Ерөнхийлөгчийн амлалтыг биелүүлэхийн төлөө МАН-ынхан нүдээ ухаад өгөхөөс ч буцахаа больсон. Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн санаачлагыг эрүүл саруул ухаантай болгон эсэргүүцэж байгаа. Эдийн засгаа түймэрдэх энэ мэт популизмын төлөөсийг эрх баригчид биш татвар төлөгчид төлдөг. Иймээс л эдийн засагчид энэ бол дэлхийд хаана ч байхгүй практик гэж тайлбарлах болсон билээ. Ерөнхийлөгчийн амлалттай холбоотойгоор Сангийн сайд албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байсан. Засгийн газрын хуралдааны дараа тэрбээр сэтгүүлчдэд хандан "Засгийн газар бонд гаргахгүй. Салхитын орд дээр компанийн бонд гаргаж болно. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ОУВС-тай ярина. ОУВС зөвшөөрөхгүй байх" гэсэн тайлбар өгсөн байна. Сангийн авдрыг нь цөм хоослох Ерөнхийлөгчийн популизмын эсрэг Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын бонд гаргахгүй" гэсэн биш З.Энхболдын занаанд дахиад л өртөв. Тэрбээр Ерөнхийлөгч Засгийн газрын бонд гаргах эсвэл Сангийн сайдаа солих ёстой болж дээ хэмээн нүүр номдоо жиргэжээ. Сангийн авдраа Ерөнхийлөгчийн амлалтад гөвөхгүй гэсэн Сангийн сайдыг солих уу эсвэл эрх мэдлийнхээ төлөө гэрээ шатаахад ч бэлэн байгаа Ерөнхийлөгчийг солих уу. Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар, З.Энхболд гурвын хэн нь жинхэнэ эх оронч вэ гэдэг нь эндээс харагдаж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ