П.Мягмардорж: Иран шатрын хүү байхаа больсон

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

П.Мягмардорж: Иран шатрын хүү байхаа больсон

П.Мягмардорж: Иран шатрын хүү байхаа больсон

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Ираны нөлөө бүхий генерал Касем Сулейманигийн амийг хөнөөсөн билээ. Үүний дараа Иран улс Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин харвасан явдал хоёр улсын харилцаа улам хурцдаж буйг харуулсан юм. Үүнийг зарим улс орон Ойрхи Дорнодод шинэ эрин эхэллээ хэмээн үзэж буй. Энэ асуудал цаашид хэрхэн өрнөх, манай улсад яаж нөлөөлөх талаар бид Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн ахлах багш, доктор, профессор П.Мягмардоржтой ярилцлаа.

-АНУ, Иран хоёрын хооронд өрнөж буй асуудлыг та яаж харж байна вэ, дэлхийн гуравдугаар дайн эхэлчихсэн үү?

-АНУ, Ираны асуудал гэнэт өнөөдөр үүсч байгаа асуудал биш л дээ. Нэлээд олон жилийн түүхтэй. Нэгдүгээрт, 1973 оны нефтийн хямралын дараа АНУ, Евразийн гол бүсүүд дээр хяналт тавих бодлого барих болсон. Иран бол нефтийн зах зээл дээр том тоглогч орон. Хоёрдугаарт, Ойрхи Дорнодын геополитикийн гол тоглолтын бүс дотор Исламын шашин том байр суурь эзэлдэг. АНУ-ын хувьд шашин хоорондын мөргөлдөөнийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролдож байгаа. Гуравдугаарт, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал. Олон улсын атомын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан энхийн зориулалтаар ашиглах ёстой 27 хувийн хязгаарыг Иран давчихсан. Цөмийн зэвсэгтэй болоход 70 хувийн баяжуулалт шаардлагатай байдаг. Судлаачдын үзэж буйгаар Иран одоо 50 хувь руу дөхөж яваа. Энэ бүхэн дээр АНУ хяналт тавьж, тогтоон барих хүсэлтэй. Үүний цаана ОХУ, БНХАУ гэсэн хоёр том тоглогч мөн байгаа юм. АНУ-ын гол өрсөлдөгчид бол энэ хоёр улс. Олон улсын харилцааны систем дээр АНУ-ын байр суурийг солих гэсэн оролдлого хүчтэй явагдаж байна. Үүний баталгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Ираны командлагч Касем Сулеймани амиа алдахад хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлсэн явдал. Энэ нь бид Ирантай сэтгэл зүрхээрээ ойр байгаа шүү гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Хятад мөн ялгаагүй, ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Энэ олон жилийн үйл явцыг том дүр зургаар нь харвал хүчний тэнцвэр дорно тийшээ эргэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Иран одоо шатрын хүү байхаа больсон. Харин шатрын морь, тэмээний хэмжээний тоглогч болсон. Өөрөө ч үүнийг мэдэрч байгаа. 80 сая хүн амтай, нефтьтэй учир эдийн засаг сайн, ер нь цэрэг стратегийн хувьд ч хүчирхэг. Генералын амь насыг хохироосон үйл явдал бол олон ашиг сонирхлыг өдөөсөн зүгээр нэг шалтаг. Үүнээс эхлээд асуудал хурцадмал болж байна шүү дээ. Гэхдээ дайны мөн чанар өөрчлөгдсөн өнөө үед ХХ зууных шиг дайн болох нь юу л бол.

-Судлаач багшийн хувьд цааш нь өрнөх үйл явцыг та хэрхэн урьдчилан төсөөлж байна вэ?

-Сая би хэллээ шүү дээ. ХХ зуунд болсон нэг, хоёрдугаар дайн шиг юм болохгүй гэж. Тийм дайн өрнөх ч үгүй байх. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн бол хоёр том блокийн дайн байсан. Одоо орчин цагийн олон улсын харилцааны түвшинд тийм дайн гарах нь юу л бол. Харин техник, технологи, тарифын дайн бол аль хэдийн эхэлчихсэн явж байгаа. Гурав, дөрөв гээд үргэлжлээд л явж байгаа байх. Хэрэв тийм сонгодог, хуучин дүрмээр дайн болбол Ираны талд БНХАУ, ОХУ хоёр орох болж байгаа юм. Гэтэл энэ хоёр улс тийм эрсдэлтэй алхам хийх эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа Хятадын талаас ийм эрсдэлтэй алхам хийхгүй. Хятадын гадаад бодлого их прагматик явж байгаа. Эдийн засгийн хувьд АНУ-аас маш их хамааралтай. АНУ-тай дайтна гэдэг бол тэдний хувьд амиа хорлохтой адил. Харин цаанаас нь Ираныг түлхэх, нөлөөлөх асуудал бол бий. Гэхдээ Ираны Гадаад хэргийн сайд “Бид ямар нэгэн хүчирхийлсэн үйл ажиллагаа явуулахгүй. Зөвхөн ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хариу арга хэмжээ авч байна” гээд мэдэгдчихлээ. Асуудал ингээд намжиж байгаа юм биш. Энэ үйл явдал дэлхийн олон улсын системд өөрчлөлт гарч буйг илэрхийлэх нэлээн том дохио юм. Дайн болохгүй ч том эрсдэлүүд бол гарна. Мэдээж АНУ-ын шийдвэрийг томоохон лоббичид болох зэсийн үйлдвэрлэгчид хүлээгээд л сууж байна. Тэд дайныг мөнгө хийх боломж гэж хардаг. Трампын бодлогыг шүүмжилдэг судлаачид эхнээсээ дүгнэлтүүдээ хэлж байна. Зарим нь энэ үйл явдлыг Вьетнамын дайны хувилбар гэж байгаа бол нөгөө хэсэг нь АНУ-ын гадаад бодлогыг хамгийн их бүтэлгүйтэлд хүргэж байгаа шийдвэр гэж үзэж байна. Миний хувьд Иран ч мөн амиа хорлосон үйл ажиллагаа явуулахгүй байх гэж бодож байна.

-Олон улсын харилцаанд савалгаа үүсэж эхэллээ. Энэ нь Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, бид юун дээр анхаарах ёстой вэ?

-Жишээлбэл, бидний гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэд өөрчлөлт орох байх. Цохилт өгсний дараа дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ шууд гурван хувиар өсчихсөн байна. Нефтийн үнэ өсөх нь манай эдийн засагт тийм таатай зүйл биш. Учир нь, бид нефть олборлодоггүй, хамааралтай байдаг. Тиймээс манай шийдвэр гаргагчид дэлхий дахинд өрнөж буй энэ асуудалд анхаарлаа хандуулж, бэлтгэлтэй байх ёстой. Гэтэл бид өнөөдөр тэтгэвэр, тэтгэмж, өр зээлээ яриад л сууж байна. Том дүр зургаар систем өөрчлөгдөж байгаа гэдгийг анхаарч бид дотроо бэлэн байх ёстой. Цаашид магадгүй эвгүй дүр зураг үүсэж болохоор нөхцөл байдалтай байна. Том гүрнүүд том тоглолтоо хийнэ. Үүнд жижиг улсууд өртөх магадлал өндөр. Бид хол байна, хамаагүй гэж болохгүй. Ер нь том зургаараа ХХ зууны төгсгөлд тогтсон АНУ давамгайлсан дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа шүү. Хятад, Орос гэсэн манай хоёр хөршүүд тоглоомын дүрмийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэж байна. Системийг өөрчлөхийн тулд хийж байгаа алхмуудын нэг нь Иранд нөлөөлж буй байдал. Тэгэхээр бид улс төр, эдийн засаг, гадааад бодлогын хувьд гаргаж буй  шийдвэрүүдээ сайн бодолцох ёстой болчхоод байна. Ер нь л бэлтгэлтэй байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
11
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж