Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг нэгдүгээр сарын 13-нд Европыг зорих нь ээ. Хамтлагийн залуус Хойд Америк дахь аялан тоглолтоо бүтэн дөрвөн сарын турш үргэлжлүүлж, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 10-нд эх орондоо ирээд байсан билээ.
Тэд 2020 онд Европыг дахин байлдан дагуулж, Франц, Норвеги, Ирланд, Австри, Шинэ Зеланд, Австрали улсаас гадна Азийн Япон, Малайз зэрэг орнуудад аялан тоглолтоо хийхээр шинэ оны төлөвлөгөөндөө багтаажээ. Мөн дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоор болсноо дуулгаад буй.
"The Hu" хамтлагийн 2020 оны аялан тоглолтын талаар хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогоос тодруулахад “Хамтлагийн залуус маань нэгдүгээр сарын 13-нд Европыг зорих гэж байна. Энэ оны аялан тоглолтын хуваарь гарч, тоглолтын тасалбар эрэлттэй байна. Аялан тоглолт хийх орнуудын дунд Австрали улс багтаж байгаа. Гал түймэртэй холбоотойгоор тоглолтын төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт орж, цуцлагдаагүй” гэдгийг хэлсэн юм.
Монголын “The Hu” хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч онд Европыг байлдан дагуулсан. Тэд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн ч дуугаа клипжүүлж, хоёр, гурван ч дуу шинээр бичүүлжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ