"Оны сүүлээр 10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээл ихээр гарсан байна"

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

"Оны сүүлээр 10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээл ихээр гарсан байна"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Энэ үеэр гишүүд  хуулийн төслийн талаар ажлын хэсгээс асуулт асуусан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах юм бэ. 2012-2016 онуудад Монголбанкинд ажиллаж байсан хэсэг нөхөд Монголбанкны өөрийн хөрөнгийг хасах 3 их наяд төгрөг болгосон. 2018 оны гүйцэтгэлээр одоогийн ажиллаж байгаа хүмүүсийн зүтгэлээр энэ  тоог хасах 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан. 2019 оны гүйцэтгэлээр энэ алдагдлын хэмжээ хэд болсон бэ. Мөн тэтгэврийн зээлийн хэмжээг тэглэх иргэн банк хоорондын харилцааг Засгийн газар батлах юм уу, үгүй юу. Засгийн газар оролцохгүй гэж төсөлд тусгасан байна. Ахмад настны эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалахыг хориглоно гэсэн заалттай. Үүнийг яаж зохицуулж байгаа юм бэ.

МОНГОЛБАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ:

Төв банкинд Эрдэнэс Ресурс үнэт металь худалдаалах таван жилийн гэрээ байгуулсан.Үүнийг нь ирээдүйд Монголбанк худалдаж авна гэдэг байдлаар зохицуулж байгаа. Төв банкинд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийгдэх нөхцөл байдал үүссэн. 2019 оны жилийн эцсийн байдлаар Монголбанкны өөрийн хөрөнгийн хэмжээ хасах 1.8 их наяд төгрөг буюу алдагдалтай байгаа гэсэн үг. Он гараад алтны үнэ өсөлттэй байгаагаас шалтгаалж дээрх тоо буурна.

ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:

-ҮАБЗ-ийн хэмжээнд тэтгэврийн зээлийг тэглэх хүрээнд ярьсан учраас 6 сая төгрөг хүртэлх гэдэг хязгаарлалтыг Засгийн газрын хуралдаанаар хассан. Одоогийн үйлчилж байгаа хуулиар ахмад настан өөрөө зөвшөөрөөгүй  бол тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалахыг хориглоно гэсэн. Төрөөс тэтгэврийн зээлийг тэглэх нэг удаагийн арга хэмжээ аваад цаашид тэтгэвэр барьцаалан зээл олгохыг шууд хориглоно. Цаашдаа өрхийн орлогыг дэмжсэн бүтээгдэхүүн гаргах уу, эсвэл богино хугацаатай хүүгүй  тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргах уу гэж Монголбанктай ярилцаж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:

Нийгэмд талцал авчирсан сэдэв болоод байна. Ядуу амьдралтай, захын хороололд амьдардаг иргэдэд зээлийн дарамт болж байгаа нь үнэн. Тэтгэврийн зээл олон жилээр урьдчилаад авсан иргэдийг нэг талаар дэмжих нь зөв. Хоёрдугаарт судалгааг хэр хийсэн бэ. Хэчнээн ахмад хэдэн сая төгрөг хүртэлх зээлтэй байгаа юм бэ. Нэгбүрчлэн гаргасан ангилал, тоо баримт байна уу. Эрсдэлийн зээлтэй хүмүүс ч байгаа. Мөн эрсдэлгүй зээлтэй хэдэн хүн байгаа вэ. Банкны нөхөд баярлаж байгаа байх. Эрсдэлтэй зээлийг нь төр хаах гэж байгаа учраас. Зээл аваагүй атлаа амьдралаа арай гэж залгуулж байгаа ахмад ч бий. Тэдэнд ямар нэгэн бодлого хэрэгжихгүй юм уу. Ялгаварлан гадуурхалт болох юм биш үү. Байгалын баялгийг гаднынхан хэдэн тэрбум, доллараар авч байхад хэдэн ядарсан ахмаддаа тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нь зөв. Гол нь ялгавартай хандаж байгаа нь Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө. Зээл тэглэх сургаар оны төгсгөлд зээл авсан хүмүүс байгаа юм биш биз. Банкны нөхөд шивэр авир яриад ах дүү, хамаатан садандаа зээл олгосон асуудал гарах вий. Ахмадаа харж үзэх цаг нь болсон гэдэгтээ зарчмын хувьд санал нэгдэж байгаа.

ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:

Бүлгээс Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хоёр ажлын хэсэг саналуудаа нэгтгэх боломжтой. Арилжааны банкуудаас судалгаа сайтар авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөгийн, 142 мянган ахмад 4 сая хүртэлх нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. 22 мянган иргэний 10 хувь орчим нь 6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл гэсэн үг. Хардлага сэрдлэг байхгүй. ҮАБЗ маш нууцын зэрэглэлтэйгээр гаргасан ийм шийдвэр. Зөвлөмжийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр бид Засгийн газрын хуралдаанаар мэдээллийг авсан арваннэгдүгээр сарын 31-ны байдлаар нийт зээлийн үлдэгдэл 775 тэрбум төгрөг байсан зээл жилийн эцсээр эсрэгээрээ буурч 758 тэрбум төгрөг болж буурсан. Үндсэндээ нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл дарагдсан.

Монголбанк:

2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байна. Үүний 0.7 хувь нь чанаргүй зээл.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

Нарийн судалгаатай орж ирэх ёстой. Миний ойлгосноор 10 саяас дээш төгрөгийн зээл бүгд оны сүүлээр гарсан байна лээ шүү. ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа гэсэн үг.  Энэ зээлүүд нь нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Зөвлөмж яг хэзээ гарсан юм бэ. Тоонуудаа нарийн гаргаж ирээ, маш их хэмжээний мөнгө оны сүүлээр гарсан шүү.

УИХ-ын гишүүн Б.ЖАВХЛАН:

Өргөн барьсан хуулийг харахаар зээл төлөх эцсийн субъект нь Төв банк байна. Тэгэхээр Төв банк мөнгө хэвлэнэ. Төв банк төгрөгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн хоёр зорилттой. Энэ зорилтуудад нийцэж байвал бусад үйл ажиллагааг хийх нь Төв банкны өөрийнх нь асуудал. Тэтгэврийн зээлийг тэглэх хууль Төв банкны хуультайгаа нийцэж байгаа юм уу. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө Төв банк ажиллах ёстой. Үүнтэй мөн яаж нийцэх юм бэ гэдэгт Монголбанк байр сууриа хэлээч. Ерөнхийлөгчөөс уг нь сонсмоор байна. Хамгийн том эрсдэл бол 2016 оны хүртэл төсвөөс гадуур мөнгийг алдчихаад дараа нь тэр шокноосоо яаж гарч өнөөгийн эдийн засгийн өсөлтийн тогтворжилтыг арай гэж авчирсан. ОУВС хамрагдаж цэргийн хатуу дэглэмд бид байгаа. Үүний үр дүнд эдийн засаг арай гэж өндийж байна. Гэтэл өмнөх хүндрэлүүдээ мартаад эргээд төсвөөс гадуур хяналтгүй маш том эдийн засгийн эхлэлийг тавих гэж байна.  Халамжийг тэлснээр популизмыг улам дэвэргэдэг. Нийгэмд асар буруу хүлээлт бий болгож, улс төрд дарамт их ирнэ шүү. Араас нь малчид, цалингийн зээл тэглэх хүлээлт, дарамт бий болно. Уг нь шийдэл гарц олон бий. "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК  нь дөнгөж эхлэлийн баланстай юм биш үү. Мөн Хөгжлийн банк нийгмийн чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг банк огтоос биш. Экспорт, импортыг дэмжиж, хөгжлийн бизнесүүдийг санхүүжүүлдэг ийм банк. Угтаа Засгийн газар баталгаа гаргаж байж, Төсвийн хуулиар зохицуулагдах ийм асуудал шүү. Баталгааны систем нь асуудалтай байна.

“Эрдэнэс Монгол” компани:

"Эрдэнэс силвер ресурс" компани 2019 онд тайлангаа анх удаа гаргана. Бондыг гаргахдаа бид СЗХ-той ажлын уулзалт хийж, санал солилцсон. "Эрдэнэс силвер ресурс" компани бонд гаргах боломжгүй.  Харин Эрдэнэс Тавантолгойн толгой компани болох "Эрдэнэс Монгол" бонд гаргах боломжтой.

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:

29 мянган ам.долларын өртэй улсад өр дээр нь өр үүсэх вий гэдэгт санаа зовниж байна. Тэтгэврийн зээл тэглэвэл Монголбанк мөнгө хэвлэхээс өөр аргагүй. Монголбанк эцсийн хариуцагч болно. Энэ ямар нэгэн хуультай зөрчилдөхгүй юу. Ганцхан сарын дотор яагаад 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл банкуудаас гарав. Өмнө нь нэг сарын дотор 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гарч байгаагүй шүү дээ. Энэ зээл тэглэх мэдээлэл чинь алдагдсан юм биш үү. Миний хувьд Ерөнхийлөгчийн он солигдох үеэр үг хэлэхэд нь мэдсэн.

Бичлэг хийсэн залуучууд нь хэзээ мэдсэнийг хэн ч мэдэхгүй. Хоорондоо мөн хэзээ ярьсныг нь ч мэдэхгүй. Яагаад ахмадаа ялгаварлаад байгаа юм бэ. Байгалийн баялгийн тэгш хуваарилалт гэдэг чинь алдагдах юм биш үү. Банкууд энэ бондыг авах заавал авах үүрэгтэй юу. Хаан банк 500 тэрбум төгрөг авна гэж байгаа ч үүнийг зөвшөөрч байгаа юм уу.

Монголбанк:

Анх хуулийн төсөл дээр санал авахдаа Монголбанкны мөнгөний бодлогын зорилттой нийцвэл худалдаж авна гэж саналаа өгсөн. Хэрэв үнэт цаасыг эзэмшсэн тохиолдолд Монголбанкинд алдагдал гарвал Засгийн газар үнэт цаас гаргах замаар нөхнө гэсэн зарчмын хоёр байр сууриа хүргүүлсэн.

"Эрдэнэс силвер ресурс" компанийн гүйцэтгэх захирал Т.МӨНХБАЯР:

Хамгийн сүүлд гаргасан ТЭЗҮ-гээр буюу лиценз шилжсэний дараа хоёр газар мэргэжлийн дүгнэлт гаргуулсан. Нэг нь Эрүүгийн цагдаагийн газраас маргаантай холбоотой асуудлаар нөгөө нь манай компаниас хийлгүүлсэн дүгнэлт. Хоёр дүгнэлт нийлсэн. 808 тонн мөнгө, 1.1 тонн алттай гэдэг нь нотлогдсон.

ХНХ-ын сайд С.ЧИНЗОРИГ:

Тэтгэвэр барьцаалсан зээл бол ХНХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргаж байгаа юм биш. Арилжааны банкны бүтээгдэхүүн. Үүнийг би сайдаар ажиллаж байгаа хоёр жил ярьж байна. Энэ бол буруу зүйл. Тиймээс энэ зээлийг солих ёстой. Хуульд богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа олгоно гэсэн заалт байхгүй. Би сайдын хувьд ийм бүтээгдэхүүн гаргах ёстой гэж Монголбанктай ярьж байгаа. Богино хугацаатай урьдчилгаа гаргавал Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргахгүй. Арилжааны банкуудаас гаргана. Харин Нийгмийн даатгалын сангаас үйл ажиллагааны зардлыг гаргана гэж ярьж байгаа. Арваннэгдүгээр сарын 31-ний байдлаар 775 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 147 тэрбум төгрөгөөр буурсан. Гишүүд зээл нэмэгдсэн гэж ярьсан учраас Хаан болон Төрийн банкнаас ямар зээл гарсан бэ гэдэг судалгааг авч байна. Мэдээллийг чуулган дээр ч юм уу өгнө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Иргэд тэтгэврээ хүүгүй, гурван сарын хугацаатай авна гэж байна. Үүнийг банк даа гэж хэлж болохгүй шүү дээ. Тэтгэврийн зээл авсан хүмүүс нэмэгдсэн байна шүү дээ. 100 тэрбумын зээл гарсан байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж