Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.01.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон. Гэвч хариуцагч талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж, түүнийг ирэх хүртэл хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн дээрх хурлыг энэ сарын 14-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн 2019 оны зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.
Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн билээ.
Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг аравдугаар сард хэлэлцсэн. Ингэхдээ хариуцагчийн талаас буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар шүүгчээс татгалзсан тул хурлыг хойшлуулж шийдвэрлэсэн юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ