"Сарын 800 мянган төгрөгийн төлбөр авдаг СӨХ бий"

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

"Сарын 800 мянган төгрөгийн төлбөр авдаг СӨХ бий"

"Сарын 800 мянган төгрөгийн төлбөр авдаг СӨХ бий"

Орон сууцанд амьдардаг айлууд СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбоог сайн мэднэ. Гэхдээ яг ямар үйл ажиллагаа явуулдаг, юуг хариуцаж ажилладаг, авсан мөнгөө юунд зарцуулдаг талаар иргэдэд тодорхой мэдээлэл байдаггүй. Тэр бүү хэл СӨХ-ын дарга, бүтэц, зохион байгуулалт, үүрэг чиглэлийг ч мэддэггүй нь олон. Өөрийн оршин суугаа гэрт сантехникийн ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд СӨХ хариуцаж засах ёстой. Бид төлбөрийг нь төлөх ёсгүй гэсэн байр сууринаас иргэд ханддаг.

Тэгвэл үүнийг СӨХ хариуцдаггүй. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг л хариуцдаг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хонгилоор явж буй инженерийн шугам сүлжээ, орц, орцонд буй цонх, паар, хаалга, камер, гэрэлтүүлэг, мөн цахилгаан шат, хана, дээвэр зэргийг СӨХ засах үүрэгтэй талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга М.Галбаатар ярьж байна.

-ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СӨХ-Д ХАРИУЦУУЛНА-

СӨХ бол иргэдийн нэгдлээс байгуулагдсан олон нийтийн байгууллага. Хуулийн этгээдийн эрхгүй. Нэг ёсондоо иргэд нь өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулагдсан байдаг. Өөрийн гэсэн бие даасан хуультай. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1200 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 680-аад нь Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл /СӨДЗ/-д харьяалагддаг аж. Уг зөвлөл харьяандаа байгаа СӨХ-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, жил бүр түвшин тогтоох үзлэгийн хяналт тавьж ажилладаг. Ингэхэд багагүй зөрчлүүд гардаг байна.

Ялангуяа сүүлийн үеийн шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хороооллыг барьсан барилгын компаниуд өөрсдөө дур мэдэн СӨХ байгуулж, төлбөр нэхдэг явдал хэрээс хэтэрсэн тухай ихээр ярих болсон. Үүнийг цэгцлэх үүднээс оны өмнөхөн хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй СӨХ-ыг иргэдийн мэдэлд өгөх захирамж гарчээ.

Мөн өмчийн маргаантай байдаг хүүхдийн тоглоомын талбайг СӨХ-д хүлээлгэн өгч, жилдээ нэг удаа урсгал засвар хийх мөнгийг төсөвлөх байдлаар зохицуулалт хийсэн байна.

Энэ мэт оршин суугчдын эргэлзээ, гайхлыг төрүүлдэг зарим асуултад Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга М.Галбаатараас хариулт авлаа.

-ӨРӨӨНИЙ М.КВ-ТААС ХАМААРЧ СӨХ-НЫ ТӨЛБӨР ТӨЛДӨГ-

-СӨХ-ны төлбөр харилцан адилгүй байна хэмээн иргэд ярьдаг. Дундын өмчлөлийн м.кв-таа бодож төлбөр авах ёстой байтал хувийн өмчийн өрөөний хэмжээнээс хамаарч төлбөр тогтоож байна гэдэг?

-Одоогийн байдлаар СӨХ-ын төлбөр 10-400 мянган төгрөгийн хооронд байна. Яагаад харилцан адилгүй байна вэ гэхээр авч буй үйлчилгээнээс хамаарч байгаа юм. Бидний яриад буй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд СӨХ-ын мөнгө, орон сууцны хэрэглээний төлбөр хоёроо нэг дор авдаг. Үүнээс болоод СӨХ-ын төлбөр их гарч байгаа мэт харагдаад байна. Үүнээс гадна тухайн байрны оршин суугчдын тооноос хамаарч байгаа юм. 30 болон 300 өрхтэй байр харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, засвар хийлээ гэхэд гарах төлбөрийг 30 хуваах, 300-д хуваах хоёр өөр шүү дээ.

Таны хэлдэгээр өрөөний м.кв-таар тооцож СӨХ-ны төлбөр авч буйг иргэд ихээр шүүмжилдэг. Үүн дээр тайлбар хэлэхэд нэг болон дөрвөн өрөөтэй айлын хооронд дундын өмчлөлийн эд материалыг ашиглахад ялгаа гарна.

Тухайлбал дөрвөн өрөөтэй айл өрөөнийхөө хэмжээгээр дундын өмчлөлийн дээвэр, хана ашиглахаас гадна тог, цахилгаан, мөн дундын өмчлөлийн инженерийн шугам, сүлжээ ашиглан авч байна. Нэг өрөөтэй оршин суугчаас илүү хэмжээний засварын мөнгө төлөх ёстой. Тиймээс метр квадратаар тооцож байгаа юм.

-САРЫН 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР АВДАГ СӨХ БИЙ-

-Иргэд СӨХ-ны төлбөр өндөр байна гэж ярьдаг. Танайд энэ талаар гомдол хэр ирдэг вэ?

-Жишээлбэл уулын замаар явахад нэг хаус хороолол бий. СӨХ-ны сарын хураамж нь 800 мянган төгрөг. Энд орон сууцны контор байхгүй, төвийн дулаанд холбогдоогүй, гүний худгаас усаа татаж аваад бойлуураар халаагаад айлууддаа түгээдэг. Тэгээд бохироо өөрсдөө татан зайлуулдаг. Ийм байдлаар бүх юмаа өөрсдөө хийж байна. Энэ бүхний зардал нь 800 мянган төгрөгтөө шингэчихсэн байгаа. Яалт ч үгүй л ийм төлбөр авч байж үйл ажиллагаа явуулж байна.

-Ийм өндөр байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү, оршин суугчдын амьдрах нөхцөл байдал хангагдаагүй байна шүү дээ?

-Хууль зөрчихгүй л дээ. Угаасаа бүтэц нь ийм байгаа юм. Иргэд нь өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, хүсээд үйл ажиллагаагаа явуулж байгаа байхгүй юу. Эдгээр хаус нь 1-3 тэрбум төгрөгийн үнэтэй. Ийм хаусандаа бараг сая төгрөгийн СӨХ-ны мөнгө төлмөөргүй байна гээд иргэд гомдол гаргадаг. Гэтэл тухайн иргэн уг байранд орохдоо дулаан, дэд бүтцэд холбогдсон уу үгүй юу гэдгийг судлах ёстой. Судлахгүйгээр авчихаад эргээд хохирч байна. Ийм орчин нөхцөл бүрдээгүй учраас л СӨХ-ны төлбөр өндөр байгаа юм.

Бодит байдал дээр оршин суугчид 10-50 мянган төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс дээш төлбөртэй СӨХ-ны ихэнх нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа.

Дээр үед баригдсан барилгууд ихэвчлэн 20-30 мянган төгрөгийн төлбөр авч байгаа бол сүүлийн үеийн барилгууд дээр дандаа ийм зөрчлүүд явж байна. Манай харьяаллын СӨХ-ууд сарын төлбөр нь хүрэхээсээ хүрэхгүй нь их. 40 хүртэлх мянган төгрөг авч байгаа нь ихэвчлэн орлогоороо зарлагаа нөхсөн байдалтай л явж байгаа. Ер нь манай дээр төлбөртэй холбоотой гомдлууд их ирдэг. Хууль бусаар  мөнгө нэмчихсэн байна гэдэг асуудал тавьдаг. Манай хуулин дээр нэг хатуу заалт бий. Тухайн дундын өмлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ буюу СӨХ-ны мөнгийг оршин суугчид бүх гишүүдийн хурлаар шийднэ гэсэн байдаг. Бүх гишүүдийн хурлаа хийх гэхээр иргэд нь өөрсдөө оролцдоггүй. Оролцоогүй байж гарсан шийдвэрийг нь дараа нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Тухайн шийдвэрийг хуралд оролцсон хүмүүсийн 50-иас дээш хувь нь хүлээн зөвшөөрсөн бол дагаж мөрдөнө гэсэн хуулийн заалт байгаа.

-ОРШИН СУУГЧИД ӨӨРСДӨӨ ОРОЛЦОО МУУ-

Оршин суугчид өөрсдөө СӨХ-ны үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй, өөрсдийнхөө төлөө явдаггүй, идэвхгүй. Дээр нь хуулийн мэдлэг муу байдгаас үүдээд СӨХ-той холбоотой гомдол ирүүлэх нь их аж. Ядаж л СӨХ-ны даргаа мэддэггүй, би сонгоогүй гэсэн хариулт хэлээд сууж байдаг гэх. Гэтэл хуулин дээрээ удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн төлөөллийг оршин суугчид сонгоно. Харин удирдах зөвлөл дангаараа хуралдаад СӨХ-ны даргыг сонгон шалгаруулах хуулийн заалт байдаг юм байна. СӨХ-ны бүтцэд байх ёстой орон тоо бол Гүйцэтгэх захирал, орон тооны бус удирдах, хяналтын зөвлөл, лифт засварчин, нягтлан, байцаагч, жижүүр буюу үйлчлэгч юм. Байрны байцаагч бол зайлшгүй байх ёстой аж. Хүнээр бол эмч гэсэн үг. Байцаагч байрны дундын өмчлөлд гарсан эвдрэл, гэмтэл шалгаж, ашиглалтын түвшинг тодорхойлдог юм байна.

Зарим оршин суугчид СӨХ-г орон сууцны конторт хариуцуулаад өгчихвөл ямар нэгэн маргаан гарахгүй гэж үздэг. Энэ тал дээр Сууц өмчлөгдчийн дээд зөвлөлийн зүгээс хариулахдаа

Орон сууцны контор бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Төрийн байгууллага хувийн хэвшил рүү орж ажиллана гэдэг бол тухайн үйл ажиллагаа доголдоно гэсэн үг.

Учир нь тэд оршин суугчдад хүрч ажиллах нь хомс байдаг. Тухайлбал, одоо нэгдүгээр хорооллын хэмжээнд нэг л орон сууцны контор байна. Орон сууцны конторт СӨХ-ны үйл ажиллагааг шийлжүүлвэл төр ачааллаа дийлэхгүй. Иргэдэд маш их дарамт ирнэ. Контор үнэ тарифаа хүссэнээрээ нэмэх боломжтой. Энэ жил гэхэд цахилгааны үнэ таван удаа нэмэгдлээ. Үүнийг дагаад сарын төлбөрөө нэмэхийг үгүйсгэхгүй” гэсэн юм.

-СӨХ-ЫН ТӨЛБӨР ХЭЛБЭЛЗЭЖ БАЙХ ЁСТОЙ-

Хэрэв оршин суугчид СӨХ-ны мөнгө их байна, зарцуулалт тодорхой бус гэж үзэж байгаа бол энэ тухай Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Сангийн яам руу хандаж, шалгуулах хүсэлтээ өгч болох аж.

Уг хүсэлтийн дагуу Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл холбогдох арга хэмжээ авч, иргэдэд туслах үйлчилгээ үзүүлэх юм байна. Уг нь СӨХ-ны төлбөр их, бага байхыг оршин суугчид өөрсдөө шийдэх ёстой. Хамгийн гол нь өөрсдөө идэвхтэй байж, хяналтаа сайжруулах хэрэгтэйг хэлж байна. Ер нь тухайн жилд хийх ажлаас шалтгаалаад СӨХ-ны мөнгө хэлбэлзэж байх нь хамгийн эрүүл тогтолцоо юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж