Иргэдэд аюултай 5423 зөрчил илрүүлжээ | News.MN

Иргэдэд аюултай 5423 зөрчил илрүүлжээ

Иргэдэд аюултай 5423 зөрчил илрүүлжээ

Иргэдэд аюултай 5423 зөрчил илрүүлжээ

Нийслэл хот маань удахгүй нэг стандарттай болох нь. Үүний тулд Нийслэлийн Засаг дарга 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлажээ. Үүндээ зориулан Стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газар гэсэн агентлаг шинээр хүртэл байгуулсан байна. Уг газрын үндсэн үүрэг бол хотын бүтээн байгуулалтад стандарт, норм дүрмийг мөрдүүлж ажиллуулах юм. Үндсэндээ хотын хөгжлийн гарц, шийдлийг гаргаж өгөх үүрэгтэй байгууллага. Байгуулагдаад бараг найман сар болж буй. Анх 32 хүний орон тоотой батлагдсан ч саяхан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад өөрчлөлт орсноор 60-аад хүн ажиллах болжээ. Тэд гудамж зам талбайд хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх, бодлогын баримт бичиг зэрэг үүрэг, чиглэлтэй аж.

Өнгөрсөн найман сарын хугацаанд Стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газар нийслэлд нэн тэргүүнд шаардлагатай байгаа хэсгүүдэд үзлэг шалгалт хийжээ.

Шалгалтын явцад иргэдэд аюул учруулж болохуйц 5423 зөрчил илрүүлсэн байна.

Тухайлбал, онгорхой нүх, харанхуй гудамж, хайсны аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хэсэг зэрэг барилга байгууламжийн орчны аюулгүй байдал алдагдсан байжээ. Энэ талаар бид Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргалаас тодрууллаа.

-Нийслэлд одоогийн байдлаар хэчнээн стандарт мөрдөгдөж байгаа вэ, ер нь стандартын шаардлага ямар түвшинд байгаа гэж үзэж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ 6299 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс Нийслэлийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой 700 орчим стандарт байна. Эдгээр стандартыг иргэд өөрсдийн өдөр тутмын амьдралд хууль мэт оруулж ирэх цаг нэгэнт болчихоод байна. Хуулийг бид алхам тутамдаа мөрддөг. Гэтэл стандарт гэдэг зүйлийг мөрдөхгүй байна. Стандарт гэдгийг ч мэдэхгүй. Энэ бүх ойлголтыг өгөх үүднээс бид эхлээд бүх бичиг баримтаа боловсруулаад иргэдэд мэдээлэл өгөх үүднээс вэб сайтууд ажиллуулаад явж байна. Энэ онд бид нийтдээ 20 гаруй нэр төрлийн стандартын бичиг баримт шинэчлэн боловсруулж, батлуулж байна. Энэ ажлыг бид одоо эхлүүлчихсэн явж байна.

-Нийслэлийн стандартыг ярихаар яалт ч үгүй хот төлөвлөлтийн асуудлыг хөндөх болно. Энэ тал дээр танайх ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаа вэ?

-Аливаа барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгч, барилгын зураг төсөл батлах үйл ажиллагаанд бид хөндлөнгөөс хяналт тавьж, оролцохын тулд өөрсдийн хариуцагч, албан тушаалтнуудаа шийдвэр гаргах хуралд оролцуулж байгаа. Энэ хүрээнд авто замын хөгжлийн газар, хот байгуулалтын хөгжлийн газар, мэргэжлийн хяналт, Газар зохион байгуулалтын алба, дүүргүүд зэрэг байгууллагатай хамтарч ажиллана. Үүнээс гадна 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт”-тай жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн баримт бичгийн боловсруулалт дээр хүртэл бид хамтарч ажиллах юм. Ажил гүйцэтгэх компаниудад бид тодорхой хэмжээний босго оноо, шаардлага тавьж байгаа. Үүнийг давж байж компаниуд ажлаа гүйцэтгэж дуусна. Ингэснээр улсын комисс болон ажил хүлээж авах комиссууд нь тухайн ажлыг байнгын ажиллагаатай болгох ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм. Бид энэ хүрээнд бодлогын бүх бичиг баримтуудаа боловсруулаад, ажилтнуудын уялдаа холбоо сайжруулаад эхэлчихсэн. Үндсэндээ “Нэг хот-Нэг стандарт” гэсэн галт тэрэг хөдлөөд явж байна.

-Улаанбаатар нэгэнт ийм байдлаар төлөвлөгдчихсөн болохоор стандартад оруулахад хэцүү юу, ер нь стандартад оруулах боломж бий юу?

-Анх манай хотыг 500 мянган хүн амтай төлөвлөж, зам харгуй, байшин барилга бүгдийг нь төлөвлөсөн байдаг. Тэрийг бид мэдэж байгаа.

Одоо Улаанбатар нэг сая 500 мянган хүн амтай. Дээр нь шилжин явах, дайран өнгөрөх иргэдийг оруулбал нийтдээ хоёр сая орчим хүн болж байгаа юм. Ийм их хүн амтай, шигүү урсгалтай болчихсон хотод стандарт баримтлуулна гэдэг бол их хэцүү.

Гэхдээ бид хүнд гэж хойш нь тавихгүйгээр эхний ээлжинд засаж сайжруулах боломтой юу байна бүгдийг нь засахаар ажиллаж байна. Эхний ээлжинд бид 379 зөрчил илрүүлээд тухайн байгууллага руу албан мэдэгдэл явуулчихсан байна. Мөн нийтийн бохир шугамд холбогдоогүй байгаа ариун цэврийн байгууламжуудыг стандартад нийцүүлэх чиглэлээр зургаан дүүргийн холбогдох албан тушаалнуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулаад өнөөдрөөс ажилдаа орж байна. Энэ оны үйл ажиллагаа, төлөвлөгөөг бид үндсэндээ гурав хуваачихсан. Эхний улиралд дан зохион байгуулалт, хоёрдугаар улиралд бүтээн байгуулалт, харин гуравдугаар улиралд бүтээн байгуулалт хүлээн авах стандартыг мөрдлөг болгох гээд жилийн эцэст бүх ажлаа дүгнэх байдлаар ажлаа хувиарлаад явж байна.

-Танайх мөн болзолт уралдаан зарласан байсан. Үүнийг тодруулбал, ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Энэ хүрээнд Нийслэлд хийгдэж буй зам, гүүр, барилга, хот тохижилтын ажлууд гээд бүхий л төрлийн бүтээн байгуулалтад хороо, хэсэг, дүүргийн ахлагч нарыг идэвхжүүлж, оролцоог нэмэх зорилгоор болзолт уралдаан зарлаж байгаа. Тэд стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдал илрүүлж, арилгуулах улмаар хотын өнгө үзэмжид үр өгөөжтэй ажил нэвтрүүлсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгох юм. Энэхүү журмыг хэвшүүлэн, мөрдлөг болгон зөрчлийг арилган ажилласан дүүргийн удирдлагууд, хороодын дарга, албан хаагчид, хэсгийн ахлагч нарын багт улиралд нэг удаа 8-10 сая төгрөгийн урамшуулал олгоно.

-Одоогийн байдлаар танай байгууллагаас ямар ажил дээр төвлөрч байна, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид эхний ээлжинд төрийн байгууллагуудын хаягжилтийг нэг стандартад оруулж ажилласан. Энэ ажил үндсэндээ 60 гаруй хувьтай явж байна.

Нийслэлд 1037 төрийн байгууллагын хаягийг шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Одоогоор бол 600 гаруй төрийн байгуулагууд хаягаа бидний стандартын шаардлагад нийцүүлэн шинэчилж сольсон.

Үүний дараагийн ажил бол нийтийн эзэмшлийн гудамж талбай дээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын хаягжилтийн асуудал дээр зөрчил илрүүлж, арилгулна. Бид монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу бичих шаардлага тавьж байгаа. Хэрэв гадаад үсгээр бичих бол хажууд нь заавал монголоор бичих стандартыг бид энэ ондоо эхлүүлнэ. Эдгээр ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх юм. Одоо бид нийтийн эзэмшлийн гудамж, талбай дээр их давтагдаж, иргэдэд аюул учруулж байгаа 20 гаруй асуудал дээр бодлогын баримт бичиг боловсруулж байна. Үүнийг бид энэ оны нэг, хоёрдугаар улиралд багтаагаад батлуулж, холбогдох газруудад хүргэнэ. Тэгээд энэ жилийн бүтээн байгуулалтын ажилд мөрдлөгө болгон ажиллана даа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүннү 2020-01-07 202.55.188.86

Нийслэл мөнгөтэй байна. 60 хүнтэй агентлаг байгуулж чадаж байна. Танай агетлаг стандарт зөрчиж барьсан барилгыг буулгаж чадах уу? 1,5 сая хүнтэй хотын зам ямар байх ёстой вэ! Үүнийг яаж шийдэх вэ? Эсвэл иргэдийн хашаа хайс граж түцхэнээр оролдоод сууж байхуу?

Avatar

Сүхбаатар дүүргийн 45 дугаар байр 2020-01-07 66.181.170.229

Оджаргал даргад энэ өдрийн мэнд хүргэе Би Биттлзийн хөшээний хажууд байдаг СБД-н 45 дугаар байрны оршин суугч. Манай байрны арын орц гарцыг хаагаад нэг гадаад бизнесмен хашаа хатгаад, байшингийн фундам ухаад даруй 20 жил боллоо. Хөөрхий талийгаач эцэг эхээс минь үлдээсэн ганц амьдрах байрыг минь хэнд ч хэрэггүй болгосон. Одоо тэр байр маань 10 гаруй цоолсон гуанз, дэлгүүртйн хаалгатай, ардаа нэг нүхэн фундам/ Зундаа нэл ус дүүрнэ/ -тай цаашдаа ямар ч ирээдүйгүй болоод байна. Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж