Тэтгэврийн зээлийг тэглэх төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

LiveТэтгэврийн зээлийг тэглэх төслийг хэлэлцэхийг дэмжлээ

17 : 35
2020-1-8

Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч оролцов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын төрийн тэргүүн тааллаараа оролцох эрхтэй. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Хуулийн төслийг энэ хэлбэрээр нь дэмжих боломжгүй. Хэрэв энэ хэлбэрээр баталбал төсөл Үндсэн хуулийн Цэцэд очно. Өнөөдөр ахмадуудаас нэг нь ч тэтгэврийн зээл тэглэнэ гэхэд баярлахгүй байна.

Эндээс хоёр банк л хожно. Нийт 780 тэрбум төгрөг Төрийн банк, Хаан банкинд очно. Яагаад гэвэл ахмадын гарт нэг ч төгрөг очихгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх төслийг дэмжиж байгаа. Төслийг санаачилна гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Орон нутагт ажиллахад хамгийн тулгамдсан асуудал энэ байдаг. Тэтгэврийн мөнгөө хэдэн жилээр нь зээл аваад хэрэглэдэг. Өөрсдөө өлмөн зөлмөн. Эхний удаад зээлийн дарамтад байгаагаа чөлөөлж авах. Дараа нь зах зээлийн хүнд давааг давсан ахмадуудаа хамруулах.

Үүний дараа Иргэд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа тэглэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 80.5 хувь нь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдааныг өндөрлүүлээд байна. 

 

 

16 : 48
2020-1-8

Зээл аваагүй 192 мянган ахмадад Салхитын ордын орлогоос хүртээх гарц хайж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Уг төсөлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээл авсан ахмадын зээлийг нэг удаа тэглэхээр заасан юм. Нийт 239 мянган ахмад настны тэтгэврийн зээл тэглэгдэхээр байгаа. Үүнд 780 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд бонд гаргаж, эх үүсвэр бүрдүүлэхээр тусгасан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хоёрдугаар сарын 1-ээс ахмадууд тэтгэврийн зээл авахгүй гэж ойлгосон. Зээлээ төлчихсөн, зээл аваагүй хүмүүсийг яаж шийдэх вэ. Хөгжлийн банк оролцож байгаа нь хууль зөрчих үү. Зээл аваагүй ахмадуудыг яах вэ. Зээлийг нь хаачихаад байна. Цагаан сар болох гээд ахмадууд ууц боовоо авах гээд мөнгө хайгаад явж байна. Тэтгэврийн зээлийг хэн ч хүчээр өгөөгүй. Гурван сарын хугацаатай хүүгүй зээл урьдчилж авна гэдэг. Тийм мөнгө банкинд байгаа юм уу.

“Эрдэнэс Монгол” Т.Мөнхбаяр:

Одоогоор манай компани дээр ямар ч хуулийн маргаан байхгүй. Хуучин маргааныг нь асуугаад бна. Тийм зүйл байхгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

Тэтгэврийн зээл тэглэж байгаа асуудал арилжааны банкны бүтээгдэхүүнтэй холбоотой. Энэ бүтээгдэхүүн нь эрсдэлтэй учраас өөр зүйл гаргахаар ажиллаж байна. Хөгжлийн банк баталгаа гаргана. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Нийт ахмадууддаа тэнцвэртэй хандахаар шийдэл гаргана гэж ойлгосон. Зээл аваагүй тэд хамаагүй гээд орхисон 190 мянган ахмад настан бас л зээлээр амьдардаг. Ямар гарц гаргаж байна вэ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол:

Улсын хэмжээнд 421 мянган ахмад бий. Тэднээс 229 мянган ахмад нь 776 тэрбум төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн тэтгэврийн зээл  1.1 тэрбум.

Ахмадуудын 91 хувь нь 6 сая төгрөгийн, 21 мянга 400 иргэн 7-30 хүртэлх сая төгрөгийн зээл авсан байна. Төрийн банк болон Хаан банкнаас 95 хувь нь зээл авсан байгаа. Хуулийн төсөл дээр нэлээн бодож шийдэл гаргах ёстой гэж үзэж байгаа. Цаана нь 192 мянган зээл аваагүй иргэдэд байгалийн баялгаас яаж тэгш хүртээх вэ гэдэг асуудлыг ярилцаад Салхитын мөнгөний ордыг ашиглах явцад бонд гаргаж шийдвэрлэх. Салхитын мөнгөний ордоос орж ирэх орлогоос хүртээнэ гэж гаргалгаа гаргасан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг тодотгоё.

Өнөөгийн нийгмийг бүтээхийн тулд залуу насаа харамгүй зориулсан ахмадууддаа ач санах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Шударга хуваарилалт хүсч байна. Санжийн Баяр 2008 оны УИХ-ын сонгуулиар хүн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амласан цагаас популист уралдаан эхэлсэн.

Тэтгэврийн зээлийг тэглэхийг Шинэ нам дэмжиж байгаа. Тэтгэврийн хамгийн доод хязгаарыг 550 мянгад хүргэх ёстой гэж үзэж байгаа.

750 тэрбум төгрөг ямар их мөнгө вэ гэдгийг бодож үзье. 10 сургууль, 10 эмнэлэг барьж болно. 1000 км зам барьж болно. 50 мянгаас 100 мянган ажлын байр бий болгож болно.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

16 : 15
2020-1-8

Б.Билэгтийг чөлөөлж, Г.Байгалмааг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа. Тодруулбал, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва, Б.Билэгт нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Г.Байгальмааг 68.3,  Э.Батболдыг 68.3,  Д.Баяндүүрэнг 70.7,  Б.Ганбатыг 65.9, О.Амгаланбаатарыг 63.4 хувиар тус тус дэмжин, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо.

15 : 59
2020-1-8

Б.Пүрэвдорж: УИХ тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Тус хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тухай, Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр жагсаалтад багтаажээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Хуулиар биш тогтоолоор хийх боломжтой. Энэ асуудалтай холбоотойгоор бонд, баталгаа, Монголбанкны мөнгө хэвлэх тухай асуудал яригдаж байгаа.

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлаар тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгөх боломжтой. Тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн нь дээр.

Бондын асуудлыг компани гаргаж байгаа “Эрдэнэс Монгол” гаргах учраас компанийн тухай хуулиар шийдэх боломжтой. ТУЗ-өөс шийдвэрлэсний дагуу бонд гаргаад явж болно.

Хөгжлийн банкны баталгааны асуудлыг Засгийн газар өөрөө дангаараа шийдэх эрхтэй. Банкны тухай хуулиар явна.

Монголбанкны хуулиар төв банк Засгийн газрын бондыг л худалдан авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, компанийн бондыг төв банк мөнгө хэвлэж авах хуулийн зохицуулалт байхгүй.

Ийм нөхцөлд зээл тэглэх асуудлыг Засгийн газар өөрсдөө л шийд. Тус, тусын хуулиар зохицуулсан асуудлыг УИХ-д оруулж бантагнуулах шаардлагагүй. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд бүрэн шийдэх боломжтой асуудал” гэсэн юм.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлжээ.

Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 93.7 хувийн санал авсан бөгөөд тэрбээр 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм.

Харин нэр дэвшигч О.Амгаланбаатар нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 66.7 хувийн санал авсан бөгөөд 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд эксперт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томилуулах санал гаргажээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгожээ. Энэ талаарх Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн товч намтрыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж