“Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс өнөөдөр /2020.01.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус хөдөлгөөнийхөн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудад авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсооход хэрэгжүүлж болох хуулийн өөрчлөлт, шийдлүүдийг намын бодлого хөтөлбөртөө тусгаж авлигын эсрэг бодитой бодлого хэрэгжүүлж ажиллах шийдэл хүргүүлэх болсноо дуулгалаа.
Транспаренси интернэшнл олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улсын иргэдийн 49 хувь нь авлигыг үгүй болгоно гэдэгт итгэлгүй болжээ. Тэд "Авлигын эсрэг тэмцвэл үр дүн гарахгүй" хэмээн үзсэн байна. Түүнчлэн авлигын талаар хэн ч АТГ-т мэдээлэл өгөх эрх нээлттэй байдаг ч мэдээлэл өгсөн хүний ажил албан тушаал, гэрийн хаяг зэрэг бүхий л хувийн мэдээллийг шаарддаг тул иргэдийн 39 хувь нь энэ талаар мэдээлэл өгөхөөс айдаг байна.
ҮНЭХЭЭР АВЛИГАТАЙ ТЭМЦМЭЭР БАЙГАА БОЛ АТГ-ЫН ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ ХАНГА
“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “Өнөөдрийн нийгэмд авлигатай тэмцье гэж ярьсан хүнийг попорч байна хэмээн ярьдгаас болж дугардаг хүн алга. Авлигатай тэмцэхийн тулд хамгийн эхэнд АТГ-ыг хүчирхэг болгох ёстой. Улстөрчдийн хэлдгээр АТГ шүдгүй арслан болсон гэхэд буруудахгүй. Тухайн байгууллага төсөв мөнгөө батлуулахын тулд мөрдөж, шалгаад байгаа УИХ-ын гишүүдийн амыг хардаг. Үйл ажиллагаа, бүтэц орон тооны асуудлаа УИХ-аар батлуулдаг нь системийн гажуудал гэж бид харж байна. Улстөрчид үнэхээр авлигатай тэмцмээр байгаа бол АТГ-ын хууль эрхзүйн орчныг ханга. Харанхуй гудамжинд гэрэл, камер тавихаар хулгайн гэмт хэрэг буурдаг шиг бид ил тод байдлыг хүсч байна. Улс төрийн намуудад хүргүүлж буй тус шийдлүүдэд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тодорхой шийдлүүд, цаашлаад Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Иргэний цахим засаглалын тухай хуулийг шинээр боловсруулж батлуулах зэрэг санал, шийдлийг тусгасан.
“Бид уучлахгүй” хөдөлгөөн цаашид Засгийн газар, яамд, агентлагууд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, тусгай сангууд зэрэг төрийн байгууллагууд болон төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдох мэдээллүүдийг нийтэд ил тод байлгах замаар датад суурилсан авлигын эсрэг иргэний хяналтыг хөгжүүлэхэд санаачилгатай ажиллахаа мэдэгдэж байна. Цаашид иргэдээс авлигын талаар мэдээлэл авахаас гадна цахим гарын үсэг цуглуулдаг болно. Тухайлбал, аливаа нийгмийн асуудлаар 10 мянган хүн цахим гарын үсэг зурвал Засгийн газар, 100 мянган хүн гарын үсэг зурвал УИХ-аар уг асуудлыг хэлэлцдэг олон улсын жишгийг нэвтрүүлнэ” гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ