Ахмадууд тэтгэврийн зээл олгох шийдвэрээ цуцлахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Ахмадууд тэтгэврийн зээл олгох шийдвэрээ цуцлахыг шаардлаа

Ахмадууд тэтгэврийн зээл олгох шийдвэрээ цуцлахыг шаардлаа

Монголын Ахмадын Холбооноос иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар өнөөдөр /2020.01.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны Удирдах зөвлөлөөс тэтгэврийн зээл тэглэх асуудлын талаар мэдэгдэл гаргаснаа танилцуулав. Хэвлэлийн хуралд Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн, Нийслэлийн ахмадын хорооны дэд дарга О.Найдансод, Хан-Уул дүүргийн ахмадын холбооны дарга Д.Совдоо нар оролцов.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газраас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажил амьдралаа зориулж, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа олон зуун мянган ахмад настныхаа өмнөөс Монголын ахмадын холбоо байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улсад  2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас 311.7 мянган ахмад настан тэтгэвэр авч, дундаж тэтгэвэр 383 мянга, доод хэмжээ нь 270-310 мянган төгрөг байгаа бөгөөд тэдний 60 гаруй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй ажээ.

Тэтгэвэр барьцаалсан зээл (тэтгэврээ хүүтэй урьдчилан авсан) авсан ахмад настнууд энэхүү зээлийг нэг удаа тэглэх арга хэмжээ авч байгаад төр засагтаа талархал илэрхийлж буй юм. Харин зээл авахгүйгээр арай ядан амьдралаа залгуулж, олон жилийн туршид бага тэтгэвэртэй тэтгэврийн зөрүүгээ арилгуулж чадаагүй байгаа ахмад настнууд шударга бус шийдвэр гаргалаа хэмээн гомдоллосоор байгаа билээ. Монголын ахмадын холбоо олон зуун ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авч буйг буруу гэж үзэхгүй байгаа аж. Гэвч нийт ахмадуудынхаа нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу энэ асуудлыг шийдвэрлэхэд үүсч болзошгүй хүндрэл бэрхшээл, сөрөг нөлөөлөл ахмадуудын санал хүсэлтэд УИХ-ын гишүүдийн анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн Монгол Улсын төр засгаас валютын ханш, үнэ тарифын өөрчлөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг арилгах талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Цалингийн өсөлтөөс тэтгэврийн хэмжээ хэдэн мянга дахин хоцорсон нь тэтгэвэр авагчдын амьжиргаа дордож, эрх нь ноцтой зөрчигдөж байгаагаас болж тэтгэврийн зээлээр амьдрах нэг шалтгаан болсон гэж үзсээр иржээ. Ахмадын холбооныхон мөн ахмад настнуудын өдөр тутмын амьжиргааны баталгаатай орлого болох тэтгэврийг арилжааны банкуудын бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг олох бүтээгдэхүүн болгож ирсэн хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүсч буйгаа илэрхийлэв.

УРТ ХУГАЦААГААР, ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВСАН ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХ НЬ ШУДАРГА БУС БАЙНА

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар: -Монголын ахмадын холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Засгийн газар ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулж, өчигдөр УИХ-д өргөн барилаа. Тиймээс ахмадууд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзээд өнөөдөр мэдээлэл хийж байна. Монголын ахмадын байгууллагын судалгаагаар, 305.7 мянган ахмад настан байгаа. Тэдний 60 орчим хувь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын хувьд төр засагтаа баярлаж байна. Нөгөө талаас энэ асуудалд бухимдалтай байгаа ахмадууд ч бас байна.

Байгалийн баялгаас ард иргэддээ хуваарилах нь Үндсэн хуулийн зарчим хэдий ч зээл аваагүй хүмүүс яах юм бэ? Зээл авалгүй амьдралаа аргалаад явсан ахмадууд байгалийн баялгаас хүртэхгүй юм уу? Оноос өмнө гүрийгээд зээлээ төлсөн хүмүүс бас байгаа. Эдгээр ахмадууд маань гомдолтой байна. Зээл авсан ахмадуудын 97 хувь буюу 220 мянган ахмад настан 3-6 сарын хугацаатай 1-5 сая төгрөгийн зээлтэй. Гэтэл 10 мянга орчим хүн 10-15 сая орчим төгрөгийн, 4000 орчим хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй байна. Энэ бүх зээлийг тэглэнэ гэхээр шударга ёс мөн үү?

Үе үеийн Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн мөрийн хөтөлбөртэй байдаг ч үүнийгээ шийдээгүй байж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан асуудлыг ажил болгоод байх юм. Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг хэрэгжүүлж чадаагүй энэ нөхцөлд зээл тэглэж байгаа нь шударга бус байна. Тэтгэврийн зөрүүг арилгахад мөн 600 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо байдаг. Тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу гэж үзэхгүй байгаа ч шударга бус байна гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Мөн зээлийн хэмжээ, зориулалт дээр судалгаа хийгээч ээ. Урт хугацаагаар, их хэмжээгээр авсан зээлийг төлөх нь шударга бус байна.

ХЭН Ч АХМАДЫН ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨС ХҮҮЛЖ, ЗАВСРААС НЬ ШАМШИГДУУЛАХ ЁСГҮЙ

Тус холбооны Дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн: –Төр ахмадуудынхаа орлогын баталгаат байдлыг бүрдүүлэх үүргээ төдийлөн сайн хангаж ирээгүйгээс болж ахмадуудын амьдрал, орлогын эх үүсвэр байнга доройтож, ядуурлын түвшинд хүрээд, олон жил болж байна. Энэ бүх байдлаас болон ахмадууд тэтгэврээ бөөнөөр нь урьдчилж авдаг болсон. Тэр бүх гачигдал дээр нь Монголбанк хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр, тэтгэвэр барьцаалсан зээл гэдэг нэр томъёо гарган ирж, хуулиар олгогдсон, ямар нэгэн суутгал хийхгүйгээр бүрэн хэмжээгээр олгох заалтыг зөрчиж, хүүгээс хүү авч хохироож ирсэн. Үнэн чанартаа энэ бол зээл биш гэж үзэх ёстой. Онолын хувьд ч, арга зүйн хувьд ч, эдийн засгийн агуулгынхаа хувьд ч тэр. Энэ бол ирээдүйдээ ашиглахаар өөрөө бүрдүүлсэн сангаасаа авч байгаа тэтгэвэр. Түүнд хэн ч халдах ёсгүй. Тэрнээс хэн ч тэгж мөнгө хүүлж, завсраас нь шамшигдуулах ёсгүй юм. Гэтэл Монголбанк тушаал, журам гаргаад, өндөр хүүтэйгээр зээлүүлдэг бусад арилжааны банкуудын зээлийн нэгэн адил загварт оруулаад, мөнгө хүүлдэг болчихсон. Ахмадууд тэтгэвэр хүрэхгүй байна гэхээсээ илүү энэ шударга бус шамшигдуулалтаа зогсоогоод өгөөч ээ, Монголбанкны шийдвэрийг хүчингүй болгож өгөөч ээ. Биднийг хохироосон бодит хохирлыг буцааж олгож өгөөч ээ гэдэг л асуудлыг тавьж байгаа юм. Монголын ахмадын холбоо сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ бүх асуудлыг шийдэж өгөхийг УИХ-ын дарга, сайдууд болон бусад холбогдох албаныханд тавьсан, шийдээгүй. Гэтэл саяхан өр хуримтлагдлаа гэсэн хийсвэр тооцоолол мэдээлэл дээр үндэслээд, тэтгэврийн зээлийн өрийг тэглэнэ гэж байна.

БҮХ АХМАДДАА ХУВЬЦАА ОЛГОВОЛ БИД “ТЭТГЭВЭР НЭМ” ГЭЖ ГОНГИНОХГҮЙ

Хан-Уул дүүргийн ахмадын холбооны дарга Д.Совдоо: –Ахмадуудын зээлийг тэглэнэ гэж байгаад баяртай байлгүй яах вэ. Би гэхэд зээлтэй хүний нэг. Бөөн баяр. Цагаан сарын өмнө өрийг тэглэж байгаад бүр ч баяртай байгаа. Гэхдээ Манай Хан-Уул дүүрэг 27 мянган ахмадтай. Монголын ахмадын холбооны хэмжээгээр яривал бараг 500-гаад мянган ахмад байдаг юм. Ахмадуудын талаар арга хэмжээ авах гэж байгаа бол иж бүрэн, нүд анитал нь дутагдах гачигдах юмгүй байлгахаар арга хэмжээ аваач ээ. Миний бодлоор, энэ чиглэлээр авах арга байна. Бүх ахмаддаа хувьцаа олгодог бол. Ахмадууд бидэнд нэг сая төгрөг өгчихөөд, хувьцаанаас хасчихсан шүү дээ. Тэгэхгүй бүгдийг нь өг. Тэр байтугай 1072 хувьцааг юу ч хийгээгүй хүүхдүүдэд өгч байгаа юм бол бид хийдгээ хийчихсэн, 1072 хувьцаа битгий хэл 50, 100 мянган хувьцаа авах эрхтэй улсууд. Тэрийг л олгочих. Тэгээд ноогдол ашгийг нь хүртээд явах юм бол бид тэтгэвэр нэмээч гээд гонгинох шаардлагагүй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
15
БурууБуруу
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж