Уурхайчдын дунд амиа хорлолт нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Уурхайчдын дунд амиа хорлолт нэмэгдэж байна

Уурхайчдын дунд амиа хорлолт нэмэгдэж байна

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос уурхайчдын санал хүсэлтийн дагуу ажил, амралтын хуваарийг 14/14 байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахыг шаардаж, өнөөдөр /2020.01.08/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төв байранд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр уурхайчдыг уурхай дээр 40 хүртэл хоногоор байрлуулан, олон цагаар  ажиллаж байгаагаас үүдэн гэр бүл салалт, хөдөлмөрийн бүтээмж буурах, эрүүл мэндээрээ хохирох, сэтгэл зүйн таагүй нөхцөлд амьдрах тэр дундаа амиа хорлолт нэмэгдэх болсон талаар уурхайчдын төлөөлөл хэлж байв.


“МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХ БОЛНО”

“Бид Монголын УИХ гадаадын хөрөнгө оруулагчдын захиалгаар хууль батлах нөхцөл байдал үүсч байна гэж хардаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд орон гэрээсээ алслагдмал нөхцөлд ажиллаж буй уурхайчдын ажил, амралтын хуваарийг 20/10 байхаар хуулийн төслийн ажлын хэсэг дээр хэлэлцэж, өнгөрөгч арванхоёрдугаар сард дэмжигдсэн. Үүнийг Монголын үйлдвэрчний холбоо болон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эсэргүүцэж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 45 мянга гаруй уурхайчид ажиллаж байхад тэдний саналыг харгалзаж үзэлгүйгээр хууль батлах гэж байгаа нь шударга бус юм. УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уул уурхайн салбарт ажлуулах горимыг тодорхойлсон. Үүнд, уртын ээлжээр ажлуулахдаа ажлын хоногийг 20 хоногоос ихгүй, амралтын өдрийг 10 хоногоос багагүй байна гэдэг саналыг томъёолол дэмжигдсэн. Бид энийг эсэргүүцэж байгаагаа дахин хэлье. Хэрвээ энэ горимоор хууль батлагдах юм бол монголын уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлах болно гэдгээ мэдэгдье” гэв.

Монгол Улсын уул уурхайн салбар ДНБ-ий 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь нийт экспортын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг баялаг бүтээгч салбар бөгөөд 57.6 мянган хүн уул уурхайн салбарт ажиллаж байгааг танилцуулсан юм.

Энэ үеэр хурал зохион байгуулагчид уул уурхайн салбарын зарим аж ахуй нэгжийн ажил, амралтын цагийг танилцуулсан юм. Жишээлбэл, “Алтай хүдэр” компани 40 хоног ажиллаж, 20 хоног амардаг бол “Оюутолгой” болон “Энержи ресурс” компани 14 хоног ажлуулж, долоо хоног амраадаг байна. Мөн “Эрдэнэс таван толгой” компани ажилчдаа 14 хоног ажлуулж, 14 хоног амраадаг, “Тавантолгой” компани 20 хоног ажлуулж, 10 хоног амраадаг байна.

Харин дэлхийд уул уурхайн салбараараа тэргүүлдэг Канад улсын компаниудын хүнд тоног төхөөрөмжийн оператор долоо хоног ажиллаж, долоо хоног амардаг бол уул уурхайн ахлах инженер нь 10 хоног ажиллаж, 10 хоног амардаг. Мөн Австрали улсад өрөмдлөгийн ажилтан 14 хоног ажиллаж, долоо хоног амардаг бол зарим мэргэжлийн ажилтнууд найм хоног ажиллаж, зургаа хоног амардаг байх жишээтэй.

УУРХАЙЧДЫН ДУНД ГЭР БҮЛ САЛАЛТ, АМИА ХОРЛОЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

“Уул уурхайн салбарт ажиллаж буй ажилчдын ажил, амралтын хуваарь тэгш бус байгаагаас үүдэн гэр бүл салалт ихээр нэмэгдэж байна. Өнгөрөгч 2019 оны байдлаар нийт 4159 гэр бүл шүүхийн байгууллагаар гэрлэлтээ цуцлуулжээ. Үүний улмаас жил бүр 10 мянга орчим хүүхэд өнчирч байна. Шүүхээр гэр бүлээ цуцалж буй хосын мэдүүлгээс харахад нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хоёрдугаарт гэр бүл тусдаа байснаас үл ойлголцож, салах шийдвэр гаргасан гэсэн судалгаа бий” гэдгийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга Б.Долгор яриандаа онцолж байлаа.

Энэ үеэр “Оюутолгой” компанийн үйлдвэрчний хорооны дарга Ц.Дэлгэрхүү ярихдаа “Манай компанийн хувьд ажил, амралтын хуваариа 14/14  байхаар зохицуулж явуулдаг. Ингэхийн тулд манай үйлдвэрчний хорооноос ажилчдын ажил, амралтын хуваарийг тэгш байлгахаар 2018 оноос идэвхтэй дуугарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийт ажилчдын дунд санал асуулга явуулахад 1679 хүн хамрагдсанаас 78 хувь нь тэгш ажил, амралтын 14/14 хуваарийг дэмжсэн байгаа. Уурхайчид тэгш ажиллаж, амьдрах ёстой. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил, амралтын хуваарийг 20/10 болгосноор  амьдралынхаа 2/3 ажиллаж, өнгөрүүлнэ гэсэн үг” гэдгийг хэлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
12
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж