгийн 2020 оны төлөв байдлыг АНУ-Ираны зөрчил хурцдахаас өмнө ба түүний дараа гэсэн хоёр өөр нөхцөлөөр авч үзэх хэрэгтэй болж байна.  Тухайлбал, АНУ-Ираны зөрчил хурцдахын өмнө ямар төлөв байсан бэ. Үүнд, гадаад худалдааны эргэлт, үүний дотор экспорт буурах төлөвтэй, ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт эерэг гарах хүлээлттэй, эдийн засгийн өсөлт 5 -5,5 хувийн өсөлттэй, УИХ-ын сонгуулийн өмнө төсвийн зарлага нилээд нэмэгдэх төлөвтэй гэж үзэж байсан. Эсрэгээрээ  АНУ-Ираны зөрчил хурцдаж, дайны байдалд шилжсэн өнөөгийн нөхцөлд юу болж болох вэ гэвэл газрын тосны үнийн өсөлтөөс хамаарч импортын бензин шатахууны ханш өсөх эрсдэл, бензин шатахууны үнийн эрсдэлээс гадна валютын ханшийн эрсдэл нэмэгдэж, үүний үр дүнд өргөн хэрэглээний барааны үнэ ханш өсөх магадлалтай, экспорт буурч, импортын барааны үнийн дүн нэмэгдсэний улмаас гадаад худалдааны тэнцлийн ашиг буурах төлөвтэй, ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт сайнаас гадна саар дүгнэлт цөөнгүй орох магадлалтай болж байна. УИХ-ын сонгуулиас шалтгаалан иргэдийн гар дээр очиж байгаа төрөл бүрийн халамж, тэтгэмжийн мөнгөнөөс хамааран иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэж, улмаар төгрөгийн ханш сулрах, ам долларын ханш чангарах явдал ирэх 3 дугаар улиралд гарах магадлалтай, улмаар дээрх бүх сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлтийн хурдац саарах эрсдэлтэй байна.

-Улстөрчдийн энэ шийдвэрээс үүдээд УИХ-ын сонгуулийн дараах эдийн засгийн төсөөлөл ямар байхаар байна вэ?

-УИХ-аас Тэтгэврийн зээлийг тэглэх талаар хууль батлан хэрэгжүүлэх, үүнийхээ эх үүсвэрийг төрийн өмчийн компанийн бондоор хааж бичилт хийх нь аргацаасан шийдвэр болно. Цаашид УИХ-ын сонгуулийг хүртэл таван сарын хугацаанд энэ мэтийн судалгаа тооцоогүй, яаруу гаргах шийдвэр цөөнгүй ч гарч болзошгүй байна. Иймээс УИХ-ын сонгуулийн дараа 2020 оны долдугаар сард эмхлэгдэн байгуулагдах шинэ Засгийн газарт ихээхэн хүнд ачаа ногдохоор байна. Өөрөөр хэлбэл, төгрөг ба юаны своп хэлцэлийг сунгуулах амаргүй хэлцэлийг БНХАУ-ын Төв банктай хийх,саарал жагсаалтаас гаргах асуудлыг шийдвэрлүүлэх, төсвийн орлогын тасалдал, зарлагын хэт өсөлтөөс хамаарч 2020 оны улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсэх, ирэх 2021 оны нэгдүгээр сард төлөгдөх ёстой Чингис бондын өр төлбөрийн асуудлыг зохистой шийдвэрлэх, урьдчилсан бэлтгэлийг хангах, одоо үргэлжилж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг зарим томоохон төслийн дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх гэх мэт амаргүй олон сорилттой тулгарахаар байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж