Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Н.Баяртсайханыг явуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Н.Баяртсайханыг явуулсан уу?

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Н.Баяртсайханыг явуулсан уу?

Монголд дараагийн үеэ хардаг, улс төрийн нам, улстөрч байдаггүйг тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг даган гарч буй тэнэглэлүүд батлаад өглөө.

Төв банкных нь бодлогын хүү 11 хувь байхад дотооддоо 6 хувийн хүүтэй бонд гаргаж, ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг тэглэх санаачилга гаргасан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнээс л төрөх “аугаа ухаан” юм.

Төгрөг цаас болохыг нь мэдсээр байж, УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүн энэ асуудлыг дэмжиж, Ардчилсан намынхан балиашиглаж, МАХН-ынхан малчны, цалингийн, ипотекийн зээлийг тэглэхийг шаардах болсон нь парламентад суудалтай намууд 2020 оны сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялах нь нэгдүгээр асуудал болохоос биш үндэстний эдийн засгийн аюулгүй байдлыг аюулд оруулж буйгаа юман чинээ бодсонгүй.

Гудамжинд яваа улс төрийн хүчнүүд маргааш Сүхбаатарын талбайд гараад “Иргэн бүрт 100 сая төгрөг өгнө” гэж амлалт өгөн жагсвал масс тэр чигээрээ хуйлран дэмжихээр байна. Ийм л эмзэг нөхцөл байдалд эрх баригчид болоод сөрөг хүчин улсаа аваачлаа.

Улсаа нураах энэхүү санаачлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав нэг удаагийн уулзалтаар яриад шийдсэн нь юу л бол…

Улсын төсвийн түлхүүрийг атгаад сууж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлыг мэдээгүй гэж мэлзэж суугаа ч тавилттай жүжиг л ар, араасаа тоглон, мэдэн будилцгааж байна.

Хардлага байж мэдэх ч үндэслэл бас байж болох асуудал яригдаж эхэлсэн нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан дэмжээгүй тул эрх баригч хүчин “Саарал жагсаалт” –аар гул барин огцруулсан байж болзошгүй гэх. Хэрэв энэ хардлага баттай бол асуудал нэлээн эртнээс яригдаж эхэлсэн гэсэн үг.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй, судалгаанд үндэслэж гаргасан гэдгээ мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, ард түмэн тэтгэврийн зээл тэглэх болсныг Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлсэн тэр агшинд л мэдсэн, харин эрх баригчид бол хэдэн сарын өмнө биш юмаа гэхэд хэд хоногийн өмнө ийм асуудал болох гээд буйг мэдсэн байх магадлал маш өндөр байна.

Мэдээлэлд ойр хүмүүс Монголын хамаг лицензийг халаасалсан гэдэг шиг тэтгэврийн зээл тэглэх чимээ сонссон нь ээж, аав, хамаатан садандаа энэ тухай шивнээд 10, 20 сая төгрөгийн зээл авсан байвал яах вэ. Мэдээллийн нууцлал алдагдаагүй гэх баталгаа байна уу.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн жилийн гурван хувийн хүүтэй зээлийг УИХ –ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий компани авснаас эхлээд эрх баригч хүчний 40 шахам гишүүн нь энэ зээлээс авсан дуулиан ердөө нэг жилийн өмнө цацагдсан. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн төрсөн ах У.Давхарбаярын компанийн нэр ч цохиж яваа.

Эрх мэдэл, ар өврийн татуургагүй нөхцөлд энэ мэт төрийн хишгийг борчууд хүртэх нь ховор. Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ч эрх мэдэл дагаж, мэдээлэл ойрт нь түлхүү хүрч, хонжоо гаргасан байх вий гэдэг хардлага, болгоомжлол олон нийтийн дунд "сэвэлзээд" эхэллээ.  УИХ-ын гишүүн, Шинэ намын дарга Ж.Батзандан өнөөдөр /2020.01.08/ мэдээлэл хийх үеэрээ "Арванхоёрдугаар сард зохиомол зээлийн хэмжээ, зээлийн бичилт эрс нэмэгдсэн гэх гомдлууд ирж байна" хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 410 мянган ахмад байгаагийн 229 мянга нь тэтгэврийн зээл авчээ. Тэдний 90 хувь нь 6 сая төгрөгөөс доош зээл авсан бол 27 мянга гаруй нь 10-20 сая төгрөгийн зээл авсан юм байна. Ажил , хөдөлмөр эрхэлдэг нь ч 10 сая төгрөгийн зээл авах боломжгүй байхад 20 сая төгрөгийн зээл авсан гэдэг нь цалингаас өндөр тэтгэвэртэй гэсэн үг.

УИХ-аас Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг авсан зээлийнх нь хэмжээнээс үл хамааран бүгдийг тэглэхээр баталбал өндөр тэтгэврийн зээл авсан нь илүү хожно. Харин энэ өндөр тэтгэврийг хэн авдаг вэ гэдэгт цэргийнхэн голчлон багтаж байна.

Мэдээлэлд ойр хүмүүс тэтгэврийн зээл авсан байх вий гэдэг хардлага сонгуулийн угтал болж, өндөр авч болзошгүй нь. Иймээс зээл авсан ахмадуудын мэдээллийг ил болгох шаардлага мөн үүсэж байна. Хэрэв хуулиараа энэ мэдээлэл хувь хүний нууцлал болж, олон нийтэд дэлгэх боломжгүй бол холбогдох хуульд өөрчлөлт оруулаад нээлттэй болгох боломж бий.

Хувь хүний нууц, улсын нууц, цэргийн нууц нэрийн дор төрийн албан тушаалтнууд хулгай хийдэг зуршилтай тул ил тод байдал л цэг тавина.

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Засгийн газар арилжааны банкуудад бонд шахна. Нийт 229 мянган тэтгэвэр авагчийн зээлийг тэглэхэд 780 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ бонд бол ирээдүйгээсээ л зээлж байгаа өр.

Үе, үеийн Засгийн газар дотооддоо бонд гаргахдаа санхүүгийн хүндрэлийг даван туулах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор арилжааны банкуудад “шахдаг” байсан бол энэ удаад тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор зүтгүүлнэ.

Хэрэв арилжааны банкуудтай наймаа тохирохгүй бонд гаргах асуудал гацаанд орвол Засгийн газар төв банкинд шахалт үзүүлж, төгрөг хэвлүүлэх л хувилбар бий. Эл хувилбарыг одоогийн төв банкны ерөнхийлөгч хүлээн авах уу, өмнөх шигээ гэдийгээд чөлөөлөгдөх сонголт хийх үү гэдэг нь цаг хугацааны л асуудал.

Аль ч хувилбарыг нь сонгосон инфляцыг хөөрөгдөнө. Өнөөдөр нэг кг нь 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа мах 30 мянган төгрөгт хүрч, долларын ханш 10 мянган төгрөгтэй ч тэнцэхийг үгүйсгэх аргагүй. Хадгаламж үнэгүйдэж, таны цалин цаас болно. Боодол мөнгөөр хонины мах ч худалдан авч хүчрэхгүй болохыг үгүйсгэхгүй.

Юун Зимбабве цаашаа болж мэднэ. Харин ийм эрсдэлд ард түмэн бэлтгэлтэй л байх хэрэгтэй боллоо. Ингэхэд төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан тэтгэврийн зээлийг тэглэхийг эсэргүүцэж, явах зам сонгосон бол улсаа л боджээ.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж