Сонсголгүй иргэдээ сонсдоггүй ТӨР | News.MN

Сонсголгүй иргэдээ сонсдоггүй ТӨР

Сонсголгүй иргэдээ сонсдоггүй ТӨР

Сонсголгүй иргэдээ сонсдоггүй ТӨР

Монгол бол  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн ээлгүй улс гэж хэлж болно.  Гудамж талбайгаар явах, автобус унаагаар үйлчлүүлэх, хувийн болон төрийн байгууллагаар ороод гарахад олон, олон хүндрэл  учирдаг. Төр засаг ньч  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ хөсөр хаядаг нь ч худлаа биш. Нийгэмд оролцоо багатай, төр засаг нь төдийлөн тоодоггүй тэдэнд хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бий. Учир нь тэд Үндсэн хуульд зааж өгсөн амьд явах, сурах, хөгжих эрхтэй. Харамсалтай нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль цөөн. Ажил хийж, мөнгө олох боломж хомс. Тиймээс Монголын нийгмийн нэг эмзэг бүлгийн хүмүүс болдог.

Улсын хэмжээнд 2008 онд 79 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бол өдгөө  105 мянга болж нэмэгджээ. Тэдний 8406 нь сонсголгүй иргэд. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дотор нь хараа, яриа, сонсгол, хөдөлгөөн, сэтгэцийн бэрхшээлтэй гэж ангилдаг. Тэд бусдын тусламжгүйгээр амьдарч чадахгүй. Тэр тусмаа төр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ "хөгжлийн бэрхшээлтэй" ханддаг.  Тиймээс ихэнх нь нийгэмд эзлэх байр суурьгүй, эцэг эх, ах дүүгийнхээ тусламжтайгаар амьдарч байна. Өнөөдөр банкны зээлд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүн бараг байхгүй. Яагаад гэвэл ажилгүй, барьцаанд тавих хөрөнгөгүй. Тиймээс олонх нь гэр хороололд амьдардаг. Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарч байна гэх боловч энэ нь халамжийн мөнгө олгох төдийхнөөр хязгаарлагддаг. Харамсалтай нь, халамжийн тэр мөнгөөр хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн өмнө тулгардаг олон олон асуудал шийдэгдэхгүй.

Адаглаад хууль, цагдаа, эмнэлгийн хэрэгцээ шаардлага гарахад хэлмэрч байдаггүй. Тиймээс хэн нэгэн ах дүүгээ дагуулаад "хэлмэрч" болгохгүй бол төрийн болон хувийн аливаа үйлчилгээг авч чадахгүйд хүрнэ.   Түүнчлэн бусадтай харилцахад хэлмэрч дутагддагаас сурах, мэргэжил эзэмших, ажил хийхэд бэрхшээлтэй байдаг. Тэд дуу сонсч, кино үзэж, мэдээлэл авч чадахгүй. Монголд дохионы хэлээр мэдээллээ дамжуулдаг телевиз бараг байхгүй. Тэгэхээр 8406 хүн ямар ч мэдээлэлүй, таг харанхуй дунд амьдарч байна гэсэн үг.

Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын хэрэгцээ их байдаг ч төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй, тэднийг бэлтгэх, ажиллуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс сурах хүсэлтэй хүн цөөн. Ихэнхдээ сонсголгүй иргэдийн гэр бүлийнхэн л сурдаг аж. Уг нь эмнэлэг, цагдаа, банк бол хамгийн түрүүнд дохионы хэлтэй хэлмэрчтэй байх ёстой. Энэ бол хүнлэг энэрэнгүй нийгмийн наад захын шаардлага байх ёстой.  Хүнээ боддог төртэй бол дохионы хэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуультай байх ёстой. Харамсалтай нь, Монголын нийгэм тэдний хувьд хамгийн харгис санагддаг биз.

Дохионы хэлийг дохио, зангаа төдийхнөөр ойлгодог ч үнэн хэрэгтээ л бол бие даасан хэл юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы, хоёр дахь нь бичгийн хэл байдаг. Тухайлбал, АНУ-д л гэхэд албан ёсны хэлээ англи, хоёр дахиа испани, гурав дахиа дохионы хэл гэж хуульчилж өгчээ. Өөрөөр хэлбэл, дохионы хэлийг сонсголгүй иргэдийн төрөлх хэл гэж хүлээн зөвшөөрч, боловсрол эзэмшихэд нь анхаардаг гэсэн үг.

Монгол Улсад  дохионы хэлийг бие даасан хэл, сонсголгүй иргэдийн харилцааны гол хэрэглүүр гэж ойлгож, хүлээн зөвшөөрөх нийгмийн сэтгэл зүй бүрдээгүй. Уг нь бодлогоор 1980-аад оноос дохионы хэлний мэргэжлийн хэлмэрч, орчуулагчдыг бэлтгэж эхэлсэн ч өдгөө улсын хэмжээнд албан ёсны гэрчилгээтэй нь дөнгөж 50 орчим л байна.

29 дүгээр тусгай дунд сургуулийн багш Б.Бямбасүрэн “Сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй мэдээлэл өгөхийн тулд дохионы хэлний хэлмэрч маш чадварлаг байх ёстой. Дохионы хэлмэрчийн ажил бол маш хүнд ажил юм. Төрөөс дохионы хэлний хэлмэрчдийг бодлоготойгоор хэрэглэн гаргах, дэмжих орчныг бодлогын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай. Бидний чих, ам болж буй хүмүүс нь дохионы хэлний хэлмэрчид учраас дэлхийн хэмжээний хэлмэрчдийг бэлтгэх хүртэл анхаараасай. Өнөөдрийн байдлаар Монголд дохионы хэлмэрч маш цөөхөн, төрийн бодлого, дэмжлэг байдаггүй” гэж хэлж байсан удаатай.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-09 66.181.169.116

Төрийн дээдчүүл хөөрхий бас дүлийчүүд, хараагүйчүүд, мэдрэлгүйчүүд шүү дээ…

Avatar

Зочин 2020-01-09 202.21.108.59

Төрийн этгээдүүд ДҮЛИЙ УЧРААС СЭТГЭН БОДОХ ЧАДВАР НЬ ТАГ ДҮЛИЙ БАЙДАГ НЬ АРГАГҮЙ ЭЭ!!ДАРААГЫН СОНГУУЛЬД ӨӨР УХААНТАЙ ЭТГЭЭДИЙГ СОНГО!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж