Дэлхийн дайн –III эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн дайн –III эхлэв үү?

Дэлхийн дайн –III эхлэв үү?

АНУ-ын Пентагоноос Ираны тусгай хүчний генерал Касем Сулейманиг хөнөөснөө зарласны дараа олон нийтийн сүлжээ Твиттерт  “Дэлхийн дайн-III” гэх “хаштаг” (#) тренд болов. Түүнийг Иракийн нийслэл Багдад хотод байхад нь АНУ-аас пуужингаар онож, Пүрэв гариг (2020.01.02)-ийн орой хөнөөжээ. Үүний дараа Ираны ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдсан ба Засгийн газар нь түүний өшөөг авна хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн Хезболлах бүлэглэлээс АНУ-ын цэргүүдийн байршлууд руу галлахаар сүрдүүлжээ. Мөн Иракийн парламент АНУ-ын армийг  улсаасаа гаргахаар шийдвэрлэсэн байна.

Касем Сулейманиг хөнөөсөн нь АНУ-ын хар өдөр 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагыг зохион байгуулсан аль-Каида бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладеныг устгаснаас илүү ач холбогдолтой. Учир нь Касем Сулеймани бол Ираны Исламын хувьсгалын хамгаалагч хүчин буюу Засгийн газрын тусгай албаны удирдагч байсан. Түүнийг бүлэглэл байгуулах замаар эргэн тойрны улсуудад сүлжээ үүсгэсэн гэж үздэг. Үүний жишээ нь Хезболлах бөгөөд өдгөө тус бүлэглэл Ливаны улс төрд давуу байдлаа тогтоогоод байна. Хезболлах бүлэглэлийн загварыг Сири, Иракт ч амжилттай нэвтрүүлсэн аж. Тэрбээр Багдадад айлчлах болсон шалтгаан нь Иракийн Ерөнхийлөгч нь Ираны дэмжлэгтэй улстөрчийг Ерөнхий сайдын сонгуульд нэр дэвшихийг хориглосноос үүдэлтэй аж.

Өдгөө АНУ болон Ираны хооронд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том сөргөлдөөн үүсээд байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Хиллари Леьеретт мэдэгдсэн юм. Харин АНУ-ын эдийн засгийн ердөө хоёр хувьтай тэнцэх Иран улс хуучирсан зэвсэг техникээрээ дэлхийн хамгийн хүчирхэг армийн эсрэг тэмцэх боломжтой юу? Гэхдээ АНУ-ын эсрэг хүйтэн дайны өрсөлдөгч ОХУ болон худалдааны зөрчилтэй Хятад улс, цөмийн зэвсгээр сүрдүүлэгч Хойд Солонгос зэрэг олон улс байгааг мартаж болохгүй.

Холбоотой мэдээ

Дубай, Израйльд цохилт өгөхөөр сүрдүүлэв

Дубай, Израйльд цохилт өгөхөөр сүрдүүлэв

Ираны исламын шийт урсгалыг баримтлагчид 1979 оны хувьсгалаар төрийн эрхийг авснаас хойш бослого, үймээн, дайн, хатуу чанга эдийн засгийн хоригийг сөрөн зогссон. Иймээс Иран улс нь Саддам Хуссейны Ирак эсвэл Кадаффигийн Ливи шиг амархан нуран унахгүй. Иракийн дайнаас хойш Ойрхи-Дорнодын улс орнууд нэг нэгээрээ тогтворгүй байдалд орсон. Арабын хавар эхэлснээр дарангуйлагч нар унаж, Сирид иргэний дайн дэгдсэн ба “Исламын улс” бүлэглэл гарч ирж, олон сая хүн орон гэргүй болж, олон тооны хүн амь үрэгдэж, дүрвэгсдийн урсгал гаарсан. Өдгөө Иран болон Саудын Араб улсууд Йемений дайнд хэн нь давуу талаа тогтоох вэ гэдгээр өрсөлдөж байна. Ойрхи-Дорнодын тогтворгүй нөхцөл байдалд ОХУ болон Туркийн нөлөө, хүч чадал сэргэсээр байна. Нөгөө талд Африк тивийн Мали, Буркина Фасо, Нигер, Сомали, Кени, Судан, Төв Африкийн нэгдсэн улсад босогчдын бүлгүүд тогтворгүй байдал, үймээн үүсгэсээр байна.

Дэлхийн дайн-II Их Британийн давамгайллаар өндөрлөсөн боловч дэлхийн тэргүүлэгчийн байр сууриа АНУ-д шилжүүлсэн. Үүнээс хойш АНУ тулалдсаар ирсэн. Гэвч сүүлийн гурван ерөнхийлөгч АНУ-ын сул талыг ил болгожээ. Ерөнхийлөгч агсан Жорж Буш Иракт дайн эхлүүлснээр бүс нутгийг галд автуулсан. Үүний дараа Барак Обамагийн үед “Исламын улс” террорист бүлэглэл байгуулагдаж, Сирид иргэний дайн дэгдэж, Украины зөрчлийг далимдуулан ОХУ Крым хойгийг буцаан авсан, Хойд Солонгосын цөмийн зэвсэглэл болон Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг ашиглан Бээжин нь цэргийн хүчээ бэхжүүлж, давамгайллаа тогтоож эхэлсэн. Харин одоо Дональд Трамп Ираны тусгай хүчний удирдагч, үндэсний баатрыг хөнөөснөө шударга ёсыг сахиулахын төлөө хэмээн маргаж байгаа нь дэлхийн дайн-III ирмэгт аваачлаа.

Дэлхийн дайн-III эхлэх магадлалтай зөрчлүүд өнгөрсөн онд нэлээд хэд байсан.

ИРАН VS ИЗРАЙЛЬ

Иран болон Израйлийн хоорондох зөрчлийн гал удаан хугацаанд уугьсаар ирсэн ба Ойрхи-Дорнодын цагтай тэсрэх бөмбөг юм. Иран нь Газын зурвас, Сири, Ливанд Израйлийн эсрэг бүлэглэлүүдийг дэмждэг. Үүний эсрэг Израйль нь Ираны эсрэг холбоотны бүлэглэлийг дипломат түвшинд байгуулахыг зорьжээ. Иран улс цөмийн зэвсгийн хөтөлбөрөө дахин сэргээсний хариуд Израйль шууд цохилт өгөх шийдвэрт хүрч болох байсан.

АНУ VS ТУРК

АНУ болон Туркийн хооронд өнгөрсөн онд зөрчил хурцадсан. Учир нь АНУ-ыг Сири улсаас цэргээ гаргахаа зарламагц Турк нь Сирийн хилийн дагуу байрласан курдын босогчдыг устгах ажиллагаа явуулсан юм. АНУ нь курдын дайчдыг эртнээс дэмжин тусалсаар ирсэн ба Туркийг цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол хориг тавихаар сүрдүүлсэн юм. Үүний хариуд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган цөмийн зэвсэгтэй болж чадна хэмээн мэдэгдэж хоёр орны харилцаа хурцдаж, Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-д нөлөөлөх болгоомжлол их байв.

КАШМИР

Хил залгаа Энэтхэг, Пакистан улсуудын харилцаа сүүлийн 10 жилд газар нутгийн маргаанаас болж эрс муудаж, дайны ирмэг дээр ирсэн. 1947 онд Их Британиас салсны даар Энэтхэг болон Пакистан улсууд байгуулагдаж, удаан хугацаанд хоёр талын хооронд зөрчил, мөргөлдөөн үргэлжилсэн. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн онд Кашмир бүсийн автономит эрхийг сулруулж, иргэдийнхээ иргэншлийг цэвэрлэх ажил өрнүүлсэн нь Пакистантай зөрчлийг өдөөжээ.

АНУ VS ХОЙД СОЛОНГОС

АНУ болон Хойд Солонгосын дайсагнал нь байлдааны түвшинд хүрч болохоор байлаа. Хоёр орны зөрчил 2017 оноос хойш хурцадмал байсан ба удаа дараагийн заналхийлэл, Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилт нь дайн эхлүүлэх өндөр магадлалтай байв. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх аргыг сонгосноор зөрчил намжсан. Гэсэн ч хоёр орны хооронд дипломат яриа хэлэлцээ үр дүнгүй байснаас Хойд Солонгосын удирдагч өнгөрсөн Зул сарын баяраар АНУ-д бэлэг илгээнэ гэж мэдэгдсэн нь олон улсыг хий түгшээсэн.

АНУ VS ХЯТАД

АНУ болон Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд ноцтой байна. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны алдагдлыг зогсоохоор Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф тогтоосноор хоёр орны хооронд худалдааны дайн дэгдсэн.  АНУ болон Хятад улсууд сүүлийн 18 сарын хугацаанд бие биеийнхээ бараа, бүтээгдэхүүнд олон тэрбум ам.долларын импортын тариф тогтоосноор олон улсын бизнест сөргөөр нөлөөлж эхэлсэн юм. Худалдааны дайн эхэлснээр Хятад улс нь Оростой харилцаагаа бэхжүүлж, эсрэгээрээ Өмнөд Солонгос, Япон гэх Ази дахь АНУ-ын хоёр гол холбоотонтой зөрчил үүсгэсэн. Нөхцөл байдал хүндэрвэл Өмнөд Хятадын тэнгист дайны оч асна гэж ажиглагчид дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
186
ХарамсалтайХарамсалтай
42
ТэнэглэлТэнэглэл
30
ХахаХаха
27
БурууБуруу
26
ЗөвЗөв
21
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж