Монголчуудын "Аяганы алгаас агтны алаг нь дээр" гэсэн зүйр үг бий. Энэ нь манай дарга нарын ярьдаг шударга ёсны тухай ойлголттой яг адилхан утга илэрхийлдэг үг. Сүүлийн үед амтай болгон шударга ёс ярьдаг болсон. Гэвч, амаараа ярьдаг тэгш зарчим, шударга ёсноосоо тэс өөр шийдвэр гаргадгийн нэг нь тэтгэврийн зээлийг тэглэх тухай Ерөнхийлөгчийн сюрпириз. Ногоон гэрлээр шийдэгдэж буй энэ асуудал ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлтэй, зээлгүйгээр нь талцуулахад хүргэв. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга энэ улсын эв нэгдлийн бэлгэдэл. Гэтэл ахмадуудаа хоёр хувааж, алаглан ялгаварлах нь ямар учиртай вэ. Гурван жилийн өмнө гараа тавьж тангаргаласан Үндсэн хуульд бусдыг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдгийг үндэсний Эв нэгдлийг илэрхийлэгч мэдэхгүй юу, мэдсээр байгаад зөрчив үү гэсэн асуулт тавигдахад хүрч байна.
Монголын ахмадыг холбооноос Ерөнхийлөгчийн мэдэгдэл, МАН-ын бүлгийн шийдвэртэй холбоотой мэдээлэл хийхдээ ахмадуудыг алагчлах ёсгүйг сануулав. Энэ бол зүй ёсны сануулга. Өмнө нь МАН Монголын хүүхдүүдийг амьдралынх нь төвшингөөр нь ялгаварлан гадуурхаж, арван доллар харамлаж байсан. Одоо ахмадуудаа зээлтэй, зээлгүйгээр нь хувааж хэрэлдүүлэх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын ярьдаг тэгш зарчим, шударга ёс нь мөн үү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ахмадуудыг алагчилж болохгүй. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх бол зээл аваагүй ахмад настныг мөн орхиж ялгаварлаж болохгүй. Тэдэнд мөн зээл авах боломж олгодог уу, эсвэл мөнгийг нь олгодог уу боломж олгох ёстой. Би эрх баригчдаас хоёр асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү. Хоёрдугаарт, төрд 230 мянган ахмадын тэтгэврийг тэглэх 776 тэрбум төгрөг байна уу” хэмээн мэдэгдсэн.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар тэтгэврийн зээл авсан 233 мянган ахмад настан байна. Зээлийн хэмжээ нь 776 тэрбум төгрөг. Нэг ахмад настны авсан зээлийн хэмжээ дунджаар 3,3 сая төгрөг аж. Эдгээр ахмад настнуудын дунд 10-15 сая төгрөгийн зээлтэй 10,8 мянган ахмад настан, 15-20 сая төгрөгийн зээлтэй 3300, 20 сая төгрөгөөс дээш 1400 гаруй ахмад настан байна.
Ихэнх зээлдэгчид хүүхдээрээ батлан даалт хийлгэж, 5-10 сая, түүнээс дээш төгрөг бөөнөөр нь аваад, орон сууцны урьдчилгаанд өгч, байшин барьж, жижиг аж ахуйдаа хөрөнгө оруулсан байна. Тэд хэрэв зээлээ тэглүүлбэл дахин зээл авч, бас нэг том асуудлаа шийднэ гэх төлөвлөгөөтэй байгаагаа ч хэлж буй. Хүүхдийнхээ сургалтын төлбөр төлж, унах унааг нь базаан, өр зээлийг нь дарсан нэг хэсэг ч бий. Харин тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад дээрх шийдвэр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болсон. Үр хүүхэд, улс орныхоо эдийн засагт түвэг удахгүй гэж хичээж амьдарч ирсэн ахмадуудын буруу юу, аль эсвэл хохь уу. Сардаа сая төгрөгийн тэтгэвэр авдаг, тэтгэврийн зээл гэж 20 сая төгрөг авчихдаг цэрэг цагдаагийн "ахмад"-ууд олон. Тэтгэврээ тогтоолгочихоод Ц.Нямдорж шиг сайд хийж яваа цалинтай ахмадууд ч олон.
Гэтэл сардаа 200 мянган төгрөгийн тэтгэмжээс өөр орлогогүй амьдарч яваа хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч бий. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ санаачилга нүдээ олсон шийдвэр биш юм. Хэрэвзээ, ахмадууддаа цагаан сарын сюрпириз барья гэсэн бол арай өөр санаачлага гаргах ёстой байсан биз. Адаглаад л 300 мянган ахмадуудад нэг сая төгрөг тараахад эдийн засгийн хохирол нь бага, иргэдээ ялгаварлан гадуурхсан, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохгүй байсан. Тэтгэврийн зээлийн хэмжээ бүхэн өөр. Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ сюрпириз ахмадуудыг баярлуулахад биш арай банкныхны лоббид зориулагдсан юм биш байгаа гэсэн хардлага ч төрүүлж буй.
Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ахмадуудаа талцуулж байгаа Ерөнхийлөгчөөс тэгш зарчим, шударга ёс нэхээд ч нэмэргүй бололтой. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг маань эвдрэлцэл талцалын эцэг мэт харагдаж байгааг нуугаад яах вэ, Ерөнхийлөгч өө!
Э.БУРАМ
Холбоотой мэдээ