Тэг... нууц! | News.MN
Тэг… нууц!

Тамын тогоондоо…

АТГ-аас мэдээлснээр Монголын эдийн засагт учруулсан авилгачдын хохирлын хэмжээ 11,9 их наяд төгрөг. “Эрдэнэт” үйлдвэр 2019 онд хулгай, шахааг шахсанаар улсад 1 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Хоёр хятад маргалдаж байгаад гэрэл цохиулаад хурааж аваад төрийн мэдэлд шилжүүлсэн “Салхит”-ын орд буюу “Эрдэнэс силвер ресурс” компанийн ирэх жилийн төлөвлөгдсөн ашиг 1,1 их наяд төгрөг.

Монгол Улсыг саарал жагсаалтанд оруулсантай холбоотой шуугианаар валютын ханшийг тогтворжуулахаар зах зээлд нийлүүлсэн валютын хэмжээ 700 сая доллар буюу 2,6 их наяд төгрөг, өөрөөр хэлбэл энэ хэмжээний мөнгийг зах зээлээс Төв банк эргүүлэн татсан гэсэн үг.

Хөгшдийн тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах мөнгөний хэмжээ 734 тэрбум (2019 оны 11 дүгээр сарын 31-ны мэдээгээр), үүнээс хүү нь 127 тэрбум. Тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн дундаж хүү 17,9 хувь байгаа ба хүүг буруулж, хугацааг богиносгох арга хэмжээг байнга авсаар ирсэн байдаг. Хоёр жилийн өмнө бараг их наяд төгрөгт дөхөж байсан зээл алгуур буурч байжээ, гэвч сар шинийн үед зээл өсөх магадлалтай байдаг.

Эндээс буцаагаад хөөе! Хөгшдийн зээлийг тэглэхээр нэг их мөнгөний урсгал орж ирээд инфляц гаараад өгөх тухай ойлголт алга. Ердөө хоёр сарын өмнө 2,6 орчим их наяд буюу одоо нийлүүлэх гэж байгаагаас бараг 4 дахин их хэмжээний төгрөгийг татсан тул буцаагаад ¼-ийг нийлүүлэхэд инфляци өсөх үү? Үнэндээ хатуу мөнгөний бодлого дотоод эдийн засгийг хагсаачихсан байна. Үүний улмаас төсөөлж байсан инфляцийн хэмжээ буурч 5 орчим хувьд байна, үнэндээ нөлөөлдөг юм гэхэд жилийн дараа дээд тал нь 1,0 орчим хувь хөдөлгөж магадгүй гэж эдийн засагчид тооцжээ. Гэхдээ бодит байдалд нөлөө байхгүй гэж банкныхан хэлж байна.

Гол нь энэ мөнгө зах зээлд шууд нийлүүлэгдэхгүй, дансан дахь өр тэглэгдэж, банкуудад үнэт цаас болж байршина. Ийм тохиолдолд бүр ч нөлөө багатай, тиймээс инфляцид санаа зовогчид бүтэн нойртой хонож болно.

Үнэндээ “Эрдэнэт”-ээс хулгайлж байсан мөнгийг энэ жил “олж ирсэнтэй” тэнцэх мөнгө. Урьд өмнө “Эрдэнэт” үйлдвэрээс хөгшчүүлийн өрийг бүрэн тэглэх хэмжээний мөнгө хулгайлж байхад хүмүүс, ялангуяа одоо үүнийг улайран эсэргүүцэгчид мэддэггүй байсан. Ялангуяа хамгийн их хийрхэлтэй эсэргүүцэж байгаа намын удирдагч энэ хулгайн их мөрөнд хүзүүгээ тултал орчихоод урсаж их удаан амьдарсныг санаж л байгаа байлгүй. Би хэлээд л байгаа шүү, хоёр нүүр гаргах хэрэггүй ээ гэж…

Харин зээл тэглэх мөнгөний хэмжээг авилгачдын учруулсан хохиролтой харьцуулах ч юм биш, ердөө 6,1-хэн хувьтай нь тэнцэнэ! Харин шүүмжлэгчид эдийн засаг-санхүүгийн мэдлэгтэй бол эргэлтэнд байгаа нийт мөнгөний хэмжээтэй, хамаагүй М1, М2-той энэ тэглэх мөнгөний хэмжээг харьцуулаад үз! Инфляцид нөлөөх үү? Үгүй л дээ…

Багагүй сүр дуулиантай улсын мэдэлд авч, өнгөрсөн 6 дугаар сараас лиценз нь “Эрдэнэс силвер ресурс” нэртэй болсон компанийн мэдэлд очсон Салхитын полиметаллын орд 1117 кг алт, 808 тонн мөнгөний нөөцтэй. Ирэх жил 2,5 их наяд төгрөгийн орлого олох ба үүнээс 1,1 их наядын ашигтай ажиллана. Борлуулалт баталгаатай, олборлосон алт, мөнгийг Төв банк худалдан авч нөөцөө зузаатгана. Тиймээс худалдан авагч тал Хөгжлийн банкны баталгаагаар ашгийг бонд болгож арилжааны банкуудад байршуулах ба өр тэглэгдэж, банкууд тэглэсэн өрийн хэмжээгээр баталгаатай бондтой үлдэнэ. Энэ бол бэлэн мөнгөний гэхээсээ үнэт цаасны, дансны гүйлгээ…

Харин “Салхит”-д бүх зүйл бэлэн, үйлдвэр нь, зам нь, эрчим хүч нь, бас хөрс хуулалтаа нэгэнт хийчихсэн орд нь… Тус ордыг огт мэдэлгүй Ц.Мянганбаяраас худалдаж авсан Ш.Мөнгөншагай “Хэрэв төр хүчтэй байгаад ордыг ингэж ард түмний төлөө ашиглах юм бол бизнесмэнүүд төртэй өрсөлдөөд байх шаардлага алга. Ямар ч монгол хүн үүнийг дэмжиж ордоо өгнө. Харин төрийн нэрээр авилгачид шүүх, цагдаагаар дамжуулж булааж авад өөрсөддөө мөнгө хийдэг бол бид тэдэнтэй өөрсдийнх нь аргаар өрсөлдөхөөс өөр замгүй, хуучин хууль ёс нь ч тийм л байсан, харин энэ удаад өөр болж байгаад баяртай л байна…” гэж байна.

Дэлхийн банк, ОУ-ын санхүүгийн байгууллагуудын судалгаагаар хүн амын 30 орчим хувь ядуурлын түвшинд байгаа бөгөөд үүнээс хамгийн эмзэг хэсэг бол амьжиргааны эх үүсвэрээ барьцаалан зээл авсан 233 мянган хөгшчүүл юм. Зээл авсан хөгшчүүлийн 86 хувь нь хэрэглээндээ буюу үр хүүхэддээ авч өгдөг, 14 орчим хувь нь л ашиг олох зорилготой байдаг ажээ.

Ингэтэл ядууруулсны ялыг өнгөрсөн 30 жил эрх барьсан нөхдөөс асууж болно л доо, гэхдээ зөвхөн тэднийг яллахын тулд 233 мянган ядуу хөгшчүүлийг давхар яллахчихаж болохгүй, тэр тусмаа түүнийг засах гэсэн оролдлогыг ус цацан унтраах гэж чармайх хэрэггүй юм. Үүрд ингээд л яваад байх ёстой юм гэж үү?

Тэтгэвэр барьцаалсан зээл бол тун харгис, настангууд хөдөлмөрийн чадвар сул учраас тэтгэвэр авч байна. Гэтэл амьжиргааных нь эх үүсвэрийг удаан хугацаагаар барьцаална гэдэг шууд ядуурлын тамын ёроол руу түлхэж байгаа хэрэг. Мэдээж хамгийн баталгаатай, төрийн сангийн эх үүсвэрийг барьцаалж байгаа ч “Зээлдэгч нас барчихвал яах вэ?” гэдэг асуулттай тулаад нас барсан тохиолдолд улсаас олгодог оршуулын зардлыг шууд зээлийн өрөнд суутгах, тэгээд үлдвэл ар гэрт нь, үлдэгсдэд нь хариуцуулахаар хуульчилчихжээ. Аймшигтай нь хамтын тэтгэврийн тогтолцооноос татгалзсаар байгаа хэр нь хамтын өрийн тогтолцоог хэрэгжүүлж явсан байна шүү!

Ингэсээр байсан хэр нь “Тэтгэврийн сан”-гийн орлого 2 хувийн нэмэгдэлтэй, зарлага талдаа 8 хувийн нэмэгдэлтэй, байнга 6 хувийн алдагдалтай явж иржээ. Тэтгэвэр барьцаалагдахаар сангийн мөнгө хүүлэгдэж шууд банкууд руу урсаж байж, үүнийг одоо яаралтай өөрчлөхгүй бол тэтгэвэр авагчдын ирээдүй туйлын бүрхэг бөгөөд хүнд байсан хэрэг. Үүнийг тэтгэвэр авдаггүй хэр нь эсэргүүцэж байгаа нөхөд мэддэг болов уу? Дээр нь “Капитал” мэтийн жижиг банкны дампуурлаар 240 тэрбумаар нь алдаад байхаар бүр ч баларч, яаж ийгээд дундуур дүүрэн болгохын тулд Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх замыг сонгосон биз дээ?

Ерөнхийлөгч хориг тавьсан, тэгээд дараагийн алхам болгож тэтгэвэрийнхнийг өрийн дарамтнаас чөлөөлж, сангийн урсгалыг хэвийн болгох гэж оролдож байна. Лайтай нь сонгуулийн жил таарчихсан тулд улстөржилт хэрээс хэтэрчээ.

Нэгэн цагт улс орон өрийн сүлжээнд ороод цус нь гүйхээ байж туйлдаж байсныг тайлах гэж махаа иддэг байсан, харин энэ удаад иргэд өрийн хүлэгт тэлчилж байхад хамгийн хүнд хэсгийг нь татаад гаргахад юуны буруу байх вэ?

Гагцхүү тамын тогооны үлгэрээр адилхан өртэй биднээс хөгшчүүлийг нь татаж гаргалаа, аав, ээжээрээ зээл авахуулаад өөрийнхөө өрийг хөнгөлчихөөд дараа нь төлсөн бол аятай юу гэсэн сэтгэхүйгээр нийтээрээ улайран эсэргүүцэж байгааг харах мөн ч хэцүү ажээ. Тийм ээ, бид яг нөгөө тамын тогооныхон мөн байгаа биз?

Одоо нам бүр иргэдээ өрнөөс салгах тухай ярьж, хүн бүр мөнгө шаардаж байна. Уг нь өр тэглэх асуудлыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед АН нэр дэвшигчдээ даалгавар болгосон ба харин тэр даалгаврыг Ерөнхийлөгч АН-ын магадлал муутай амжилтыг хүлээлгүй хийж орхилоо.

Үнэндээ АН-ын даалгаврыг МАН биелүүлжээ, олон намууд энэ их амжилтыг сонгуулийн өмнө өөртөө наах гэсэндээ ганирч галзуурсан мэт амандаа орсноо л хашгирч байна. Эсэргүүцлийн нэг шалтгаан энэ шүү дээ, бас өөр нэг маш энгийн шалтгаан бий. Энэ тухай удахгүй өгүүлнэ. Гэхдээ энэ удаад бол амжилтыг АН ба МАН өмчлөх тухай яриа байхгүй, учир нь төрийн шийдвэр юм. Чухамхүү төржүүлэхийн тулд ҮАБЗ-өөс зөвлөмжийг гаргажээ. Чухам ингэхийг ард түмэн шаардаж сонголтоо хийсэн, энэ удаад оножээ.

Одоо буцах зам байхгүй, эдийн засагт хүндрэл алга, хэд хэдэн чухал асуудлыг шийдсэний дотор маш чухал нь “Газрын хэвлийн баялгийг шууд ард түмэнд хүргэх” санаачлага амжилттай хэрэгжиж эхэллээ. Товч томъёолбол “З0 жилд 30 гэр бүлийн мэдэлд орсон улс орны газрын баялгаас 3 сая ард түмэнд хүргэх” ажлын эхлэл энэ байх…

МАН хууль санаачлан хэлэлцэж эхлэх гэж байна, гарцаагүй батална. Баталлаа гээд төсөвт нэмэлт өөрчлөлт хийх ч шаардлагагүй. АН санаачлагч учраас дэмжихээс өөр арга алга, хэрэв хэлснээсээ буцвал өөрсдөө сүйрнэ.

233 мянган ахмадыг гомдоочихоод сонгуульд ордог нам гэж ямар юм байх вэ? Эсэргүүцэгч бүр сонгогчдынхоо гол цөмийг алдах учраас туйлын болгоомжтой байхаас аргагүй.

Энэ мэт үндэслэл олныг нуршиж болно, түүнийг эдийн засагчид, санхүүчид, улстөрчид нь тайлбарлах биз, тайлбарлаж ч байна. Тэдэнтэй хутгалдах сонирхол алга. Харин би бол маш сонирхолтой нэг л юм гэрчлэн хэлж чадна.

Нууцыг хадгалсан нь

Одоо энэ хэрүүл маргааныг хараад айх нь хэрэв энэ шийдвэрийг гаргах гэж байгаа тухай мэдээлэл өмнө нь задарсан бол яах бол? Одоогийнхоос эс юм болох байв. Санхүү, эдийн засгийн аливаа шийдвэрийг гаргахдаа нууцлал алдах шиг аюул байдаггүй, тэгвэл шийдвэр гаргах аргагүйд хүрнэ, бүх ажил сүйрнэ.

Чухамдаа Ерөнхийлөгч, ҮАБЗ шийдвэрийг маш сайн нууцалж чадсан учраас нэг талаас энэ маргаан дэгдэж байна, нөгөө талаас жинхэнэ санхүүгийн хямралаас мултарчээ. Маргаан дэгдэж буйн учир нь зээл аваагүйчүүдийн тамын тогооны араншин. Тэд мэдсэн л бол харааж суухын оронд шууд хөгшдөөр зээл авахуулж, тэтгэврийн зээлийн хэмжээ нугарч өсөх байсан биз… тэгээд наад зах нь Салхитын 1,1 их наядын ашгаас давсан бол энэ шийдвэр хэрэгжих санхүүгийн ямар ч боломжгүй болоод гацах байв. Хэрэв тэгсэн бол одоо энэ зээл тэглэхийг эсэргүүцэж байгаа нөхөд зээлээ авчихаад харин ч тэглэхийг шаардаж байх биз…

Алдарт 20-р тогтоол гарч байхад нууц алдагдсанаас хэд хэдэн албан тушаалтан хадгаламжаа аварч үлдсэн гашуун түүх бий. Одоо ч тэр хүмүүсийг нэр цохон тааруухнаар дурсдаг биз дээ?

Ийм түүх дэлхийд ч бий. Манай улс ЗХУ-тай эдийн засгийн томоохон хэлэлцээрүүдийг 1947 оноос хийж эхэлсэн байдаг, сайн хараарай. Учир нь яг тэр жил ЗХУ-д рублийн шинэчлэл хийсэн юм. 1947 оны 12 дугаар сарын 16-аас хуучин рублийг нэг долоо хоногийн дотор сольсон юм. Шинэ рубль хуучны арван рубльтэй тэнцэж байжээ.

Шинэчлэлийн бэлтгэлийг чанд нууцалжээ. Домог мэт яриагаар Зөвлөлтийн Сангийн сайд А.Г.Зверев (тухайн үед түүнийг үзэн ядаж, овгийг нь сольж, араатан (Зверь) гэж ярьдаг байжээ) эхнэрээ ванны өрөөндөө түгжиж, орлогч нараасаа мөн ингэхийг шаардаж байсан гэдэг.

Мөнгөгүй бол дурын, тэр ч байтугай хамгийн баатарлаг арми ч байрнаасаа хөдөлж чадахгүй. Жишээлбэл, ЗХУ гавъяа байгуулсан цэргүүдээ өгөөмөр шагнадаг  байсныг цөөн хүн мэддэг. Нэг мотортой онгоц унагасан нисгэгч 1000 рубль, хоёр мотортой онгоц унагавал 2000 рубль, танк сөнөөвөл 500 рублээр үнэлдэг байжээ. Цусаа урсгаж цуглуулсан, эзэн нь дайнд үрэгдээд өвлүүлсэн мөнгийг нь 10 дахин бууруулж солих гэж байсан хэрэг…

Шинэтгэлийн ачаар дайтсан бүх орнуудаас ЗХУ түрүүлж аж ахуйгаа сэргээж, мөнгөний системээ эрүүлжүүлжээ. 1950 он гэхэд ЗХУ ҮНБ-ээ бараг хоёр дахин өсгөж, дундаж цалингийнхаа бодит хэмжээг 2,5 дахин өсгөж чадаад тэр байтугай дайны өмнөх үзүүлэлтээс даван гарчээ.

Мөнгөний шинэчлэлтэй нэгэн зэрэг картын болон нормын системийг халжээ. Тэгэхэд Англи гэхэд картынхаа системийг 1950-иад оны эх хүртэл хадгалж байв. Англи, Франц, Герман, ер нь бүх Европ дайны дараа санхүүгийн утгаараа сайхан байгаагүй, бүр ч илүү хүнд байсан…

…Харин энэ удаад ҮАБЗ тэтгэврийн зээл тэглэх асуудлыг гарамгай нуусан билээ. Худал ярихгүйн тулд өөр дээрээ жишээ авъя л даа. Манай хөгшдөөс Уянгын ээж л бий, тэтгэврийн доод хэмжээ авдаг. Шалтгаан нь өнөө л хувьчлал, нийгмийн шилжилт, архивын замбараагүй байдалтай холбоотой. Олон жил ажилласан баримтууд нь дэлгүүрийн хувьчлал, шилжилтийн явцад олон байгууллага алга болохтой зэрэг устжээ, худалдагч байсан хүн.

Манай хадам зээлгүй байв, хэрэв манай Уянга мэдсэн бол мань хүн шударга загнаад чимээгүй байж мэдэх хэнхэг хүн байгаа юм. Харин ний нуугүй хэлэхэд би бол зохих арга хэмжээг авчихаж мэдэх, “орчин үеийн санхүү, эдийн засгийн зохих ухамсартай” хүн юм.

Ноднин оны мэндчилгээг бичихэд би байсан. Авсан, аваагүй ганц нэг санаа нэмсэн шиг өдрийн талыг Ерөнхийлөгчийн өрөө хавьд өнгөрөөсөн. Гарахдаа Ерөнхийлөгчийн зүүж байсан зангиаг дурсгалд авсан. Нотолгоо нь Ерөнхийлөгч Бал даргын өрөөнд орсон тухай пост бий.

Харин энэ жил редактор хэрэггүй гэсэн тул очоогүй, азны юм “Эсгий хийх газар…” гэгчээр баярын өдөр хий сүүдэгнэж байснаас гэртээ хэвтэж байсан нь дээр л дээ. Харин орой Уянгын албаны машиныг “Мэндчилгээ тараахад дайчилна, бэлэн байлга” гэсэн тул эхнэр эрт гэртээ ирэв. Эрт гэдэг нь яг ажлын цагаар гэсэн үг л дээ. Би ч “Юун сүртэй юм, тулгаж бичүүлээд л…” гэсэншүү юм бодож, эхнэр эрт ирсэнд амсагч тогоочоо хийж хэвтэв.

Тэгээд он солигдох мөчид шампанскаа бариад зогсож байтал “Ерөнхийлөгч: Тэтгэврийн өр тэглэх зөвлөмж гаргалаа” гэдэг байгаа. Хамгийн түрүүнд “Ээж минь! Зээл авчихгүй…” гэж дуу алдсан, шампанск ч “пад”…

Ерөнхийлөгчийн ээж ч мэдээгүй байх, шийдвэрийг ажлын цаг дуусч байхад гаргасан байв, бүх ажилтнаа тараагаад… ҮАБЗ-ийн ажлын албаны хэдхэн хүн мэдсэн байх, гэвч зээл олгохыг 26-наас албан бичиг явуулаад зогсоочихсон байж. Банкууд ч зөвлөмжийн талаар мэдээгүй юм билээ, 1 дүгээр сарын 2-нд ажил цуглахад хөгшчүүл шавж мэдээлэл авах гэхэд харилцагчдаа мэдээлэлжүүлэх юу ч үгүй сандарчээ.

Энэ нууцлал бол шударга алхам л даа. Шударга шударга бусын тухайд яг үүн дээр ярилцсан нь дээр… Маш сайн төлөвлөж, маш сайн нууцалж зарласан! Мэдээлэлтэй нь сэм очоод зээл авчихсан бол ямар сайхан байх вэ дээ… Бүр энэ талаар Сангийн сайд нь мэдээгүй тул эхнэрээ цоожлох шаардлагагүй байв. Харин тэр тухай сонсчихоод “төсөвт тодотгол хийхгүй” гэжээ, өөрөөс нь нуусанд гомджээ, гэвч энэ бол төсвөөс гадуурх шийдэл байсан юм. Харин парламент нь попроод илүү их тэглэлт хийнэ гэж улайрч зүтгэвэл түүнд ажил гарч магадгүй билээ.

Яахав манайхан зээлгүй ч өрөө тэглүүлсэн хүмүүсийн төлөө баярласан. Хөгшчүүл ялангуяа өр зээлээс их айж, их ч эмзэглэдэг, үр хүүхэддээ өр өвлүүлэх вий гэж өр нь өвдөж явдаг. Өмнөх нийгмийн ёс суртахуун, төлөвшил нь тэр. Бүгдээрээ урт наслаарай, хундага өргөж билээ, Та бүхний төлөө!

Өөр яах ч билээ дээ…

АВИАН БААТАРХУЯГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад хүн 2020-01-08 203.169.50.105

Тэр "сайхан" зөвлөмжийг чинь хууль боловсруулагч УИХ ёстой бантан болголоо. Цагаан сарын өмнө ахмадууд төдийгүй ард түмнээ талцуулчихсаныг чи юу гэсэн бол… Бас л сайхан уу БААТАРХУЯГ гуай

Avatar

Зочин 2020-01-08 192.82.77.80

хамаатан саднаараа авлигатай тэмцэх газарт ажилд орсон

Avatar

Зочин 2020-01-08 103.229.120.65

Угаасаа буруу ш дээ. Буруу гэдгийг нь мэдэж байгаа байж ийм юм бичдэг хүнийг хөлсний бичээч л гэх байх даа. Энд шударга ёсны бүх хэм хэмжээ алдагдчихаад байна.

Avatar

иргэн 2020-01-08 103.111.68.3

Маш сайхан бичжээ. Манайхан энэ тамын тогооноос салж чадахгүй сэтгэлгээтэй хүмүүс шүү.
Төрийн шийдвэрийг дэмжиж байна.

Avatar

Иргэн Монгол 2020-01-08 203.169.50.105

Зургаан саяын зээлийн зусарч минь тамын тогоондоо биш Үндсэн хууль зөрчсөн дөө байгаа юм

Avatar

Зочин 2020-01-08 64.119.24.93

МАШ САЙХАН ЭНГИЙНХЭЭР ӨГҮҮЛЖЭЭ. АРГАГҮЙ Л САЙН СЭТГҮҮЛЧ ЮМ. БАЯРЛАЛАА. АМЖИЛТ БИ БАС Л МЭДСЭН БОЛ ЭЭЖДЭЭ ЗЭЭЛ АВАХУУЛЧИХГҮЙ ЮУ

Avatar

амьдрал баялаг 2020-01-08 202.55.188.39

БААТАРХУЯГ Мь ИН ЧИ УЯНГААТАЙГА ХАМТ ХӨГШИРЧӨӨД САРД 300МЯН ТЭТГЭВЭР АВААД ХОТЫН ЗАХАД Ч ЮМУУ ХӨДӨӨ Ч Ч ЮМУУ НЭГ МУУ УМГАР ГЭРТ ХОНОГ ТӨӨРҮҮЛЖ БАЙН ГЭЭД БОДДОО. ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ШАНАЛГАСААР БАЙГААД 2 САРЫН ТЭТГЭВРИЙГ ЧИНЬ ЗЭЭЛҮҮЛЭЭД АВЧИЖ. ТЭГЭЭД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЛЭЭ. ЧИ МЭДЭЭЖ -24 сараар авчих минь яав гэж халаглана. тэгээд мэдээж 24сараар нь аваад хүүхэддээ приус аваад өгсөн хүнд атаархана. дургүй чинь хүрнэ.шударга биш хандсан төрд гомдоно. амьдрал баялаг шүү дээ

Avatar

Зочин 2020-01-08 66.181.171.34

Хуцдаг халтар вэ. Шантаажаар амьдрагч адгийн шаарууд шүү дээ шар Уянга та хоёр. Ёстой нэг таарсан таар шуудайнууд гэж танай гэр бүлийг хэлэх байх. Ой гутаж байна.

Avatar

иргэн 2020-01-08 202.72.245.123

12 дугаар сард 1400 ахмад настан 20 саяаас дээш буюу 100 тэрбум төгрөгийн зээл авсан тухай эрхэм гишүүний мэдэгдлийг юу гэж ойлгох вэ? Нууц алдагдсан гэж ойлгох уу, яах уу?

Avatar

мгл 2020-01-08 64.119.18.35

авгай нь еронхиилогчиин зовлох,ингэж толгой угаахаас яахав!!!байгалын баялагаас бугд тэгш хуртэх эрхтэйг ундсэн хуульд тунхаглажээ!!!! женко бол хаан банкыг монгожуулж авах л хувиин шуналаа манангын сонгуульд ялах сонирхолтой уялдуулж байгаа луйварчин гэдгииг ард тумэн гадарланашдээ

Avatar

Zochinzochin 2020-01-08 66.181.180.154

Naadakhaa daraa jilees Boch

Avatar

зочин 2020-01-08 66.181.182.93

Муу хөлсний бичээч.

Avatar

Зочин 2020-01-08 192.82.67.48

Тэр мөнгөө ахмадуудад яаг тэнцүү хуваагаад өг хамгийн шударга

Avatar

Зочин 2020-01-08 66.181.181.201

Yag unen yum bichejee zeel avaagui odoo olon yum yarij bga humuus bol jinhene hogiin garyyd

Avatar

Зочин 2020-01-08 72.196.192.250

Баатархуйяаг ухаантай хуй. Дарго нарийг умеерех ухаан олоод л байдаг гар

Avatar

Өндөр настан 2020-01-08 202.126.89.82

300,0 мянган төгрөгийн зээлтэй хүмүүс 200,0-гаад мянга байна.Хүүхдүүд нь ажилгүй_____ Тэд тэгээд зээл авах уу. Төгрөгийн ханш унаад байхад 2 идэхгүй хоолоо залгуулж байна шүү дээ. Паартай байшинд суучихаад, гэр хорооллоор явахгүй, амьдрал мэдэхгүй бурж бичих юм. Үнэнийг нь гэр хорооллын захын айлаар ороод хар. Наад УБ-т чинь монголын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна. Суурь судалгаагүй их худлаа бичих юм.

Avatar

Зочин 2020-01-08 180.149.93.14

ЯАХ ГЭЖ ХОТОД ИРЖ ИРСЭН ОРКУУД ВЭ. НАМАЙГ ХҮҮХЭД БАЙХАД УЛААНБААТАРТ ИЙМ ИХ ГЭР ХОРООЛОЛ БАЙГАА Ч ҮГҮЙ. ДАНДАА МУУ ОРКУУД

Avatar

И.Норовжав 2020-01-08 93.26.122.49

Алдарт 20 дугаар тогтоол нь ард түмнийг төрөөс шууд тулган хохироож хэлмэгдүүлсэн юм . Төр нь эдийн засагаа аварч , ард түмний амжиргааг хангах үүднээс энэ арга хэмжээг авсан байх . Иймд одоо улс ороны эдийн засаг чадавхиж байгаа учраас 20 дугаар тогтоолоор хохироосон ард иргэдэд хохиролыг нөхөн олгох цаг болсон байна. Энэ асуудалд саналаа нэгтгэцгээе.

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.69

Баттулгын баасны сав

Avatar

Зочин 2020-01-08 66.181.161.15

10 сард нэг өдөр 2 -3 хүн тэтгэврийн зээл авсан.Нэг эмгэн 2сарын зээл авсан. Хамт зээл авсан хүн нь эхнэртэйгээ хамт зээл аваад хотод байдаг хүүхэдрүүгээ 10 сая орчим төг шилжүүлсэн. Тэгээд жийп машиндаа суугаад явсан.3дахь хүнийг таны зээл дуусаагүй 300 гаруй мян төгийн үлдэгдэлтэй байна гээд зээл өгөөгүй. Өнөөдөр тэр жийп унасан баяны зээлийг тэглэх нь.Нөгөө 2 нь зээлгүй болохоор баяны тоонд орж байгаа юм байна лдаа. Жинхэнэ ядуу с нь хохироод үлдэх нээ. Ийм гоомой юм хийж болохгүй.

Avatar

Зочин 2020-01-08 202.126.89.252

Юун олон тэс хөндлөн таг худлаа тоо вэ. Ард олны толгойг худлаа тоогоор бөмбөгдөхөө зогсоо.

Avatar

Зочин 2020-01-08 202.126.89.83

тэнэг гарыг, Женког дагаад намираад эхлэхээр нь уншихаа ч байсан. Овоо уншиж байснааа Баатархуяг гэдгийг нь дундуур нь мэдээд урам хугарав. Хөөрхий, хэн нэгнийг сүүлдэж амьжиргаагаа залгуулдаг айл юм аа даа.
800 тэрбумын зээл тэглэхээр яах вэ? Нөгөө эрх хүүхдүүх маань ээждээ эрхлээд Приус 10 аа 20, 20 оо 30 болгоно. Ингээд, жамаараа байсан авто захад нэмэлт хөрөнгө орж ирээд, нөгөө хэд маань ногоон, иенээ гаргаад худалдаж авч оруулж ирнэ, энд эрэлтээс үүдэлтэй хомсдол үүсч Приусных нь үнэ өснө.

Avatar

ахмад настан 2020-01-08 202.9.46.51

190000 ахмад хэний төлөө саналаа өгөх бол оо ???

Avatar

Irgen 2020-01-08 64.119.19.226

Hutsaa nuuts zafarsan l bn lee

Avatar

ББ 2020-01-08 103.26.193.131

Угаасаа буруу ш дээ. Буруу гэдгийг нь мэдэж байгаа байж ийм юм бичдэг хүнийг хөлсний бичээч л гэх байх даа. Энд шударга ёсны бүх хэм хэмжээ алдагдчихаад байна.

Avatar

Зочин 2020-01-08 202.55.188.41

Монгол төгрөгийг Эрээнээс цааш хэн ч хэрэглэж үзээгүй, бүр огт мэддэггүй. Энэ нь Төв банкнаас хэвлэж гаргасан төгрөгийн масс хаашаа ч алга болохгүй Монголдоо үлддэг гэсэн үг. Тэгэхээр шинээр нийлүүлсэн төгрөг нь нэгж гадаад валют, нэгж бараанд ноогдох төгрөгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл инфляц болно. Америк доллар бол дэлхийн бүх улсад хэрэглэгддэг болохоор тэдний нэгж бараанд ноогдох долларын илүүдлийг дэлхийн бусад орнуудад шингээчихдэг гэж хэлж болно. Долларыг бүү төгрөгтэй харьцуул.

Avatar

Бигэр 2020-01-08 202.9.40.180

Нууцлал задарсан болохыг УИХ-ын гишүүн Мөнх-Оргил ярьлаа. Өмнө зурагтаар 2 сарын ярихгдаж байсан тухай МАН гишүүд ярьж байсан.

Avatar

настан 2020-01-08 202.126.89.123

Тун зөв юм хэлжээ. Зээл авхуулж чадаагүй нэг нь дотор хорссондоо байж ядаад байна. Түүний нэг нь Билэгт, Мөнх оргил нар…

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.124

Тэтгэвэрийн зээл тэглэхийг мэдсэн бол бүх ахмадууд зээд авах байсан нь үнэн. Одоо яаж харамсаж халаглаж байгаа нь түүнийг нотолж байна.

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.124

Зөв бичсэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж