“МИАТ” ТӨХК-ийн нисгэгч Д.Булганхангай нислэгийн үеэр хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт нэр холбогдсон. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү шинэ оны өмнөхөн твиттер хуудастаа жиргэсэн билээ. Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдал биш учир тус компанийн “B373” онгоцны хоёрдугаар нисгэгч түүнийг шалгах нөхцөл үүсээгүй гэсэн тайлбарыг цагдаагийн байгууллагаас өгч байна.
“МИАТ”-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золжаргалын мэдээлснээр, асуудлыг нягтлах үүднээс Д.Булганхангайг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр хэлэхдээ “Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэж таамаглаж, гомдол мэдээлэл өгсөн юм билээ. Тухайн үед нисгэгч амралттай байсан. МИАТ компанийн нисгэгч нь нислэг үйлдэх үедээ хар тамхи хэрэглэх ямар ч боломжгүй. Олон давхар хяналт, шалгалт давж байж нисгэгч нь нислэг үйлдэх зөвшөөрөл авдаг. УИХ-ын гишүүд асуудлыг улстөржүүлсэн зүйл анзаарагдлаа” гэжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус компанийн ТУЗ-ийн гишүүд Герман улсын Берлин хотноо болсон хуралд оролцож, таван одтой зочид буудалд байрлан, улмаар архидан согтуурсан байна. Зочид буудлынхан цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар сэжигтэй харагдсан хүнээс шинжилгээ авахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоц саатан, их хэмжээний төлбөр гарсан гэх мэдээлэл цацагдсан билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ