"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна.
“Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүсчээ. Одоогийн байдлаар Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилээнд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ.
Тэдэнд туслах хандивын аяныг "Бөртэ", "Алтай" хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж, өчигдөр /2020.01.07/ Монгол Улсын Консерваторийн хурлын танхимд Монголын урлагийн салбарын уран бүтээлчид цугларч хуралджээ. Тэдний эмчилгээнд зориулсан "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аянг өрнүүлж, 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид "Аравт" тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Продюсер Б.Чинбатын “Аравт”-ын хөгжмийн талаар судлаачид “Мандухай сэцэн хатан” киноноос хойших түүхэн киноны хамгийн шилдэг хөгжмийн нэг болжээ хэмээн үнэлсэн байдаг. Тиймээс түүнд зориулсан хандивын тоглолтыг уг алдартай бүтээлээр нь нэрлэсэн биз.
Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ