Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

VS

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв үү?

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн шийдвэр нийгмийг талцуулахад хүргэв. Уг шийдвэрийг ажил хэрэг болгохоор ХНХ-ын сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж улмаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй.

Энэ долоо хоногийн VS буландаа ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нь  зөв эсэх талаар Монголын ахмадын холбоо болон хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, ХНХ-ын сайд С.Чинзоригийн байр суурийг онцолж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын хэсгийг ахлагч, С.Чинзориг:

Тэтгэврийн зээл бол цэвэр арилжааны банкны бүтээгдэхүүн. Нийтдээ 229 мянган иргэд тэтгэврээ барьцаалсан зээл авсан. Тэдний 90 хувь нь зургаан саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлтэй. Хангалуун амьдралтай иргэд зээл авдаггүй нь тодорхой. Тодорхой хугацааны тэтгэвэр барьцаалсан зээл аваад гар дээрээ нэг ч төгрөгийн тэтгэврийн мөнгөө авахгүй амьжиргаагаа авч явна гэдэг хүнд. Манай Засгийн газар тэтгэврийн зээлийг үе шаттай бууруулж байгаа ч зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа ахмадуудаа нэг удаа төрөөс харж үзэх зорилгоор энэ арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзсэн. Зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана. Мөн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. 

Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон.

Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох замаар бий болгохоор тусгасан. Салхитын мөнгөний ордны ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна.

Цагаан сараас өмнө ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Монголын ахмадын холбоо:

Монголын ахмадын байгууллагын судалгаагаар, 305.7 мянган ахмад настан байгаа. Тэдний 60 орчим хувь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын хувьд төр засагтаа баярлаж байна. Нөгөө талаас энэ асуудалд бухимдалтай байгаа ахмадууд ч бий.

Байгалийн баялгаас ард иргэддээ хуваарилах нь Үндсэн хуулийн зарчим хэдий ч зээл аваагүй хүмүүс яах юм бэ? Зээл авалгүй амьдралаа аргалаад явсан ахмадууд байгалийн баялгаас хүртэхгүй юм уу? Оноос өмнө гүрийгээд зээлээ төлсөн хүмүүс бас байгаа. Эдгээр ахмадууд маань гомдолтой байна. Зээл авсан ахмадуудын 97 хувь буюу 220 мянган ахмад настан 3-6 сарын хугацаатай 1-5 сая төгрөгийн зээлтэй. Гэтэл 10 мянга орчим хүн 10-15 сая орчим төгрөгийн, 4000 орчим хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй байна. Энэ бүх зээлийг тэглэнэ гэхээр шударга ёс мөн үү?

Үе үеийн Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн мөрийн хөтөлбөртэй байдаг ч үүнийгээ шийдээгүй байж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан асуудлыг ажил болгоод байх юм. Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг хэрэгжүүлж чадаагүй энэ нөхцөлд зээл тэглэж байгаа нь шударга бус байна. Тэтгэврийн зөрүүг арилгахад мөн 600 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо байдаг. Тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу гэж үзэхгүй байгаа ч шударга бус байна гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Мөн зээлийн хэмжээ, зориулалт дээр судалгаа хийгээч ээ. Урт хугацаагаар, их хэмжээгээр авсан зээлийг төлөх нь шударга бус байна.

Төр ахмадуудынхаа орлогын баталгаат байдлыг бүрдүүлэх үүргээ төдийлөн сайн хангаж ирээгүйгээс болж ахмадуудын амьдрал, орлогын эх үүсвэр байнга доройтож, ядуурлын түвшинд хүрээд, олон жил болж байна. Энэ бүх байдлаас болон ахмадууд тэтгэврээ бөөнөөр нь урьдчилж авдаг болсон. Тэр бүх гачигдал дээр нь Монголбанк хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр, тэтгэвэр барьцаалсан зээл гэдэг нэр томъёо гарган ирж, хуулиар олгогдсон, ямар нэгэн суутгал хийхгүйгээр бүрэн хэмжээгээр олгох заалтыг зөрчиж, хүүгээс хүү авч хохироож ирсэн. Үнэн чанартаа энэ бол зээл биш гэж үзэх ёстой. Онолын хувьд ч, арга зүйн хувьд ч, эдийн засгийн агуулгынхаа хувьд ч тэр. Энэ бол ирээдүйдээ ашиглахаар өөрөө бүрдүүлсэн сангаасаа авч байгаа тэтгэвэр. Түүнд хэн ч халдах ёсгүй. Тэрнээс хэн ч тэгж мөнгө хүүлж, завсраас нь шамшигдуулах ёсгүй юм. Гэтэл Монголбанк тушаал, журам гаргаад, өндөр хүүтэйгээр зээлүүлдэг бусад арилжааны банкуудын зээлийн нэгэн адил загварт оруулаад, мөнгө хүүлдэг болчихсон. Ахмадууд тэтгэвэр хүрэхгүй байна гэхээсээ илүү энэ шударга бус шамшигдуулалтаа зогсоогоод өгөөч ээ, Монголбанкны шийдвэрийг хүчингүй болгож өгөөч ээ. Биднийг хохироосон бодит хохирлыг буцааж олгож өгөөч ээ гэдэг л асуудлыг тавьж байгаа юм. Монголын ахмадын холбоо сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ бүх асуудлыг шийдэж өгөхийг УИХ-ын дарга, сайдууд болон бусад холбогдох албаныханд тавьсан, шийдээгүй. Гэтэл саяхан өр хуримтлагдлаа гэсэн хийсвэр тооцоолол мэдээлэл дээр үндэслээд, тэтгэврийн зээлийн өрийг тэглэнэ гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж