Иргэн та 2019 оны цахим төлбөрийн баримтаа цахим урамшууллын системд 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлнэ үү. Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгдөг билээ. Энэ хугацаа нь өнөөдрөөр дуусч байгаа учраас дараах мэдээллийг хүргэж байна.
2019 ОНД 13090 ИРГЭНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ДУТУУ, АЛДААТАЙ БАЙНА
Өнгөрөгч 2018 онд 15 мянга 464 иргэний хувийн мэдээлэл дутуугаас НӨАТ-ын урамшуулал нь Төрийн сан руу буцаагдсан. Харин 2019 оны эцсийн байдлаар 13 мянга 90 иргэний хувийн мэдээлэл дутуу, алдаатай байна. Татварын албанаас эдгээр иргэдэд хувийн мэдээллээ засварлах мэдэгдлийг и-баримт гар утасны аппликейшн болон портал сайтаар дамжуулан илгээсэн. Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан тохиолдолд таны 2019 оны НӨАТ-ын урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралд олгогдох юм.
Дашрамд хэлэхэд, бүртгэлийн нууц дугаараа мартсан тохиолдолд 131313 гэсэн тусгай дугаарт (асуултын тэмдэг) илгээж, нууц дугаараа сэргээх боломжтой. Мөн www.ebarimt.mn цахим хуудасны хувь хүн хэсгээс нууц үг сэргээх сонголтыг хийх боломжтой.
ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ИРГЭД БҮРТГЭЛЭЭ НЭГТГЭНЭ ҮҮ
Давхардсан бүртгэлээ нэгтгээгүй тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт иргэн таны дансанд орохгүй гэдгийг анхааруулъя. Зарим иргэд регистрийн дугаараараа НӨАТ-ын урамшууллын системд давхар бүртгэл үүсгэсэн байдаг. Эдгээр хүмүүс 2019 оны арванхоёрдугаар сарын 25-н гэхэд хувийн мэдээллээ нэгтгэсэн байх ёстой. Зарим нь хоёр, гурван ч бүртгэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Давхар бүртгэлтэй иргэдэд зориулан и-баримт портал сайтад “давхар бүртгэл нэгтэх” гэсэн цэсийг нэмж байршуулсан. Уг цэс рүү нэвтэрч давхар бүртгэлээ нэгтгэх боломжтой. Мөн butsaalt.ebarimt.mn сайтад давхар бүртгэлээ нэгтгэх зааварчилгааг байршуулсан байгаа.
“ААН ИЛГЭЭГЭЭГҮЙ” ТӨЛӨВТЭЙ БАРИМТУУДАА ИНГЭЖ ЗАСВАРЛАНА
“ААН илгээгээгүй” төлөв хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг. Жишээлбэл, иргэн та и-баримтын сугалааныхаа дугаарыг буруу бүртгүүлбэл энэ төлөв рүү орчихдог. Тэр тохиолдолд баримтаа устгаад, сугалааныхаа дугаарыг үнэн зөвөөр бүртгүүлбэл засварлагдана. Мөн аж ахуй нэгж байгууллагууд 72 цагийн дотор борлуулалтынхаа мэдээллийг НӨАТ-ын урамшууллын системд мэдээлэх үүрэгтэй байдаг.
Хэрвээ 72 цаг хэтэрчихвэл иргэд 1800-1288 тусгай дугаарт гомдол гаргах боломжтой. Гомдлын дагуу харьяа дүүргийн татварын хэлтсээс баримт олгосон аж ахуй нэгж дээр очиж татвар төлөгчийн баримт “ААН илгээгээгүй” байгаа шалтгааныг тодруулж, хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авдаг.
“ҮНИЙН ДҮН ЗӨРҮҮТЭЙ” ТӨЛӨВТЭЙ БАРИМТУУДАА ХЭРХЭН ЗАСВАРЛАХ ВЭ?
Энэ тохиолдолд иргэд өөрсдөө и-баримт сугалааныхаа үнийн дүнг бүртгүүлэхдээ буруу биччихдэг. Тэгэхээр НӨАТ-ын урамшууллын системд иргэний илгээсэн үнийн дүн, аж ахуй нэгжийн илгээсэн үнийн дүн нь таарахгүй байна гэсэн үг. Тэгсэн тохиолдолд дахин давтагдашгүй 33 оронтой тоог талбар хэсэгт оруулж, баталгаажуулснаар засварлагдана. Үнийн дүн зөрүүтэй баримтыг устгах шаардлагагүй.
"КАПИТАЛ"-ЫН ДАНСЫГ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭД ДАНСАА ШИНЭЧЛЭЭРЭЙ
И-Баримтын аппликейшнд Капитал банкны дансаа бүртгүүлсэн иргэд "Банкны данс" гэсэн хэсгийн мэдээллийг шинэчлэх шаардлагатай. Капитал банк татан буугдах үеэр тус банкинд харьяалагдаж байсан иргэдийн данс аль банк руу шилжсэнээс шалтгаалан тухайн банкны дансаа И-Баримтад шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай. Тухайлбал, Капитал банкинд данстай байсан иргэний данс Хаан эсвэл Төрийн банк руу шилжсэн бол И-Баримтдаа Хаан эсвэл Төрийн банкны дансаа бүртгүүлнэ.
ӨНГӨРСӨН ОНД НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТАВАН СУПЕР АЗТАН ТОДОРСОН
Өнгөрөгч онд нийт таван супер азтан тодорсон. Энэ оны нэгдүгээр сарын 20-ны тохирлоор 225 сая төгрөгийн азтан, тавдугаар сарын 19-нд хоёр супер азтан тодорч, 40 саяар нь хувааж авсан. Мөн зургадугаар сарын 16-нд 50 саятан тодорсон бол арваннэгдүгээр сарын 17-нд 90 саятан нэг тодроод байна.
Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал, азтан болсон иргэдийн тоо нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлсэн. Учир нь хэвлэгдсэн баримтын тоо өсч байгаа. Үүнийг дагаад баримтын баталгаажуулалтын хувь нэмэгдэж байна. Нийт баталгаажсан баримтуудын дунд сугалааны тохирлыг явуулдаг бөгөөд 1000 баримтаас нэг сугалааны азтан тодордог жишигтэй. Азтаны тоо багассан үзүүлэлт байхгүй. Супер азтанаар тодорсон иргэнд шууд нэвтрүүлэгт оролцох саналыг тавьдаг. Тухайн иргэн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд нээлттэй мэдээлдэг гэдгийг мэргэжилтэн мэдээлж байсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ