“Болор цом-37” яруу найргийн наадмын тусгай байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуштай ярилцлаа. Тэрбээр оюутан байхдаа “Болор цом”-д оролцож, дэд байрт шалгарч байсан. Энэ жил 11 дэх жилдээ “Болор цом”-д оролцож байгаа, чансаатай шүлгээрээ үзэгчдэд танигдсан найрагчдын нэг юм.
-“Болор цом-37” наадамд та оролцож, тусгай байр эзэлсэн. Энэ жилийн наадмын онцлог бас шүүмжлэлтэй зүйл нь юу байв аа?
-Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадамд залуучууд хүч түрэн орж ирлээ. Сайхан наадам болсон. Их зохиолч Д.Нацагдоржийн унасан нутаг, угаасан ус Гүн галуутайд яруу найрагчид чуулсан нь их сайхан байлаа. Надад хэлэх шүүмж алга.
-Оюутан байхдаа “Болор цом”-д оролцож, дэд байранд шалгарч байсан. Түүнээс хойш олон жил айрагдсан байна. Таныг “Болор цом” авах болов уу гэсэн хүлээлт яруу найраг сонирхогчдын дунд их байдаг. Уншигчдынхаа ийм том итгэлийг алдахад хэцүү юу.?
-Ямартай ч тэргүүн байрт орохгүй гэдгээ мэдэж байсан. Надад заавал “Болор цом”-ын эзэн болно гэсэн улайрсан шунал байхгүй ээ. Энэ наадамд иртэйхэн шүлэг унших юмсан л гэж бодож явдаг даа. Би 11 дэх жилдээ “Болор цом”-д оролцож байна. Үүнээс есөд нь айрагджээ. Цаг хугацаа бүхнийг харуулна байх даа. Хэзээ эзэн болохыг нь би яаж мэдэх вэ. “Би-гийн өвчин минь арилчихаж дээ. Би тэгэхээр нэг өдөр болох л биз дээ. Болох ёстой гэж орилоод байж болохгүй. Тэр цомыг авсан ч, аваагүй ч Цэнд-Аюуш Цэнд-Аюушаараа л байна. Таньдаг байснаа мартаж, чаддаггүй байснаа гэнэт чадаж, мэддэггүйгээ мэддэг царайлахгүй.
-Цомын эзэн болох шуналгүй гэлээ. Гэхдээ ямар ч хүн түрүүлэхийн төлөө уралдаан тэмцээнд ордог. "Болор цом"-д ялгаагүй түрүүлэхийн тулд тайзан дээр шүлгээрээ өрсөлддөг гэж боддог. Тэгэхээр цомын эзэн болох хүсэлгүй юм бол яагаад "Болор цом"-д оролцоод явдаг юм бэ. Цомгүйгээр амьдардаг, уран бүтээлээ туурвидаг олон найрагч бий?
-Хоосон сонсогдож магадгүй. Гэхдээ би шууд хариулъя. Би “Болор цом”-д иртэйхэн шүлэг унших юмсан л гэж боддог. Гэвч би иртэй шүлэг уншаад байна, миний шүлгүүд л иртэй байна гэж хэлээгүй шүү. Үнэхээр цомын эзэн болохыг хүсдэг, яардаг бол өөр алхам хийж болно шүү дээ. Зөндөө арга байж болно. Би тэгэхгүй байгаа биз дээ. /инээв/ Үүгээр би ах, эгч, анд нөхрөө үгүйсгэж, тэд тэгсэн, тэгж авсан гэж байгаа юм биш ээ. Энийг нэг мушгиад, элдэвлээд байх шаардлагагүй. Тэр цом нэг л өдөр шударгаар минийх болно, бариад зогсох болно. Энгийн үед дэлгүүрт байж байдаг шилэн цомыг шударгаар авах нь надад ч, бусдад ч үнэ, цэнэтэй болох байлгүй дээ.
-Сүүлийн үед “Болор цом” уншигчдаас маш их шүүмжлэл дагуулж байгаа. Шүлгийн чансааны асуудал ч хөндөгдөх болсон. Энэ нь "Болор цом"- шүүгчидтэй холбоотой байна уу, эсвэл "Болор цом"-д уншдаг шүлгийн чансаа ингэтлээ муудаа юу. Та иртэй шүлгүүд унших дуртай гэлээ. Тэгвэл таны иртэй шүлгүүдийг шүүгчид яагаад үнэлэхгүй байна вэ?
-Үргэлж шүүмж яриад явах хэцүү биз дээ. Би өндөг шиг өөгүй хүн биш. Би өндгөнд дургүй. Тавцан хаашаа хөдөлнө өндөг тийшээ өнхөрдөг болохоор тэр. Өөгүй, бөөрөнхий юм тавцангаас хурдан уначихдаг. Тэгвэл он цагийн шалгуурыг давах хэцүү. Уран зохиол гэдэг тийм ч зөөлөн боорцог биш. Өвсөн дээр ч хүнийг унтуулна, өргөсөн дээгүүр ч хэвтүүлнэ. Тиймээс өөрт оногдсон урдах зүйлээ хийгээд явах ёстой. Цаг хугацаа бүхнийг шүүгээд өгнө. Би энэнээс болж наадмын үнэлэмж уналаа, тэр буруутай гэж яримааргүй байна. Би өөрийн шүлгээ бяргүй гэж хэлэхгүй. “Болор цом”-д шүлэг унших нь нүгэл юм уу? Тэр чинь миний дурын зүйл. Бас өөрийгөө магтахын дон туссан хүн би биш.
Эр хүнд, тэр дундаа монгол эр хүнд нэг сайхан чанар байх ёстой юм. Монгол эр хүн баргийн юман дээр гомдоллож, гоншгонодоггүй. Би настай буурал эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Буурлууд маань надад үдэш бүр айхавтар том, том үлгэрүүдийг ярьж өгдөг байлаа. Тухайн үеийн хүүхдүүд ч ингэж хүмүүжсэн байх. Би хүнээс биш гэмээс айдаг. Бас даруу төлөв явахыг боддог. Энэ цаг үед ёс суртахуун гэдэг зүйл хэрэгтэй нь үнэн.
-Энэ жилийн “Болор цом”-д тэргүүлсэн шүлэгт олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. "Маш муу шүлэг" гэх уншигч ч олон байна. Танд харин ямар санагдсан бэ?
-Муу шүлэг биш. Би ийм л хариулт хэлье. Миний найз энэ жилийн наадмын цомын эзэн болсонд баяртай байгаа. Манай үеэс төрөн гарсан “Болор цом”-ын анхны эзэн. Цаашдаа юу хийхээ, юу бичихээ нөхөр бодож байгаа биз.
-Муу шүлэг биш гэлээ. Гэхдээ бас сайн шүлэг гэж хэлсэнгүй?
-Үг алдуулах л гээд байна даа. /инээв/ Тасарчихсан сайн шүлэг гэж хэлүүлэх гээд байна уу. Бидний үеийнхэн тийм тасарсан шүлэг бичиж амжаагүй байна.
-Таны шүлгүүдийн ихэнх нь эх орон, түүх, соёлтой холбоотой байдаг. Шүлгээ бичихдээ эх түүхээ их судалж, бичдэг юм шиг санагдсан. “Болор цом”-д сойсон шүлгүүээ бичих гэж хэр дуншив?
-Хайрын шүлгүүд ч бий. Энэ жилийн “Болор цом”-д 2019 онд бичсэн шүлгүүдээр оролцсон. Ил хаант улсын дурсгалд зориулсан шүлгийн тухайд XIV зууны сүүлийн хагасаас зовж, зүдэрч ирсэн монголчуудыг дурсах гэж оролдсон юм. Нээрээ тийм зүйл болсон шүү дээ гэж хүмүүст бага ч гэсэн бодогдуулсан байх.
Монголын радиогийн буянаар Монголын түүхийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Найман жил дараалан Монголын түүхийн “Алтан цадиг” нэвтрүүлгийг хийлээ. Хүннү гүрнээс эхэлж, 1990 он хүртэлх түүх дээр ирээд байгаа. Энэ хугацаанд болсон Монголын баатарлаг, бадрангуй, гашуун, гунигтай, энэлэн, шаналалтай түүхийн талаар судалж, түүхчидтэй ярилцаж, олон цуврал нийтлэл бичсэн дээ. Ямар ч байсан Монголын түүхийн талаар докторын хэмжээнд биш ч өөрийн хэмжээний ойлголттой болсон. Монголын түүх шиг агуу хийгээд энэлэнтэй түүх байхгүй дээ. Миний 400 орчим нийтлэл, нэвтрүүлэг Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байна. Үүнийгээ бол хэлнэ шүү.
-Эх орныхоо түүхээс та уншигчид мэдээсэй, ойлгож аваасай гэж хүсч байна вэ?
-Тийм баян түүхтэй Монгол орон яагаад ийм байдалд хүрчихэв гэж би боддог. Дэлхий дээр ядуу тарчиг хэдхэн улс байна. Ёс суртахуун алдагдсанаас ийм байдалд хүрч дээ гэж бодогдсон. Монголын түүхэнд наймаачид төр удирдсан удаа байдаггүй юм билээ. Дандаа цэргийн жанжид, эсвэл бичгийн мэргэд, эрдэмтэд төрийн жолоог атгасаар ирсэн юм байна. Гол нь халуун эх орончид. Үхэхээс ердөө ч айдаггүй тийм л их хүмүүс. Тэр үедээ, хүчтэй хүний удирдлага дор байхдаа л миний муу зовлонт эх орон хүчирхэг байж. Улстөржиж байгаа юм биш, түүхийн үнэн. Гэхдээ нэг зүйлийг хэлмээр байна. Үнэнийг хэлэхэд, 1990-ээд оны ганзагачид одоо төрд гарч ирчхээд байна шүү дээ.
Энэ жил сонгууль болох тул нэг зүйлийг уншигчдад сануулъя. Гоё, гоё амлалтад итгэж, тэнэглэв дээ. Тэрний оронд гарц, гаргалгаа ярьж байгаа, иргэдтэйгээ яаж хамтарч ажиллах, тэр нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг шинжинэ биз.
-Улс орноо хөгжүүлэхийн тулд иргэн хүний хувьд та юу хийж байна, тэгвэл?
-Ядаж шударга байж чадна. Бас бичих нь миний хийж чадах зүйл юм даа.
-Шинэ ондоо ямар уран бүтээлүүд туурвих төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ жил кино зохиолтой ноцолдох санаатай байна. Ирэх жил шүлгийн дөрөв дэх номоо гаргана. Би сүүлийн үед богино өгүүллэг их сонирхож, хорхойсож байгаа. Богино өгүүллэг нь хүн бүрийн бариад авдаг зүйл биш юм байна. Сууж сурахаас эхлээд олон зүйл шаарддаг юм билээ. Хэцүүгийн хувьд бүгдээрээ амархан биш. Үргэлжилсэн үг ухаан, тэвчээр, авьяас билэг шаарддаг аварга төрөл бололтой. Яруу найраг бол арай өөр юм уу, мэдрэхүй, мэдрэмж, байгалийн нэг өөр юм байгаад байх шиг. Долгион юм уу даа. Тэрийг барих их чухал санагддаг. Ингэхээр бид чинь хол, ойрын долгион баригчид болох нээ. Тийм ээ, нээрээ долгион баригч, жижиг том станцууд байж мэдэх юм байна.
-Их хотын амьдралаас хэр их залхаж байна. Та хэдэн жилийн өмнө хөдөө амьдарч, амар амгалан мэдэрмээр байгаагаа ярьж байсан?
-Хэвээрээ. Одоо ч би хотын захад, уулын аманд хөдөө шахуу амьдарч байна. Нам гүмдээ миний амьдрал. Худалдаж авсан байшингийнхаа өрийг банкинд төлөөд зовсон, зүдэрсэн, заримдаа сэтгэлд нь итгэлийн бяцхан очис үсэрсэн түмэн олны жишгээр амьдарч байна. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөгөөд , ажлаа хийгээд завсраар нь ном уншиж, шүлгээ бичээд энгийн амьдарч байгаа. Энгийн амьдрах сайхан шүү дээ. Өөрийгөө өргөмжлөх өөдгүй зангаар яах юм билээ дээ. Суурь минь тэгээд суучихсан байна.
-Таны эхнэр таныг дагаад хөдөө амьдрахаар явах болов уу?
-Ямар хөөрхөн асуулт вэ. Өөрийгөө сайн бүсгүйд даатгаж байж эр хүн овоохон явах байх. Манай гэр бүлийн хүн шударга бүсгүй. Адаг тэнэг авгайгаа магтдаг л гэдэг. Одоо яая гэхэв. Би тийм юм байлгүй. /инээв/ Бид хоёр амьдралыг өөрийн гэсэн нэг ч халбагагүй эхэлж, хадмынхаа хажуугийн жижигхэн өрөөнд хүүхдүүдээ бүүвэйлж, шалгүй гэрт сууж, нүүрс зөөж, өвчтэй охиноо хөнжилд боогоод өвлийн хүйтэн шөнө Эх нялхас руу гүйж явсан. Тэгж байхдаа бид хоёр шантарч, бие биеэсээ, амьдралаас, хүүхдүүдээсээ зугтах, урвах тухай бодоогүй. Тэр минь миний төлөө бүхнээ зориулсан сайн бүсгүй. Гомдоочихгүй байвал болох нь тэр. Ийм сайн бүсгүй намайг, гэр бүлээ дагаад хөдөө явахгүй байна гэж байхгүй. Нээрээ тэр ярилцлагаас болоод нэг нөхөр намайг хотоос зайлаач гэж байсан юм байна шүү. Явахаа тулбал хотоос байтугай хорвоогоос ч явж л таарна. Гэхдээ болоогүй байна аа. Бичих юм, бүтээх ажил их байна.
Холбоотой мэдээ