Анхаар, автобусанд суурилуулсан камераар зөрчил илрүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Анхаар, автобусанд суурилуулсан камераар зөрчил илрүүлж эхэллээ

Анхаар, автобусанд суурилуулсан камераар зөрчил илрүүлж эхэллээ

Нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд журам зөрчин, хөдөлгөөнд оролцдогоос нийтийн тээвэр саадгүй зорчих боломжгүй болж, түгжрэлд цаг алдаж байгааг хязгаарлах зорилгоор нэгдүгээр сарын 7-ноос эхлэн автобусанд суурилуулсан камерын бичлэгээр энэ төрлийн зөрчил илрүүлж, хариуцлага тооцдог болоод байна. Зөрчилд автобусны буудалд автомашинаа тавьдаг, таксинд явж байна гээд буудалд олон минутаар зогсдог жолооч нар ч орж, торгуулах болж буй юм. Энэ асуудлыг бид сурвалжиллаа.

Хотын төвийн гудамжаар том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөрдсөөр ирсэн. Энэ журам төдийлөн хэрэгжихгүй байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Өмнө нь үйлчилгээнд явж буй автобусны хөдөлгөөнд оролцох дундаж хурд нь 34 км/цаг байсан бол одоо хоёр дахин буураад байгаа ажээ.

Албаныхан эхний ээлжид Энхтайвны өргөн чөлөө дэх төв замын түгжрэлийг бууруулахын тулд автобусанд байрлуулсан камерыг ашиглана гэдгийг онцолж байсан юм. Тиймээс Багшийн дээдийн автобусны буудлаас Гурав, дөрөвдүгээр хороолол орох чиглэлийн автобусанд суулаа.

Бидний үйлчлүүлсэн автобусны жолооч Х.Бямбасүрэн “Автобусанд камер байршуулсан байгаа. Гадна талд нэмэлт камер байрлуулаагүй. Ер нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхад жижиг тэрэгтэй жолооч нар нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчлийг их гаргадаг. Жишээлбэл, суудлын машинууд туслах замаас орж ирэх, автобусны буудал дээр удаан зогссоноос замын түгжрэл үүсгэнэ. Ялангуяа Багшийн дээдийн хоёр уулзвар ажил цуглах, тарах цагаар түгжрэл ихтэй болчихдог” гэлээ.

НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ БҮРЭН ЧӨЛӨӨЛБӨЛ ТҮГЖРЭЛ 30-40 ХУВЬ БУУРНА

Дараагаар нь Шар хадны чиглэлийн автобусанд сууж, жолооч Ш.Сандагсүрэнтэй ярилцахад “Ер нь автобус зорчих эрхтэй нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж чадвал 30-40 хувь түгжрэл буурч, нийтийн тээврийн үйлчилгээ сайжирна гэж бодож байна. Ялангуяа орой ажил тарах цагаар Багшийн дээдээс Энхтайвны гүүрний чиглэлд хоёр цаг түгжирдэг. Түгжрэлтэй үед замын цагдаа зохицуулахдаа нийтийн тээвэртэйгээ хамт нэг цаг явуулахгүй хорьчихдог. Гэтэл түгжрэлтэй үед ядаж 500 мянган хүн зорчдог автобусны зорчигчдын эрх ашгийг бодож, явуулах ёстой юм шиг санагддаг юм.

Дөрвөн жилийн өмнө нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй автобус явдаг болгоход хүмүүс автобусаар их үйлчлүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр хувийнхаа суудлын тэргээр замын хөдөлгөөнд оролцох нь улам л ихсээд байх юм. Бид түгжрэлтэй үед бүхэл бүтэн дөрвөн цаг явах тохиолдол ч бий. Сүүлийн хэдэн өдөр арван жилийн сурагчид амарч байгаа учраас түгжрэл үүсэхгүй байна. Манай автобусанд камер суурилуулсан байгаа. Энэ камер нь нэгдүгээр эгнээгээр зорчиж буй зөрчлийг бичиж байгаа” гэв.

Автобусанд зорчиж явсан Н.Оюунцэцэг гуай “Би Тэрэлжээс хороолол орох гээд явж байна. Одоо замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарыг торгодог болж байгаа гэж дуулсан. Энэ ажлыг их дэмжиж байгаа. Автобусны буудлууд дээр суудлын авто машинууд зогсчих юм. Араас нь автобуснууд ар араасаа зогсоолдоо зогсох гэхээр жижиг тэргүүд нь явахгүй байгаа тохиолдол олон гарах юм. Үүнээс шалтгаалж, иргэд хүрэх газраа таван минутын өмнө хүрэх байсан бол 10 минут болж хойшлох жишээтэй” гэв.

“АВТОБУС БУУДАЛ ДЭЭРЭЭ ЗОГСОХГҮЙ, ЗОРЧИГЧИД АВТОБУСАНДАА ГҮЙЖ СУУДАГ”

Харин автобусны буудал дээр унаа хүлээж буй Ч.Энхтуяа “Заримдаа автобус их удаан хүлээнэ. Өдрийн цагаар хурдан үйлчлээд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ өвлийн улиралд автобусны үйлчилгээ арай удаан хүлээлгээд байдаг юм. Автобус зогсдог эгнээнд суудлын машинууд урдуур нь орж зогсоод хаачихдаг. Тэр тохиолдолд автобусны жолооч нар зорчигчдоо хаа хамаагүй буулгах тохиолдол гарна. Бид ч автобусандаа суух гэж машины наана, цаагуур гүйгээд л суухаас өөр аргагүй байдаг” гэж учирлалаа.

Ингээд түүнтэй хамт дараагийн автобусандаа суув. “Түгжрэлийн цагаар зарим жолооч нар автобусны буудлууд дээр машинаа тавьчхаад яваад өгдөг. Бид тэр машиныг тойрч гарах, хоёрдугаар эгнээ рүү орох гэж байгаад осол аваар хийх тохиолдол ч гардаг. Зарим жолооч нар тэр үйлдлийг ойлгохгүй дээрэлхүү зан гаргалаа гэх нь ч бий. Манай автобусны дотор талд камер байрлуулсан байгаа. Жолоочийн урд талд байрлуулсан камерт зөрчил гаргаж буй автомашины улсын дугаар тод харагдана. Одоо байрлуулсан камераа системтэй холбож, онлайн болгон, мэдээллийг хянадаг мэргэжилтэн давхар хяналтаа тавьж ажиллах юм байна лээ” гэдгийг Хорооллоос Офицеруудын ордны чиглэлд үйлчилдэг автобусны жолооч Н.Өлзийдэлгэр ярьсан юм.

“Нийтийн тээврийн нэгтгэл компаниуд өөрсдийн автобусандаа камер суурилуулсан байгаа. Тэр камеруудыг ашиглан сүлжээгээр нэвтэрч, мэдээллийг боловсруулснаар нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчлийг илрүүлэх юм. Нийтийн тээврийн нэгтгэл компаниудаас зөрчил гаргасан жолоочийн машин дугаар, зургийг нь бичлэгээр баримтжуулсан учраас илэрсэн зөрчлийг Замын хөдөлгөөн зохицуулах төв рүү илгээнэ гэсэн үг. Өчигдөр /2020.01.06/ нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компанийн ажилтнуудад сургалтыг зохион байгуулсан” талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга Ч.Алтанбагана тайлбарлав.

НИЙСЛЭЛД 200 ГАРУЙ АВТОБУСЫГ КАМЕРЖУУЛЖ, ОНЛАЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд 200 гаруй автобусыг камержуулж, онлайн сүлжээнд холбожээ. Харин бидний очиж сурвалжилсан “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хувьд бүрэн камержуулсан 68 автобус өдөр тутам иргэдэд үйлчилдэг байна. Эдгээр автобуснаас 27 нь Энхтайвны өргөн чөлөөнд үйлчилгээнд явж байгаа ажээ. Үүнээс гадна хот орчмын чиглэл тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан камераар зөрчил илрүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

Нэг автобусанд дөрвөн ширхэг камер суурилуулжээ. Тодруулбал, урагшаа зам руугаа, зорчигчийн хэсэг рүү, жолооч руу, хойноосоо урагшаа харсан гээд нэг автобусанд дөрвөн ширхэг камер байрлуулсан харагдана.

Дөрвөн камераас урагшаа зам руугаа харсан камерыг ашиглан нэгдүгээр эгнээгээр зорчиж буй зөрчлийг илрүүлж байгаа аж. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хувьд эхний ээлжид Энхтайвны өргөн чөлөөний чиглэлд хяналт тавьж ажиллаж байгаа учраас ганц оператор ажиллаж байв.

Энэ талаар тус компанийн Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан “Зөрчил гаргасан автомашины дугаартай бичлэгийг авч, Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээнэ. Тэндээс мэргэжилтнүүд улсын дугаарын дагуу хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах болно. Манай байгууллага нь нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа онлайн камерыг ашиглаж байгаа. Тодруулбал, өнгөрсөн оны хавраас эхлэн нийтийн тээвэрт камер байрлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн автобусанд байрлуулсан камерыг ашиглан замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй зөрчлийг илрүүлэхэд ашиглаж эхэлж байна. Манай компанийн хариуцаж буй операторыг сургалтад хамруулна гэсэн. Бидний зүгээс зөрчил гаргасан машины улсын дугаартай зураг явуулах юм уу, хөдөлгөөнтэй дүрс бичлэг бүхий мэдээллийг явуулах ёстой вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай байгаа” гэв.

“Эхний ээлжид нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусанд суурилуулсан камерын хүчин чадлыг үзээд, мэдээ мэдээлэл боловсруулах ажилтнуудыг томилсон. Тэгээд Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээллээ ирүүлбэл хуулийн дагуу арга хэмжээ ногдуулах болно. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд камерын хяналтаар жилд 550 орчим мянган зөрчлийг илрүүлж байна. Ойролцоогоор 12 тэрбум төгрөгийн торгууль ногдуулдаг гэсэн үг. Үүнд, автомашины хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчих, үзлэг оношилгоонд хамрагдаагүй гэх мэт долоо, найман төрлийн зөрчлийг илрүүлдэг” талаар Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд хэлж байсан юм.

Уг журам хэрэгжсэнээр зөвхөн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцохоос гадна автобусны жолооч соёлтой үйлчилж байгаа эсэх, буудлынхаа зогсоолд зөв орж зогсох, аюулгүйн бүсээ зүүх, гар утсаар ярихгүй байх зэргийг хянаж, хоёр, гуравдугаар эгнээгээр зорчсон нийтийн тээврийн хэрэгслүүдэд ч хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

 

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж