“Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг НББСШУБХ-ны хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулсны дараа асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Тус байнгын хорооноос ХНХ-ын сайд С.Чинзориг болон хуулийн төслийн ажлын хэсэгт хэд хэдэн чиглэл өгөв. Энэ тухай байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлэхдээ “Тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийн босго, хэмжээтэй танилцсан. Нийт тэтгэврийн зээлтэй 229 мянган ахмад байна.Үүний 91.5 хувь нь 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байгаа. Тиймээс асуудлыг энэ хүрээнд шийдвэрлэж, өр төлөх дээд хязгаарыг тогтоох нь зөв гэж байнгын хорооны гишүүд үзэж байгаа. Мөн 192 мянган ахмад зээлгүй. Тэдэнд зориулж ямар нэгэн шийдлийг оруулж ирэх ёстой. Хэлбэр, агуулгын хувьд ямар байх уу гэдэг саналаа оруулж ирээрэй. Асуудлыг цогцоор нь ярих хэрэгтэй. Нийгэмд ч гэсэн ийм хүлээлт байна” гэв.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.
Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.
Холбоотой мэдээ