&#34Сандэй&#34-н галын дүгнэлт 14 хоногт гарна

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

&#34Сандэй&#34-н галын дүгнэлт 14 хоногт гарна

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн “Сандэй” худалдааны төвийн зоорийн давхарт буюу B1 давхарт энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө гал гарсан билээ.

Одоогоор гал юунаас болж гарсан, хичнээн төгрөгийн хохирол учирав гэдгийг тогтоохоор хуулийн байгууллагийнхны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Иймээс хохирлын хэмжээг тогтоотол худалдааны төвийг нээх боломжгүй гэсэн үндэслэлээр өчигдөр, өнөөдөр хоёр “Сандэй” худалдааны төвийг нээсэнгүй. Зоорийн давхраас дээш гал тархаагүй учир бусад давхруудад лангуу түрээслэгчид худалдаагаа хийхийг хүсч, гарын үсэг цуглуулан худалдааны төвийг нээхийг "Сандэй" -н удирдлагуудаас шаардсан юм. Харин галд эд бараагаа алдсан түрээслэгчдийн тухайд "Эдийн засгийн хямралтай байгаа үед цаг хугацаа алдаж, ингэж хаалттай баймааргүй байна. Худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг хурдан шийдэх шаардлагатай. Иргэд ч гэсэн хаалттайг мэдэхгүй худалдаа хийхээр зорьж ирсээр байна. Тиймээс гал гарсан хэсгийг яаралтай цэвэрлэж, хохирлыг тооцож, бусад давхрын үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Харин галын дүгнэлтийн тухайд хуулийн хүрээнд 14 хоногийн дотор гарах ёстой. Иймээс урьдчилсан байдлаар гал юунаас болж гарсан бэ гэдгийг тайлбарлах боломжгүй гэж НОБГ-аас мэдэгдсэн. "Сандэй" худалдааны төвд гал гарсан дуудлага аравдугаар сарын 11-ний 01.45 цагт 101 утсанд ирж, нийслэлийн Онцгой байдлын гурван ангийн 34 албан хаагч ажиллаж, галыг үүрийн 05.14 цагт бүрэн унтраасан гэж мэдээлэв. Мөн өмнө нь НОБГ-аас галын аюулгүй байдлыг хангах үүднээс олон удаагийн шалгалтыг хийж, дутагдалтай зүйлээ засч, залруулахыг шаардаж байсан гэдгээ ч онцолсон юм.

Түрээслэгчдийн мэдээлснээр тус худалдааны төвийн В1 давхарт битүү, тортог утаанд идэгдсэн байдалтай байгаа аж. Энэ нь тэнд байсан бараа, бүтээгдэхүүнийг дахин ашиглах ямар ч боломжгүй болсон гэсэн үг гэнэ. Иймээс хохирлын хэмжээг яаралтай тогтоож, нөхөн төлбөрийн асуудлыг хоёр тал харилцан тохиролцож богино хугацаанд шийдэх хэрэгтэй гэж түрээслэгчдийн төлөөллүүд ярив. Сандэй худалдааны төвийн ихэнх лангуунууд бусдад худалдагдсан байдаг. Товчхондоо шатсан гэх зоорийн давхрын лангуунууд давхар түрээслэгч эзэнтэй. Тэдгээртэй одоогийн түрээслэгчийн хамтран ажиллах гэрээ болон тус худалдааны төвтэй хийсэн гэрээнд гэнэтийн аюул, осол гарч эд хөрөнгийн хохирол үүсвэл түрээслүүлэгч тал хариуцна гэж заагаагүй. Мөн түрээслүүлэгчийн зүгээс даатгалд хамрагдах шаардлага тавьдаг байсан ч ихэнх түрээслэгчид даатгалд хамрагдаагүй байсан тухайгаа онцлон ярив. Иймээс одоогийн галын хохирлыг хэн хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал болсон гэв.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж