Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод уушгины хатгалгаа өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн билээ. Уг өвчний шалтгаан, дамжих зам одоог хүртэл тодорхой бус байна. Сүүлд авсан мэдээгээр өвчний шинж тэмдэг Хонконг, Сингапур зэрэг улсад илэрсэн тухай мэдээлэл буй.
Тэгвэл урд хөрштэй хиллэдэг манай улсын хувьд уг өвчин орж ирэхгүй гэх баталгаа алга. Ялангуяа цагаан сарын бэлтгэл хийх үүднээс хилээр орж, гарах худалдаа, наймааны хөл хөдөлгөөн эрс ихэсдэг. Үүнтэй холбогдуулан манай Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох газар урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар сонирхлоо.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.ЭНХЗАЯА:
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнөөдрийн байдлаар өвчний шалтгаан тодорхой бус хэвээр байна. Өмнө нь огт гарч байгаагүй учраас ямар төрлийн вирус гэдэг нь эцэслэж тогтоогдоогүй байгаа юм билээ. Бидэнд одоогоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ манай улсад орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр бид иргэддээ аль болох урд хөрш рүү зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм. Зайлшгүй зорчсон тохиолдолд дархлаагаа дэмжих, маск зүүх, мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй, чанартай хоол хүнс хэрэглэх, дулаан хуцаслаж байхыг сануулж байна.
Тэгэхээр манай улсын хувьд одоогоор уг өвчний талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бүү хэл ямар ч мэдээлэлгүй сууж байна. Юутай ч сурагчдын хичээл эхэлж, цагаан сарын бэлтгэл хийх хөдөлгөөн эрчимжих үеэр бид илүү сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол урагш хил гарахгүй байсан нь дээр болов уу.
Шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаагаар өвдсөн хүмүүст өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Тэд зах дээр мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг хүмүүс байжээ. Иймээс Эрүүл мэндийн яамнаас иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд,
- Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх
- Амьтны аж ахуй, захаар явахгүй байх
- Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх
- Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
- Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.
Холбоотой мэдээ