Аль нэг баяр ёслолыг далимдуулан хулгай, луйвар, хуйвалдаанаа амжуулдаг нь Монголын дарга нарын хувьд гэм биш болсон доо. Энэ удаад тэтгэврийн зээлээр дамжуулан ХААН, Салхит хоёрыг хамтад нь өмчлөх шинэ МАНАН бүлэглэлийн ажиллагаа ид өрнөж байна. Ялсан нь бүгдийг шийддэг, бүгдийг хамдаг нь Монголын улс төрд ёс мэт үзэгдэл хойно.
Тэтгэврийн зээлийг тэглэх дуулианд дарагдаад ҮАБЗ-ийн тэргүүний онцлон тэмдэглэсэн үг олны анхаарлын гадуур өнгөрөв. Сонсоход сэтгэл хөдлөм, “Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсан” гэх Ерөнхийлөгчийн үгийн цаад мессежийг тайлж уншсан нь цөөн.
Улсын гурван том дарга заавал нэгдмэл байр суурьтай байх албагүй. Хэрүүл талцалтай байх ч хэрэггүй. Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу нэг нэгнийхээ үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах ёстой субьектууд. Тэд нэгдмэл байр суурьтай хууль зөрчих биш хэн нэгнийхээ хууль зөрчих, хулгай луйвар хийхэд нь хяналт тавих нь чухал. Гэвч, хэн нь Ерөнхийлөгч, хэн нь УИХ-ын дарга, хэн нь Ерөнхий сайд болох нь мэдэгдэхээ байтал, улсын гурван том дарга нар "нэгдмэл байр суурьтай" ажиллах болжээ. Бүх цэргийн командлагч нь Ерөнхийлөгч ч юм шиг, Ерөнхий сайд ч юм шиг. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Х.Баттулга, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн нь У.Хүрэлсүх гэвэл шүү дээ!
ҮАБЗ-ийн гурван гишүүний хувьд өнгөрсөн 2019 онд “нэгдмэл байр суурьтай”-гаар олон ч хууль бус хулгай луйвар хийсний хамгийн том жишээ нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг гартаа авсан явдал байлаа. Одоо гурвуулаа “нэгдсэн байр суурьтай”-гаар тэтгэврийн зээлийг тэглэж, ирээдүйгээсээ том, томоор хулгайлахаар шийдэж. Тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулж гаргах Засгийн газрын зургаан хувийн хүүтэй бонд бол ирээдүйгээсээ хулгайлж буй эдийн засгийн гэмт хэрэг юм. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Үндсэн хуулийг хувьчлан зөрчиж, эдийн засгаа хорлох нь шинэ МАНАН-гийнхны шилдэг арга нь гэлтэй. Эх орноо ингэж хөгжүүлэхгүй ээ, эх орончид оо. Бишээ, эдийн засгийн алуурчид аа!
ҮАБЗ-ийн зөвлөмжөөр УИХ-ын даргыг огцруулж, хууль, шүүхийн удирдлагуудыг солих эрхтэй болсон. ҮАБЗ-ийн шийдвэрээр зээл тэглэж, чөлөөлдөг ч болж байна.
Хуулиараа ҮАБЗ гурван гишүүнтэй. Дарга нь Х.Баттулга. Гишүүд нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр. Нэг нь алх барьсан том дарга. Түүнд Үндсэн хуулийг “үлгэрлэн” зөрчиж буй Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг ярьж чадах эрх мэдэл бий. Үгүй дээ л, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, Ерөнхийлөгчийн эрх мэдэл, нөлөөллийг хумих боломж байсан. Даанч, чадаагүй. Нөгөө нь, УИХ-д үнэмлэхүй олонхи бүхий эрх баригч намын дарга, Ерөнхий сайд. УИХ-д 64 кноптой том намын хувьд Ерөнхийлөгчийн тэнэглэл цэг тавих хүч бий. Гэвч, хэн, хэн нь Ерөнхийлөгчийн “утсан хүүхэлдэй” болж хувирсан. Х.Баттулга юу гэж хэлнэ, түүнийг УИХ, Засгийн газар үг дуугүй биелүүлдэг бичигдээгүй хууль Монголд үйлчилдэг болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн бус аргаар Х.Баттулга Монголд авторитори дэглэм тогтоож эхэлсэн нь өнөөдрийн тэтгэврийн зээлийг тэглэнэ гэх тэнэглэл.
ҮАБЗ өмнө нь УИХ-д зөвлөмж хүргүүлдэг байсан бол өдгөө Засгийн газар, парламентад шийдвэрээ тулгадаг болж, айдас хүйдэс. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүссэнээр цаазын ялыг сэргээчихвэл ҮАБЗ ялын дээд уншдаг болж мэдэх нь.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн онцолсон, төрийн гурвын “нэгдмэл байр суурь” нь Монголын эрх ашигт үйлчлэх биш эрх мэдэл дээр нийлсэн шинэ МАНАН-г үүсгэсэнд аюул нь оршиж байгаа юм. Аюулгүй зөвлөлийн аюултай алдаа, ажиллагаанууд үүгээр дуусахгүй ч биз. Үнэндээ, өнөөдөр Шинэ МАНАН-гийнхан ард иргэдээсээ ч айж, ичихээ байсан. Эрээ, цээргүй элдэв хулгай, луйвар дээрмээ хийж байна. Өөрсдөөс нь өөр үзэлт бодолтнуудаа хорьж, цагдан, хэрэг тохдог ч болсон байна.
Өнгөрсөн жил гэхэд "MCS-д Тавантолгойг үнэгүй өгөхийг оролдсон" гэж үзэглээгүй гэрээгээр М.Энхсайханыг АТГ барьж хорьж байсан удаатай.
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг болох 806 тэрбумыг ард иргэддээ тараахаар Ардын засаг 2018 онд шийдвэрлэж байсан. Гэвч, ҮАБЗ-ийн даргын "тушаалаар" Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдсэн зэргээс харвал эдийн засаг, улс төрийн шийдвэрийг МАН биш Ерөнхийлөгч Х.Баттулга гаргадаг болж.
Үг хэлэх, баярын мэндчилгээ илгээх болгондоо Х.Баттулга “улс төр, бизнесийн бүлэглэл, МАНАН”-гийн тухай дурддаг. Тэгвэл түүний үед улс төр, бизнесийн бүлэглэлээс илүү улсын мафи бий болсон нь, Монголын үндэсний аюулгүй байдлын асуудал нь аюулгүйн зөвлөл болж хувирсан нь айдас дагуулж байна.
Засаглал нь улс орны болон нийгмийг бодлогыг тодорхойлж, институцийг удирдах тогтолцоо гэвэл Монголыг парламентын засаглал биш мафийн засаглал удирдаж байна.
Холбоотой мэдээ