ХӨСҮТ: Эмчлүүлж буй хүүхдүүдийн 89.5 хувь нь хатгаатай байна

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Эмчлүүлж буй хүүхдүүдийн 89.5 хувь нь хатгаатай байна

ХӨСҮТ: Эмчлүүлж буй хүүхдүүдийн 89.5 хувь нь хатгаатай байна

Монголд хатгаа болон томуу томуу төст өвчин ямар хэмжээнд байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалтын үндэсний нэгжийн их эмч Ч.Уртнасангаас тодрууллаа. Уушгины хатгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Өвлийн улиралд хатгаагаар өвчлөх нь нэмэгддэг бөгөөд энэ нь томуу, томуу төст өвчинтэй шууд хамааралтай байдаг ажээ.

-Монгол оронд сүүлийн жилүүдэд хатгаа өвчний тархалт ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 12.7 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь өмнөх долоо хоног мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсдийн дотор 29 орчим хувийг эзэлж, өмнөх долоо хоног болон өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байна.

2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй 0-16 хүртэлх насныхны 89.5 хувь нь уушгины үрэвсэлтэй /хатгаа/ байна.

Нутгийн аль хэсэг болон хэдэн насныхны дунд хатгааны тархалт их байна вэ?

-Амбулаторийн үзэгт томуу томуу төст өвчний 10-аас дээш хувьтай байгаа 19 аймаг байна. Орон нутаг болон нийслэлийн хэмжээнд өвчлөл өндөр байна. Сүүлийн гурван жилийн дундаж, өмнөх оны мөн үеэс 3-7 хувиар илүү байна.

-Цаашид тархалт аль хэсгээр нэмэгдэх хандлагатай байна вэ?

Өнөөгийн байдлаар улирлын томуугийн А хэв шинжийн А(H3N2), В вирүс хүн амын дунд зонхилж байна. Томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийдэг. Шинжилгээний дүнгээс харахад респиратори синцитиаль вирүс мөн их байна.

ХАЛДВАР АВСНААС ХОЙШ 3-5 ХОНОГТ ХАМГИЙН ИХ ХАЛДВАРТАЙ

Томуу, томуу төст өвчнийг үүсгэгчийн 95 хувь орчим нь вирүс байдаг байна. Нийт 200 гаруй нэр төрлийн вирүс амьсгалын замын хам шинжээр илэрч өвчин үүсгэдэг аж. Мөн Монгол Улсад ихэвчлэн A хүрээний H3N2, H1N1 вирусүүд болон В хүрээний вирүс улирлын томуугийн дэгдэлтийн гол шалтгаан болж байна. Өвчний шинж тэмдэг халдвар авснаас хойш 1-5 хоног, дунджаар 48 цагийн дараа илэрдэг ба эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойш 3-5 хоногт хамгийн их халдвартай байдаг.

Халдвар ихэвчлэн агаар дусал, ахуйн хавьтлаар дамжин халдварладаг. Томуугийн вирус хүний хамар, залгиурын салст бүрхүүлд үржиж ярих, найтаах үед нус, шүлс, цэрний дуслын хамт гадаад орчинд цацагдан гардаг. Өвчтэй хүн 1 удаа ханиалгахад 50-70 мянган дусал, найтаахад 100-800 мянган дусал цацагдаж байдаг. Ахуйн хавьтал гэдэг нь өвчтөний нус, цэр, шүлсээр бохирлогдсон хамар болон нүүр гарын алчуур, аяга таваг, тоглоом зэргээр өвчин халдварлах боломжтой. Эрсдэлт бүлгийн хүн амд 5 хүртэлх насны хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насны хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон архаг хууч өвчтэй хүмүүс ордог.

Эмнэлзүйн голлох шинжин хувьд 38 ба түүнээс дээш халуурах, ханиах, цээжээр өвдөх, толгой өвдөх, бөөлжих, бие тамирдаж сульдах, хамраас шингэн нус гарах зэргээр илэрдэг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Хатгааг үүсгэж буй шалтгаан болох томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь вакцин. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 3500 орчим хүн сайн дураар томуугийн вакцин хийлгэсэн байна.

Түүнчлэн томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүний эрүүл мэндийн боловсрол чухал болохыг мэргэжилтнүүд анхааруулдаг. Тухайлбал, бидний мэддэг энгийн ариун цэврийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа гарын ариун цэврийг маш сайн сахих шаардлагатай.

  1. Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг авч олон хүн цугласан газраар явахгүй байх,
  2. Дулаан хувцаслаж, сайн хооллож, унтаж амарч байх,
  3. Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах амны хаалтыг тогтмол хэрэглэх, хоёр цаг тутамд солих,
  4. Нүд, ам, хамар нь томуугийн халдвар тархах зам учир бохир гараа хүргэхээс зайлсхийх,
  5. Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих,
  6. Хэрэв та болон танай гэрийн хэн нэгэн томуугаар өвдсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлж сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүй гэртээ үлдэж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
  7. Мөн томуугийн шинж илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж зөвлөлөө авах, дур мэдэн эмчлэхгүй байх хэрэгтэй

Р.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж