Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёр хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Өмнөх хоёр жилтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт буурч байна” гэж томорсон. Гэвч малын хулгайчид дийлдэхээ болив.
Бусдын малыг аймаг, сум дамнуулан тууж, борлуулаад зогсохгүй, бэлчээрт мал нядалж, малчдыг амьжиргаанаас нь салгадаг болоод удаж байна.
Тодруулбал, өчигдөр /2020.01.07/ Төв аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Тэд 7-8 удаагийн үйлдлээр Төв аймгийн нутаг дэвсгэрээс 25-30 тооны мал хулгайлсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон аж. Хулгайн махаа Эмээлт захад Э.А, Х гэх ченж нарт борлуулсан нь тогтоогджээ.
УИХ-аас Зөрчлийн хуулийг батлахдаа малын хулгайчид ногдуулах ялыг зөөлрүүлсэн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлсэн гэж малчид шүүмжилж ирсэн.
Статистик мэдээлэл ч үүнийг нотолдог. Тухайлбал, 2019 оны эхний есөн сарын байдлаар 1269 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 85.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Гэвч УИХ-аас өнөөг болтол малын хулгайч нарт ногдуулах ялын бодлогыг чангатгасан хууль батлаагүй байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ