Украины онгоцны ослын шалтгаан асуултын тэмдэгтэй хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Украины онгоцны ослын шалтгаан асуултын тэмдэгтэй хэвээр байна

Украины онгоцны ослын шалтгаан асуултын тэмдэгтэй хэвээр байна

Ираны нийслэл Тегераны Иман Хомейни олон улсын нисэх буудлаас өчигдөр /2020.01.08/ өглөө 6.00 цагийн үед хөөрсөн Украины “Boeing 737” онгоц хөөрөөд, хэдхэн минутын дараа осолдсон юм. Ослын улмаас нислэгийн багийн есөн гишүүн, 167 зорчигч, нийт 176 хүн бүгд амь үрэгдсэн гэсэн харамсалтай мэдээг хэвлэлүүд дамжуулав. Анхан шатны дүгнэлтээр онгоцны хөдөлгүүрт асуудал үүсч, гал гарсны улмаас онгоц жолоодлогоо алдан унасан гэв.

Хамгийн хачирхалтай нь, энэ осол Иран улс АНУ-ын цэргийн баазууд руу цохилт өгсний дараахан болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, зорчигч тээврийн онгоц АНУ, Ираны хооронд өрнөж буй сөргөлдөөний бай болчихов уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Амь үрэгдэгсдийн ихэнх нь буюу 82 нь Ираны иргэн байсан бол 63 нь Канад, 11 нь Украин, 10 нь Швед, Афганистаны 4, Германы 3, Их Британийн 3 иргэн байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд онгоцны хар хайрцгуудыг олсон ч Ираны зүгээс хар хайрцгуудыг онгоцыг үйлдвэрлэгч “Boeing” болон АНУ-ын талд өгөхөөс эрс татгалзаж, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-аас ямар ч оролцоо байх ёсгүй гэж мэдэгдэв.

 

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський болсон хэрэг явдлын талаар сонсмогцоо Оманд хийх байсан айлчлалаа цуцалж, амиа алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, Украин улсын зүгээс Батлан хамгаалахын сайдаа болон бусад холбогдох хүмүүсийг илгээж, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахыг тушаажээ.

Мөн энэ ослоор иргэдээ алдсан Британи, Канад, Герман гэх мэт улсын эрх баригчид ослын шалтгаан, үнэн мөнийг тодруулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Харин уг онгоцыг үйлдвэрлэгч АНУ-ын “The Boeing” компанийн хувьд хохирогчдын ар гэрийнхэнд хандан ийм үйл явдал болсонд харамсч байгаагаа илэрхийлээд, шаардлагатай бүхий л зүйлээр тусалж дэмжиж, мөрдөн шалгах ажиллагаан дээр ч бүхий л талаар хамтран ажиллахаа амласан байна. Мөн ослын шалтгааны талаар 2016 онд үйлдвэрлэгдсэн “Boeing 737” загварын хөлгийг Украины үндэсний агаарын тээврийн компани үйлдвэрээс гарсан даруйд нь худалдан авч байсан, харьцангуй шинэ онгоцуудын нэг аж. Хөөрөхөөс өмнө бүхий л шалгалтуудыг амжилттай давсан уг онгоц яагаад осолдох болсон талаар Тегеран дах Украины Элчин сайдын яамнаас анх террорист халдлага байж болзошгүй гэж мэдээлж байснаа хожим мэдэгдэлээ өөрчилж, техникийн асуудлаас болж осолдсон байж магадгүй, мөрдөн шалгах ажиллагааны албан ёсны дүгнэлтийг сонсох нь зүйтэй гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Нисгэгчдийн хувьд 7,000-11,000 цаг ниссэн туршлагатай нисгэгчид байжээ. Мөн зарим мэргэжлийн шинжээчид Украины онгоцны ослыг зүгээр нэг техникийн асуудлаас болсон осол гэж харахгүй байна. “Онгоц хөөрөхийнхөө өмнө бүх төлөвлөгөөт шалгалтаа амжилттай даваад хэвийн хөөрсөн. Хөөрөөд бүх зүйл хэвийн ниссээр 2,500 орчим метрийн өндөрт гараад гэнэт хөдөлгүүр нь шатаж, удирдлагаа алдан, радараас алга болсон гэж үзэж байгаа  бөгөөд энэ үйл явдал Ираны тал АНУ-д цохилт өгснөөс нэг цаг орчмын дараа болсон нь маш сэжигтэй байна. Хэрэв онгоцны хөдөлгүүрт үнэхээр ямар нэгэн зүйл болохгүй байсан бол нислэгийн багийн зүгээс нислэгийн удирдлагын төв рүү холбогдох хугацаа хангалттай байсан. Түүнчлэн Иран улс онгоцны хоёр хар хайрцгийг олсон ч үйлдвэрлэгчид өгөхгүй байгаа нь бүр хардлага өрүүлж байгаа юм” хэмээн Их Британийн нислэгийн шинжээч Кайл Байли хэлжээ. “The Boeing” компанийн зүгээс ч мөн уг осол техникийн асуудлаас  болсон гэх магадлал бага байна гэж мэдэгдээд байгаа юм.

Энэхүү ослын дараагаар “The Boeing” омпанийн хувьцааны үнэ бараг хоёр хувиар унажээ. Энэ удаагийн осол нь сүүлийн хоёр жилд болж буй тус компанийн онгоцны гурав дах осол болж байна. Гурван удаагийн ослоор 500 гаруй хүний амь нас үрэгдсэн байна. 2018 оы аравдугаар сард Индонезид, 2019 оны гуравдугаар сард Этиопд “Boeing 737 Max” загварын онгоцууд ижил төстэй шалтгаанаар осолдож, нийт 345 хүний амийг авч одсон билээ. Үүнээс үүдэн дээрх загварын онгоцны нислэгийг дэлхий даяар цуцалж, “The Boeing” компани ч хамгийн их борлуулалттай загварынхаа үйлдвэрлэлийг зогсоож, санхүүгийн хувьд ихээхэн алдагдалд ороод байгаа билээ. Харин Украины онгоцны ослын шалтгаан асуултын тэмдэгтэй хэвээр байна.

Эх сурвалж: BBC, CNN, BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж